Энэтхэг улс, Ладак муж, Лех хот, Шевацел өргөө. Өнөөдөр аргын тооллоор Дээрхийн гэгээн Далай багшийн мэлмий гийсний 91 насны ой тохиож буй юм. Энэхүү баярт өдрийг Ладакийн Лех хот дахь Шевацел өргөөнд өргөн дэлгэр, ёслол төгөлдөр тэмдэглэв. Дээрхийн гэгээнийг жижиг тэргээр морилон ирэх үед чин сүсэгт зон олон хадгаа дэлгэн замын хоёр хажуугаар эгнэн жагсан угтлаа. Далай багш тэдний зүг халуун дотноор инээмсэглэн мэндчилж, хүндэтгэлээ илэрхийлсээр өнгөрөв. Түүнийг тусгайлан зассан сэнтийд дөхөн ирэхэд нь цаст уулын цагаан арслан болон сарлагийн дүр, үндэсний хувцсаар гоёсон бүсгүйчүүд угтан бүжиж, Түгсэ ринбүүчий хадаг өргөн мэндчилж, ладак хөгжимчид хэнгэргээ дэлдэн дуу өргөв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 91 насныхаа баярт оролцохоор морилж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Замиланноров.
Дээрхийн гэгээн нүүр дүүрэн мишээсээр тэнд цугласан 25 мянга гаруй хүнд мэндчилгээ дэвшүүлэв. Дараа нь тэрбээр энэ баярт өдрийн өлзий хутгийг болгоон, зул өргөлөө. Үүний дараа Ладакийн буддын шашинтны холбооны тэргүүн Цэрэндорж, Лакруук, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн, Тигсэй ринбүүчи тэргүүт нар Дээрхийн гэгээнд Бурхан багшийн лагшин, зарлиг, тааллыг бэлгэдсэн шүтээнийг өргөн барив. Мөн Дээрхийн гэгээнд балин хэлбэртэй баярын бялуу өргөсөнд багахныг авч хүртлээ.

Зураг. Дээрхийн гэгээн өөрт нь зориулсан балин тахил хэлбэрт баярын бялуунаас хүртэж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
Ладакийн Буддын шашинтны холбооны тэргүүн Цэрэндорж, “Хамгийг энэрэх сэтгэлийн угаас хэн бүхний эндүү үзлийг үндсээр нь арилгах сургаалаа айлдсан Бурхан багшид мөргөн залбиръя. Мөн алдрыг нь өгүүлбээс Жавзанжамбалнаваанлувсанишданзанжамц хэмээх Дээрхийн гэгээн хийгээд хуврагийн чуулган, эрхэм хүндэт зочид, Энэтхэгийн Нийгмийн эрх тэгш байдлын асуудал эрхэлсэн сайд, Төвөдийн хилийн чанад дахь Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ишванмо, Төвөдийн хилийн чанад дахь нэгдсэн чуулганы дарга Дуламцэрэн, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн та бүхнийг гүнээ хүндэтгэн буйгаа илэрхийлье.
Энэ өдөр бид Дээрхийн гэгээн Далай багшийнхаа түмэн өлзий гийсний 91 насны баярыг тэмдэглэхээр зон олноороо хуран цуглаад байна. Эл өлзийтэй сайхан өдрийг тохиолдуулан Ладакийн буддын шашинтнуудын холбоо болон Ладак нутагт аж төрж буй төвөд ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс Дээрхийн гэгээн Далай багш тандаа чин сэтгэлийн угаас баяр хүргэе. Яг энэ цаг мөчид Дээрхийн гэгээн таныг энд морилон саатаж байгааг нэн их зол завшаан хэмээн бид ихэд бэлгэшээн талархаж байна. Дээрхийн гэгээн таны өлмий бат оршиж, эсэн энх байж, санасан хүсэл зорилго бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийг чин сэтгэлээсээ хүсэн залбиръя” хэмээлээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний баярт зориулан Ладакийн буддын шашинтны холбооны тэргүүн Цэрэндорж үг хэлж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Замиланноров.
