Иерусалим. 2006 оны 2 дугаар сарын 22. “Энэрэнгүй сэтгэлийг дахин бүтээх нь” хэмээх түүхэн уулзалтын үеэр Израилийн Ардчиллын Хүрээлэнгээс Далай ламд Израилийн шинэ ардчилсан үндсэн хуулийн төслийг өргөн барилаа. Далай лам уг төслийн оршил хэсгийг бичихэд хувь нэмрээ оруулсан байна. “Зөвшилцлийн үндсэн хууль” хэмээн нэрлэдэг энэхүү ном нь Израилийн улс төрийн хэд хэдэн бүлэглэлээс шүүмжлэлд өртөж байсан бүтээл юм.
Израилийн Ардчиллын Хүрээлэнгийн ерөнхийлөгч профессор Арье Кармон уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ талуудын ялгаатай байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх, зөвшилцөлд хүрэх нь чухал болохыг онцоллоо. Израилийн ардчиллын түүхэнд онцгой үйл явдал болсон уг уулзалтад тус улсын нэр хүндтэй эрдэмтэд, бизнес эрхлэгчид болон бусад олон хүн оролцлоо. Оролцогчдын дунд Дээд шүүхийн хүндэт ерөнхийлөгч Меир Шамгар, сэтгүүлч Тали Липкин Шахак, NPR-ийн Линда Градстайн, Израилийн Банкны дэд ерөнхийлөгч профессор Авиа Спивак нар байсан бөгөөд тэд Далай ламд олон сонирхолтой асуулт тавьж, санал бодлоо солилцсон юм.
Далай лам залуу улсын ард түмний хүч чадал, боловсрол, түүхийг онцлон тэмдэглэв. Тус улс урт удаан түүхтэй хэдий ч тусгаар улс болохын хувьд харьцангуй залуу юм. Гэсэн ч ардчилал нэвтрэхэд бүх асуудал шууд шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байх нь эцэстээ урам хугарахад хүргэж болзошгүйг анхааруулжээ. Зарим асуудлыг урьдчилан таамаглах боломжгүй байдаг тул асуудал бүрийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч, гарч ирэх бүрд нь шийдвэрлэх хэрэгтэй гэсэн санааг дурджээ.
“Энэ хууль тус улсын үндсэн хууль болж батлагдах ёстой гэж найдаж байна” хэмээн Далай лам итгэлтэйгээр айлджээ.
Үүний дараа Израилийн нийгмийн нэр хүндтэй хүмүүс Дээрхийн гэгээнээс хүчирхийлэл, хямд ажиллах хүч, эдийн засаг мөн Хятадын Төвөдийг эзлэн түрэмгийлсэн асуудлаас эхлээд янз бүрийн асуултыг асууж эхлэв.
Хүчирхийллийн талаар Далай лам томоохон нийгэмлэгүүд шударга ёсыг эрхэмлэх хэрэгтэй тул нөхцөл байдал бүрийг тусад нь авч үзэж байж зөв, бурууг дүгнэх ёстой гэж тайлбарлав. Буддын шашинтнууд хүчирхийллийг маш ховор тохиолдолд л хэрэглэдэг бөгөөд энх тайванч арга замыг нэн тэргүүнд тавьдаг болохыг тэрээр тэмдэглэв. Урт хугацааны шийдлийн хувьд тайван арга зам хамгийн зөв бөгөөд хүчирхийлэл нь ихэнхдээ түр зуурын шийдэл төдий тул бид өөрсдийн сэдэл, зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэх ёстойг онцолсон байна. Мөн тоталитар дэглэм хүний мөн чанартай дайн хийдэг учраас эцэстээ бүтэлгүйтдэг бөгөөд бүх дэглэмээс хамгийн их хүчирхийлэлд тулгуурладгийг онцлон тэмдэглэлээ.
Уулзалтын үеэр яриа Хятад Төвөдийг эзлэн түрэмгийлсэн асуудалд шилжихэд Далай лам өөрийн институци цаашид оршин тогтносоор байх боловч Хятад улс Төвөд дэх хяналтаа зогсоосон тохиолдолд улс төрийн эрх мэдлээ Төвөдийн Засгийн газарт шилжүүлнэ гэж мэдэгдэв. Түүний тайлбарласан гол шалтгаан нь шашны байгууллага улс төрийн эрх мэдэлтэй байх ёсгүй гэсэн үзэл санаанд тулгуурлаж байв. Түүний үзэж байгаагаар төвөдийн иргэд өөрсдийн засгийн газрыг сонгуулиар байгуулах ёстой гэж үзэж буйгаа хэлээд, 1963 онд Энэтхэгийн Засгийн газар Үндсэн хуулийн төслийг боловсруулж, засгийн газрын гишүүдийн гуравны хоёрын шийдвэрээр Далай ламын улс төрийн эрх мэдлийг хязгаарласан тухай дурджээ.
