Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. Энэ өглөө Намжил дацангийн Зүлэгхан дуганы талбайг Дээрхийн гэгээн Далай ламд насан хутаг урт удаан байхын бэлгэдэл бат оршил өргөх ёслолд зориулан цэцгээр чимэглэсэн байв. Энэхүү ёслолд 4000 гаруй сүсэгтэн олон цуглажээ.

Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газар, Зачука бүс нутгийн иргэдийн холбоо, Жиронг нутгийн иргэдийн холбооны төлөөллүүд Дээрхийн гэгээнийг ёслол төгөлдөр угтан авлаа. Бүрээ бишгүүрийн дуун дор, арц хүжийн анхилам үнэрт лам нар болоод дуучид бүжигчид Дээрхийн гэгээнийг сүмд залжээ.
Цагаан дар эхийн "Ерөөлийг ханган биелүүлэгч хүрд" номын айлдварыг Лин ринбүүчи удирдан явууллаа. Түүний баруун талд Намжил дацангийн хамба, зүүн талд Трулшиг ринбүүчи болоод Намжил дацангийн ловон Дорж нар суусан байв.
Залбирлын үеэр "Сүр жавхлант багшийн маань насыг зуун галавт уртасгаж, мөнх бусын оюун судлахуйн үйлийг хайрлана уу" хэмээх ерөөлийг уншиж байв.
Лин ринбүүчи Дээрхийн гэгээн Далай ламд Цэвэгмэд бурхны насны авшиг өргөн барихад тэрбээр хүлээн авч, зүг бүрнээ тайвнаар өргөв. Түүнчлэн Лин ринбүүчи мандал болоод Арьяабал бурхны сэрэг дүр баримал, судар, суварга буюу бурхны лагшин, таалал, зарлигийн бэлгэдэл, найман тахил, найман бодисыг өргөлөө.

Дээрхийн гэгээний хоёр багшийн зохиосон Насан хутаг уртатгахын залбирлыг унших үеэр өнөөдрийн ёслолыг зохион байгуулагчид номын сэнтийд ойртон Дээрхийн гэгээнээс адис жанлав хүртэж байлаа.
Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газраас ард Дээрхийн гэгээнд "Дэлхийн аврал" хэмээх дурсгалыг өргөн барив. Уг бэлгэдлийн дугуй хэлбэр нь Дээрхийн гэгээний энэрэл нигүүлсэл, хайр, үнэнч шударга байдлын үйлсийг, төвд нь байрлах Потала ордон нь төвөд үндэстний агуу түүх болоод Дээрхийн гэгээний авралын орон болохыг мөн дэлхийн газрын зураг нь түүний бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөөх хариуцлага, тайван замын тэмцлийг илэрхийлж буй ажээ.

Мөн Докам Зачукагийн иргэдийн холбооноос Дээрхийн гэгээн Далай ламд тусгай дурсгалын зүйл өргөн барьж, төвөдийн ард түмэн эргэн нэгдэж, Лхас хотод дахин уулзана хэмээн итгэж буйгаа илэрхийлсэн байв.

Дээрхийн гэгээн Далай лам насан хутаг урт удаан байхын хүсэлтийг хүлээн авсанд талархаж, талархлын мандал өргөснөөр ёслол "Үнэн үгийн залбирал"-аар өндөрлөлөө.
Дээрхийн гэгээн Далай лам дуганаас гарч явах замдаа өөрт нь бараалхахаар гүйж ирсэн жаахан хүүг адислан, инээмсэглэсээр өргөө рүүгээ буцжээ.