Нью-Йорк хотын "Төвөд хаус" (Tibet House) байгууллагаас “Амар амгалангийн элч: XIV Далай ламын амьдрал ба өв” хэмээх намтарчилсан хүүхэлдэйн киног бүтээжээ. Төвөд музейн захирал Данзантүвдэнгийн хүсэмжлэн айлтгасан ёсоор Дээрхийн гэгээн iPad дээр уг киног тоглуулах товчийг товшин, эл бүтээлийг албан ёсоор нээв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Төвөд музейн захирал Данзантүвдэн iPad дээрх “Амар амгалангийн элч” хүүхэлдэйн киног тоглуулах товчийг дарахыг хүсэмжлэн айлтгасанд Дээрхийн гэгээн ёсоор болгож, уг хүүхэлдэйн киног албан ёсоор нээлээ. 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн тус захиргааны илгээлтийг уншиж сонордуулав. “Төвөдийн Төв Захиргаа Дээрхийн гэгээн XIV Далай ламын түмэн өлзий гийсний 91 насны энэ баярт өдрийг тохиолдуулан Төвөд болоод хилийн чанадад оршин суугаа үндэс язгуур нэгт ахан дүүсийнхээ нэрийн өмнөөс танд баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Эл эрхэм баярыг чин бишрэл, баяр хөөр дүүрэн хамтдаа тэмдэглэж буй хүндэт зочид, хуврагийн чуулган болон дэлхийн өнцөг булан бүрд суугаа нийт зон олондоо халуун мэндчилгээ дэвүүлье.
Өнгөрсөн жилийг Төвөдийн Төв Захиргаанаас албан ёсоор дэлхий дахинд "Энэрэл нигүүлслийн жил" болгон зарласан билээ. Энэ нь Дээрхийн гэгээний цаглашгүй энэрэнгүй сэтгэл, хамаг амьтны тусыг бүтээсэн арвин их үйл хэргийг талархан тэмдэглэхийн сацуу түүний өөртөө хүлээсэн 4 үндсэн үүргийг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой байв. Энэ дөрвөн үүргийг дурдвал, нэгдүгээрт, хүмүүнлэг суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх; хоёрдугаарт, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх; гуравдугаарт, Цастын Төвөд орны байгаль орчныг хамгаалах болон Төвөдийн өвөрмөц хэл, соёлыг өвлүүлэн үлдээхэд хувь нэмэр оруулах; дөрөвдүгээрт, Энэтхэгийн эртний гүн ухааныг сэргээн таниулах тэргүүт болно.
Эдгээр үүрэг, үйл хэрэг нь хамаг амьтан болоод дэлхий нийтийн энх тайван, эв нэгдэл, сайн сайхны төлөөх алсын харааг илэрхийлдэг. Төвөдийн Төв Захиргаанаас энэ талаар илүү өргөн хүрээнд таниулахын тулд олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн билээ. Үүнээс гадна залбирал ерөөл бүхий дарцаг хийсгэх, нядалгааны газраас амьтан аварч чөлөөлөх, “Ганжуур” судар болон тарни унших тэргүүт шашин ном, хүмүүнлэгийн хийгээд нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг өрнүүлсэн билээ. Түүнчлэн ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүнс, хувцас, орон байраар туслах зэргээр олон нийтийн төлөөх энэрэнгүй үйлсийг өргөн хүрээнд хийж хэрэгжүүллээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн бээр тус захиргааны илгээлтийг сонордуулж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
Хималайн бүс нутаг даяар иргэд олон нийт, байгууллагууд "Энэрэл нигүүлслийн жил"-ийг тохиолдуулан мод тарих, байгаль орчныг цэвэрлэх аян, бусад хөтөлбөрийг өрнүүлсэн билээ. Мөн дэлхийн зарим хотод, тэр дундаа АНУ-ын хотууд Дээрхийн гэгээний мэндэлсэн өдрийг албан ёсоор "Энэрэх сэтгэлийн өдөр" болгон зарласныг дуулахад нэн таатай байна. Энэ бол энэрэнгүй сэтгэл, хүч үл хэрэглэх үзэл санаа, шашин хоорондын эв нэгдэл, хүмүүнлэг ёсны талаарх сургаал хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэй болохыг хүч үл хэрэглэн хүчтэй илэрхийлсэн явдал байв”.
