Калифорни муж, Сан Диего хот. Дээрхийн гэгээн Далай лам 4 дүгээр сарын 17-ны өглөө Хонолулугаас хөдөлж, мөн өдрийн орой Сан Диего хотноо хүрэлцэн ирлээ. Түүнийг Сан Диего хотын дарга Жерри Сандерс болон түүний оролцох хөтөлбөрүүдийг зохион байгуулж буй Калифорнийн Их сургуулийн Сан Диего дахь салбар (UC San Diego), Сан Диегогийн Их сургууль, Сан Диего мужийн Их сургуулийн албаны төлөөллүүд угтан авсан юм. Зочид буудалд нь Сан Диегод оршин суух Төвөдийн жижиг төлөөллүүд болон бусад хүмүүс түүнийг халуун дотноор угтлаа.

Дээрхийн гэгээн 4 дүгээр сарын 18-наас Сан Диего дахь албан ёсны хөтөлбөрүүдээ эхлүүлнэ. Өнөө өглөө "Уур амьсгалын өөрчлөлт: Бүх нийтийн хариуцлага, энэрэн нигүүлсэхүй болон хүмүүний ухамсраар дамжуулан тэнцвэрт байдлыг хангах нь" сэдэвт хэлэлцүүлэгт оролцох юм. Харин үдээс хойш "Энх тайван, шударга ёсыг цогцлоох нь" сэдвээр олон нийтэд зориулан илтгэл тавина.
Энэхүү айлчлалыг угтан дээрх гурван их сургуулийн удирдлагууд Дээрхийн гэгээний оролцох арга хэмжээнээс юу хүлээж буй талаарх сэтгэгдлээ хуваалцаж, мэдэгдэл гаргасан байна.
Калифорнийн Их сургуулийн Сан Диего хотын салбар сургуулийн (UC San Diego) захирал, доктор Мэри Энн Фокс "Хүн төрөлхтөн байгаль орчин, эдийн засгийн асар том сорилтуудтай нүүр тулж буй энэ цаг үед Далай ламын энэрэн нигүүлсэхүйн тухай сургаал, хүнлэг энэрэнгүй үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх үйлс онцгой чухал ач холбогдолтой юм" хэмээн хэллээ.

Сан Диего хотын Их Сургуулийн ерөнхийлөгч, доктор Мэри Э.Лайонс "Дээрхийн гэгээн бидэнтэй нэгдэж, өөрийн гүн гүнзгий мэргэн ухаан, энэрэн нигүүлсэх сэтгэлээсээ хуваалцахаар хүрэлцэн ирсэнд бид гүнээ талархаж, басхүү ихэд бахархаж байна" гэж онцлов.
Сан Диего хотын Их сургуулийн ерөнхийлөгч, доктор Эллиот Хиршман "Дээрхийн гэгээнд энэрэн нигүүлсэхүй, эв найрамдлын тухай сургаалаа хуваалцах индэр гаргаж өгч байгаадаа бид маш баяртай байна. Эдгээр хэлэлцүүлэг нь Сан Диегогийн нийгэмд төдийгүй, цаашлаад дэлхий нийтийн илүү өргөн цар хүрээнд эерэг, сайн нөлөө үзүүлнэ гэж бид хүлээж байна" хэмээжээ.