Тэрбээр анхаарлаа Хятад улсын Төвөд рүү хийсэн түрэмгийллийн сэдэв рүү хандуулж, Хятадын Засгийн газар төвөдийн буддын шашныг хязгаарласан хэдий ч уг шашин улам бүр дэлгэрч, хятадад хүртэл олон хүн буддын шашныг шүтэх болсон талаар дурджээ. Хятадын Засгийн газар төвөдийн буддын шашин нь Төвөдийг Хятадаас тусгаарлах үзэл санааг дэмждэг гэж үздэг байна.
Сургуульд хятад хэлийг албан ёсны хэл болгон зааж, хятадуудын эзэмшдэг дэлгүүрүүдэд хүртэл хятадаар ярихыг шаардаж байгаа тул ьөвөдийн соёл Хятадын Засгийн газрын бодлогын улмаас алдагдан бүдгэрч буйд ноцтой санаа зовниж буйгаа тэрээр илэрхийлэв. Үүнийг “соёлын геноцид” хэмээн тодорхойлсон байна.
Уулзалт терроризмын асуудал руу чиглэв.
“Терроризмыг үндсээр нь устгаж чадах уу? Би тэгж бодохгүй байна. Бие махбодын хувьд устгах нь шийдэл биш. Терроризмыг үндсээр нь устгах цорын ганц арга бол хүний зүрх сэтгэлээр дамжуулан шийдэх явдал билээ. Нэг террористыг устгах бүрд түүнийг дэмждэг хүмүүс улам бүр хилэгнэж, улмаар ирээдүйд илүү олон террорист бий болох нөхцөл бүрддэг. Тэдний дайсагнал олон жилийн турш хуримтлагдсан бөгөөд өрнөдийн ертөнцөд атаархах сэтгэл дээр үндэслэсэн байдаг нь буруу. Харин үүнийг даван туулах арга нь шаргуу хөдөлмөрлөж, боловсрол эзэмших явдал юм” хэмээн Дээрхийн гэгээн айлдсан юм.
Израиль улс Хамасын засгийн газартай харилцахдаа тодорхой хэмжээний шахалт үзүүлэх шаардлагатай байж магадгүй хэмээн үзэж байв. Гэвч байдал хэрхэн өрнөхийг ажиглах шаардлага гарч болохыг хэлсэн байна. Ард иргэдийн ихэнх нь хүчирхийллийг хүсдэггүй тул хүчирхийллийн бус аргаар асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа харуулан гараа сунгах нь зөв шийдэл байж болохыг онцоллоо.
“Ард иргэд яагаад Хамасыг дэмждэг юм бэ?” хэмээн асуув.
Далай лам энх тайван болоод эдийн засгийн хамтын ажиллагааны уялдаа холбооны талаар “Шинэ нөхцөл байдалд эдийн засгийн хамтын ажиллагааг улам сайжруулах шаардлагатай. Түүхээс үзэхэд Европын Холбооны улс орнуудын бүрэн эрхт байдлыг эрхэмлэж ирсэн боловч дэлхий ертөнц даяарчилж хөгжихийн хэрээр улс орнууд улам бүр нэгдэж, хамтран ажиллах болсон. Үүнд хүрэх нэг арга нь өөр өөр үндэстний хүүхдүүд хамтдаа суралцдаг сургуулиудыг бий болгох явдал юм. Ингэснээр хүүхдүүд тэгш эрхтэй сургууль, нийгэм, орчинд өсөж хүмүүжих боломжтой болно” хэмээн хариулжээ.
Нийгмийн халамжийн хэрэгцээ болоод чөлөөт зах зээлийн нийгмийн талаар асуухад тэрбээр “Би эдийн засагч хүн биш. Гэвч эдийн засаг, улс төр, боловсрол, эрүүл мэнд нь өөр өөр салбар боловч бүгдэд нь хүнлэг чанар хэрэгтэй гэдэгт би итгэдэг. Тэр дундаа цэрэг дайны ажиллагаанд хүртэл хүний мэдрэмж, хүнлэг чанар хэрэгтэй бөгөөд ингэснээр хор хөнөөл, хохирлыг бууруулж чадна. Жинхэнэ шашин бол үзэн ядалтгүй, энэрэнгүй сэтгэлд тулгуурлах ёстой. Үүнтэй адил улс төр ч үзэн ядалтаас ангид байх нь зүйтэй” хэмээжээ. Орчин үеийн эдийн засагт ажилчид, хэрэглэгчид, сүйрч буй нийгэм болон экологийн асуудалд хангалттай анхаарал тавьдаггүй хэмээн тэрбээр шүүмжилжээ.