Үүний дараа Ладакийн буддын шашинтны холбооноос Ладак нутгийн сургуулиудыг хөгжүүлж, шинэчлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Холбооны нутаг дэвсгэрийн Боловсролын нарийн бичгийн дарга хатагтай Бану Прабад шагнал гардууллаа. Дээрхийн гэгээн түүнд жаазтай өргөмжлөл гардуулан өгч, Бурхан багшийн шүтээн дүр бэлэглэлээ.
Дорж Сатагмо тэргүүтэй уран бүтээлчид Дээрхийн гэгээний мэлмий гийсэн баярт зориулсан дуу хуур өргөн барив. Уг дууны үгийг сийрүүлбэл:
“Цагаан бадам цэцэг барьсан дээд шүтээн минь
Хамаг амьтныг энэрэн ачлагч их дээдэс минь
Алтан наран мэт гэрэлт язгуурын багш минь
Амгалан энхийг хайрлагч таны өмнө сөгдөн мөргөе
Эрдэм ухаан, энэрэнгүй сэтгэл тань
Энгүй огторгуй мэт уудам, далай мэт гүн билээ” хэмээжээ.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Дорж Сатагмо тэргүүтэй уран бүтээлчид ая дуу өргөж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
Ингээд Дээрхийн гэгээнийг цугласан олонд хандан үгээ айлдахыг хүндэтгэн урив.
“Ладак нутагт цугласан та бүхэн гуйвшгүй итгэл, сүсэг төгөлдөр, номын гүн бат барилдлагатай ард түмэн билээ. Өнөөдөр энд дэлхийн өнцөг булан бүрээс олон хүн хүрэлцэн иржээ. Та бүхэн намайг урт удаан наслахыг хүсэн залбирч байгаагийн адил би ч бас дараах залбирлыг өргөе.
Бурхан багшийн сургаал хараахан дэлгэрээгүй газар орон хийгээд
Дэлгэрсэн боловч доройтон буурсан газар орон тэр бүгдэд
Их нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс би бээр
Илт хамаг амьтныг амгалан жаргаланг хайрлагч
Эрдэнэ мэт номыг дэлгэрүүлэх болтугай.
Дэлхий дээр шашин шүтлэггүй хүмүүс ч буй. Намайг 1954-1955 онд Хятад улсад айлчлах үеэр Мао Зэдун надад шашныг хар тамхитай адил гэж хэлсэн юм. Гэтэл номын ёсыг хэрэгжүүлнэ гэдэг нь ердөө л бурхан тахилд мөргөх, залбирал унших төдий зүйл биш юм. Угтаа бол сэтгэл оюунаа хөгжүүлэн сайжруулах, буянт үйлд анхаарахын нэр билээ. Ном ёсоор явахын утга учир нь амар амгалан байхыг эрхэмлэж, сэтгэл оюунаа боловсруулахад оршдог.
Миний хувьд өглөө сэрмэгцээ Богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” зохиолын төгсгөлд байдаг залбирлыг (дээр дурдсан) уншдаг”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг орчуулагч ладак хэлнээ орчуулж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
“Төвөдийн У-Цан, Хам, Амдо гэсэн 3 нутгийнхан бүгд буддын номыг сүсэглэн дагадаг билээ. Бурхан багшийн энэхүү сургаал манай соёл, уламжлалын нэг хэсэг болсны ачаар бид сэтгэлээ боловсруулан амар амгалан байлгаж сурсан юм.
Буддын сургаал хятадуудад асар их нөлөөлж байгааг гаднын орнуудад айлчилж байхдаа олж харлаа. Эх орноосоо дайжин Энэтхэгийн өөр өөр бүс нутагт суурьшсан бидэнд хөрш энэтхэг ахан дүүс болон бусад газрын хүмүүс хүндэтгэлтэй ханддаг, биднийг үнэлдэг билээ. Иймд та бүхэн надтай хамт дараах залбирлыг уншаарай.
