Женев хот. 2007 оны 5 дугаа сарын 10. Бельги улсын Засгийн газраас энэ амралтын өдрүүдэд Далай ламыг улсад нь айлчлахгүй байхыг хүссэн тухай мэдээ төвөдүүдийг болоод тэдний дэмжигчдийг цочирдуулсан ч Европ тивийн хамгийн өндөр борлуулалттай өдөр тутмын “Bild-Zeitung” сонин энэ Бямба гарагт Дээрхийн гэгээнд Энх тайвны шагналыг өргөн барихаа цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Герман улсын Лейпциг хотод болох “Bild Osgar 2007” шагнал гардуулах ёслолоор төвөдийн ард түмний төлөө тууштай, хүчирхийллийн бус аргаар тэмцэл өрнүүлж ирсэн Далай ламын үйл хэргийг үнэлэн хүндэтгэх юм.
“Bild-Zeitung” сонин Далай ламд Энх тайвны шагнал өргөн барих болсон тухайгаа тайлбарлахдаа, терроризм, хүчирхийлэл давамгайлсан энэ цаг үед Далай ламын хүчирхийллийн бус байдал, эвлэрэл, яриа хэлэлцээг уриалсан үзэл санаа нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Тус сонины цахим хуудсанд Далай ламын “Би Bild-Zeitung-ээс энэхүү Энх тайвны шагналыг хүлээн авч буйдаа машид баяртай байна” хэмээсэн үгийг нийтэлжээ.
Тус сонин Төвөдийн эрх чөлөөний тэмцлийн талыг бүрийг хөндсөн хэд хэдэн цуврал нийтлэлийг нийтэлсэн бөгөөд тэдгээрийн дунд тус сонины ерөнхий редактор Кай Кикманн Төвөдийн хилийн чанад дахь Засгийн газар байрладаг Дарамсала хотод зочлох үеэрээ Далай ламтай хийсэн онцгой ярилцлага ч багтжээ.
Тус сонин өмнө нь Михаил Горбачёв, Шимон Перес, Лех Валенса, хамба Десмонд Туту тэргүүт нэр хүндтэй хүмүүсийг шагнаж байсан байна.
5 дугаар сарын 14-нд Германы үндэсний телевизийн ARD нэгдүгээр сувгаар “Bild Osgar 2007” шагнал гардуулах ёслолыг цацах юм.