Дээрхийн гэгээний үргэлжлүүлэн, “Ашгийн тодорхой хэсгийг боловсролд зориулснаар нь эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжтой бөгөөд засгийн газруудын олон асуудал нь удирдагчдын зүрх сэтгэлд ямар нэгэн буруу зүйл байгаатай холбоотой. Бүх засгийн газарт сайн болон муу тал аль аль нь бий. Аз жаргал болоод хямд ажиллах хүчний талаарх санаа нь нийгмийн тогтолцоо, бүтэц алдагдсанаар аюулгүй байдлын дутагдал, гэмт хэргийн өсөлт, бухимдал болон тэгш бус байдлыг бий болгодогт чиглэж байлаа. Шаргуу хөдөлмөрлөж, чинээлэг хүмүүс санхүүжүүлтээр боловсрол, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах хэрэгтэй. Дэлхийн чинээлэг эдийн засаг орон нутгийн эдийн засгийг дэмжиж, тусалснаар иргэдийн амьдралыг аз жаргалтай байлгаж, хоорондын зөрчил багасна. Хүмүүстэй тэгш эрхтэй, адилхан харьцахгүй бол шударга бус байдлыг дагуулдаг” хэмээн онцлоод, шинэ Үндсэн хууль нь иргэн бүрийн тэгш эрхийг баталгаажуулж буйг иш татан илэрхийлэв.
“Ард түмнийг геноцидын дараах хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулж, залгамж үеийн удирдлага бэлтгэгдэхэд нь хүчирхэг үндэстэн, соёлын өв уламжлал нь тусална. Шашны өв уламжлал нь чухал байр суурийг эзэлдэг төвөдийн ард түмэн болон Монгол улсад машид итгэж байна. Энэрэнгүй сэтгэлийн жинхэнэ утга учир нь хэн нэгнийг өрөвдөх төдий сэтгэл бус хэнийг ч ялгаварлан шүүхгүйгээр халамжилж, санаа тавих, шударга ёстой нийцсэн үнэнч сэтгэл юм. Энэ сэтгэлээ хүн бүрд, түүн дундаа өөрийн дайсанд хүртэл түгээх хэрэгтэй. Хүмүүст үргэлж тусламж хэрэгтэй байдаг бөгөөд буддын шашинтан хүний хувьд бусдад туслах ёстой” хэмээн айлдлаа.
Дээрхийн гэгээнээс Гитлер түүнд хэрхэн нөлөөлсөн талаар асуухад тэрбээр “Энэрэнгүй сэтгэлийн үндэс нь хайр халамж бөгөөд буруу үйлдлийг эсэргүүцэхийн зэрэгцээ тухайн хүнийг өөрийг нь зөв замд ороход нь туслах хэрэгтэй. Хүнийг амь хөнөөхдөө баяр баясгалан мэдэрдэг хүн бол эрүүл сэтгэлгээтэй хүн яавч биш. Тиймээс үзэн ядалтыг арилгаж, уучлал өршөөлийг давамгайлуулах хэрэгтэй. Төвөдийн ард түмэн хятадын ард түмэнд энэрэнгүй сэтгэлээр ханддаг” хэмээн өөрийн санаагаа илэрхийлжээ.
Уулзалт бизнес эрхлэгчийн мөнгө хөрөнгөд дурлах хандлагын талаарх асуултаар өндөрлөв. Дээрхийн гэгээн “Мөнгөнд дуртай байх нь буруу зүйл биш. Мөнгөгүйгээр та олон зүйл хийж чадахгүй. Мөнгө үгүй бол зөвхөн залбирахаас өөр аргагүй. Гэвч мөнгийг амьдралынхаа цорын ганц эрхэм зүйл хэмээн шүтэж, амьдралын бүх сайн сайхан зүйл зөвхөн мөнгөнөөс хамаардаг гэж үзэх нь буруу. Мөнгө сэтгэлийн амар амгаланг худалдан авч чадахгүй” хэмээн хариулжээ.
Израилийн Ардчиллын Хүрээлэн Далай ламд сайн сайхныг хүсээд, уулзалтад морилон ирсэнд нь талархал илэрхийлжээ.