Бурхан багшийн сургаал хараахан дэлгэрээгүй газар орон хийгээд
Дэлгэрсэн боловч доройтон буурсан газар орон тэр бүгдэд
Их нигүүлсэнгүй сэтгэлийн үүднээс би бээр
Илт хамаг амьтныг амгалан жаргаланг хайрлагч
Эрдэнэ мэт номыг дэлгэрүүлэх болтугай.
Хүн бүхэн л дэлхий дахинд энх тайван тогтоосой хэмээн залбирдаг. Би ч мөн өглөө сэрмэгцээ л шашин ном, хамаг амьтны тусын тулд залбирдаг юм. Өдөр бүр дээрх ёсоор залбирахад энэ хүсэл минь биеллээ олж байх шиг санагддаг шүү. Хятад улсад буддын шашин сэргэж, өргөнөөр дэлгэрч байна. Дэлхийн бусад олон оронд ч хүмүүс хайр энэрлийн талаарх сургаалыг сонирхох болжээ. Бусдын төлөө гэсэн чин сэтгэл, нигүүлсэнгүй зөөлөн сэтгэлтэй байхыг ямар ч улс орны хүмүүс талархан үнэлдэг.
Өглөө сэрмэгцээ л би бодь сэтгэл буюу бусдын тусын тулд гэгээрлийн хутагт хүрэх сэдлийг үүсгэн хоосон чанарын гүн ухааныг бясалгадаг юм. Хаана ч очсон бай би халуун дулаан, энэрэнгүй сэтгэлээ хадгалж, бусдад ч ийм байхыг, энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэхийг уриалдаг билээ. Бусдын төлөө гэсэн халуун дулаан сэтгэлийг түгээхийг үргэлж хичээдэг.
Илт хамаг амьтныг амгалан жаргаланг хайрлагч
Эрдэнэ мэт номыг дэлгэрүүлэх болтугай”.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр цугласан олон айлдвар сонсож буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
Ингээд би бээр 91 нас сүүдэртэй золголоо. Амьдралаа эргээд харахад бусдад туслах сэтгэлийг гол болгон бясалгаж дадуулахыг хичээж иржээ, би. Энэ бол өдөр бүр сэрмэгцээ хамгийн түрүүнд боддог зүйл минь билээ. Хаа сайгүй л хүмүүс бусдад тус хүргэх гэсэн нигүүлсэнгүй, халуун дулаан сэтгэлийг дээдэлдэг.
Өдгөө би 91 настай хэдий ч зүүдэнд минь 130 насалж магадгүй гэсэн шинж тэмдэг үзэгддэг юм. Тиймээс Бурхан багшийн сургаалаар дамжуулан хятадын ард түмэнд тусалж мөн дэлхий дахины хүмүүст зөв сайхан амьдрахад нь тусалж чадна хэмээн найдаж байна. Энэ бол миний чин эрмэлзэл юм аа. Баярлалаа”.
Орчуулагч Дээрхийн гэгээний айлдварыг ладак хэлэнд орчуулав. Үүний дараа Хилийн чанад дахь Төвөдийн парламентын дарга Дуламцэрэн парламентын мэдэгдлийг уншиж сонордууллаа.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Хилийн чанад дахь Төвөдийн парламентын дарга Дуламцэрэн парламентын мэдэгдлийг сонордуулж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
“Төвөд болон хилийн чанадад амьдарч буй нийт төвөд ахан дүүсийнхээ өмнөөс Хилийн чанад дахь Төвөдийн Парламент нь асрал энэрлийн бодит биелэл, дэлхий дахины ачит хамгаалагч, хамаг амьтны сайн санаат нөхөр болсон Дээрхийн гэгээн XIV Далай ламд гүн талархаж, чин сүсгээр баярын мэнд дэвшүүлж байна. Төвөд түмний хувьд Дээрхийн гэгээн танаас өөр авралын орон, сахин хамгаалагч гэж үгүй билээ. Та бол бидний итгэл найдвар, хамгаалагч, ивээгч юм. Таны ач тусын хариуд энэхүү залбирлыг өргөн барьж байна.
Ялгуусан бурхдын орноос гагц та л Бурхан багшийн сургаалыг мөрлөн үүрч, ялгаварлалгүйгээр дэлгэрүүлэн барьж, өвлөн үлдээх эрхэм үүргийг хүлээсэн билээ. Манзушир бурхны хувилгаан Дээрхийн гэгээн танаа залбиръя. Ийн чин үнэн талархах сэтгэлээр бид Төвөдийн үйл хэргийн төлөө нэгдэх учиртай.
Аюул зовлон нөмрөн харанхуйлсан Цастын оронд
Ачит гэгээн таны их энэрэл ивгээл
Өнө мөнхөд үл сарниж
Өлмийн лянхуа тань сансрын эцэс хүртэл бат орших болтугай”.
Төвөд сургуулийн сурагчид Дээрхийн гэгээний мэлмий гийсэн баярт зориулан дуу, бүжиг толиуулав. Лех, Каргил хотын исламын шашинтнуудыг төлөөлөн Ашраф Али Барч хүндэтгэл илэрхийллээ. Найруулагч Мипхам Отсалын удирддаг Ладакийн театрын хамт олноос харгис хэрцгий Ангулималагийн тухай жүжиг толилууллаа. Энэ жүжигт тэрээр хүний хуруу тасалж, хүзүүндээ зүүдэг балмад нэгэн байгаад, сүүлд ийм муу үйлд автвал сайн сайханд хүрч чадахгүй гэдгийг, энэрэнгүй сэтгэл нь сул доройн шинж бус, харин ч хүч чадлын шинж болохыг ухаарч буйгаар гарна.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр төвөд сургуулийн сурагчид бүжиж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Зургийг Данзанчойжил.
Дээрхийн гэгээн ладак түмний дуу бүжиг, Сонам Лин төвөд суурингийн иргэдийн тоглолтыг таалан соёрхож, илтэд хөгжин баясаж байлаа. Мөн Инд мөрний тэртээх нутгаас ирсэн Чушот тосгоны төлөөлөгчдийн өлзий бэлгэт ерөөлийг сонсож баяртай буйгаа илэрхийлэв.
Ладакийн Хийдийн холбооны дэд ерөнхийлөгч гэвш Лувсан-Иш бээр Дээрхийн гэгээний нас, лагшин батдан, урт удаан наслахыг залбиран ерөөв. Тэрээр хутагт хувилгаад, хуврагийн чуулган, Төвөдийн Төв Захиргааны тэргүүн, Энэтхэгийн Засгийн газрын албаны төлөөлөгчдөд хүндэтгэлээ илэрхийлэв. Мөн өнөөдөр мэндэлсэн өдөр нь тохиож буй Дээрхийн гэгээнд хандан, “Таны айлдварыг сонсохын төдийд бидний сэтгэл баяраар бялхдаг. Бурхан багшийн бошиглосончлон та бээр Жанрайсиг бурхны хувилгаан билээ. Цастын орон бол таны орших орон билээ. Дээрхийн гэгээн танаас бидний дунд дахин дахин залран морилж хайрлахыг хичээнгүйлэн хүсье” гэв.

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 91 насны ойн баярын үеэр Ладакийн Буддын хийдүүдийн холбооны дэд ерөнхийлөгч гэвш Лувсан-Иш баяр ёслолыг өндөрлөн үг хэлж буй нь... 2026 оны 7 дугаар сарын 6. Энэтхэг, Ладак, Лех. Гэрэл зургийг Данзанчойжил.
Тэрээр илтгэл тавьсан, урлагийн үзүүлбэр толилуулсан бүх хүнд талархал илэрхийлэв. Мөн энэхүү баяр ёслолыг амжилттай сайхан тэмдэглэн өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархан, дараах залбирлаар үгээ өндөрлөлөө.
Зохист аялгуун эрдэм хийгээд ялгуусан цог төгөлдөр
Захгүй чанадын ухааны бумбыг билгүүн рашаанаар дүүргэгч
Их далай лугаа номт мэргэдийн оройн чимэг
Их лянхуа баригч эзэн танаа мөргөе.
Ингээд Дээрхийн гэгээн бээр амгалан мишээсээр өргөөндөө морилов. Энэ үед хуран цугласан олон “Happy Birthday to you...” дууны үгийг төвөдөөр орлуулан, хөгжилдөн дуулж байлаа.










