Зураг. 2008 оны 10 дугаар сарын 20-ны Даваа гарагт Дээрхийн гэгээн Далай лам Дарамсалагийн Гаггал нисэх буудлын гадна түүнийг хүлээж байсан хүмүүст автомашинд суухынхаа өмнө инээмсэглэн мэндчилж буй нь. Зургийг Данзандасэл.
Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2008 оны 10 дугаар сарын 20. Дээрхийн гэгээн Далай лам 10 дугаар сарын 20-ны орой Дарамсала хотноо эргэн заларч ирэхэд олон зуун төвөд иргэн болон түүнийг хүндэтгэгчид хадаг барьж, хүж асаан халуун дотно угтан авчээ.
Өдгөө 73 настай Төвөдийн удирдагч Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын хувийн эмнэлэгт цөсний чулуу авахуулах мэс засал амжилттай хийлгээд ийнхүү буцаж иржээ. Тэрбээр Делид эмчлүүлж, биеэ тэнхрүүлэхээр долоо хоног гаруй саатсаны эцэст Дарамсалад эргэн ирэхэд хүмүүс сэтгэл догдлон угтан авчээ.
Дээрхийн гэгээний албан ёсны өргөө байрладаг Дээд Дарамсалагийн Маклеод Ганж хэмээх газар түүнийг угтахаар хүмүүс урт цуваа үүсгэн зогсжээ. Нобелийн шагналт Далай лам цоглог гэгч нь тэдэн рүү инээмсэглэн, гараа даллан мэндчилсээр байв.
Гаггал нисэх буудал нь Маклеод Ганжаас автомашинаар нэг цаг орчим явах зайд оршдог. Тус нисэх буудалд Дээрхийн гэгээнийг Гялва Кармапа гэгээнтэн, Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны ахлах удирдлага, албаны хүмүүс болон Төвөдийн томоохон төрийн бус байгууллагуудын тэргүүн нар угтан авчээ.
Зураг. 10 дугаар сарын 20-нд Дээрхийн гэгээн Далай ламыг угтахаар Дарамсалад олон зуун хүн цагаан хадаг барьж, хүж асаан зам дагуу эгнэн зогсож буй нь... Зургийг Данзандасэл.
Маклеод Ганж дахь Дээрхийн гэгээний өргөө хүрэх зам дагуу хийморийн дарцаг өлгөж, бурхны шашны өлзийт бэлгэдлийн дүрс зуржээ. Мөн хэд хэдэн газарт Төвөдийн уламжлалт хэв маягаар чимэглэж, ерөөлийн үг бичсэн угтах хаалга босгон, Далай ламыг угтсан мэндчилгээний лоозон байрлуулсан байв.
Төвөдүүд Далай ламыг нийтээрээ хүлээн зөвшөөрсөн удирдагч хэмээн гүнээ хүндэтгэдэг. Мөн түүнийг дэлхий дахинд Төвөдийн эрх чөлөөний төлөөх итгэл найдварын бэлгэдэл гэж үздэг. 8 дугаар сард Дээрхийн гэгээний лагшин чилээрхэж, хэвлийгээр өвдсөний улмаас ажлын шахуу хуваариа хэсэг хугацаанд цуцалсан нь төвөдүүдийн санааг зовоожээ. Дээрхийн гэгээний ойрын туслахууд болон эмчлэгч эмч нар түүний биеийн байдалд санаа зовох шаардлагагүй гэж мэдэгдсэн ч төвөдүүд болон түүнийг хүндэтгэгчид Зүлэгхан дуганд тогтмол цуглаж, Дээрхийн гэгээний лагшин амгалан, эсэн энх байж, урт наслахын төлөө залбирсаар байв.
Зураг. Төвөдийн тайзны урлагийн хүрээлэнгийн уран бүтээлчид Дарамсала дахь Далай ламын өргөөний өмнө түүнийг угтан, аз хийморийг бэлгэддэг Төвөдийн уламжлалт дуулалт жүжгийн “Даш Шолпа” бүжгийг толилуулж буй нь. Зургийг Данзандасэл.
8 дугаар сард Дээрхийн гэгээний лагшин чилээрхэж, хэвлий нь тавгүйрхсэн тул Мумбай хотын эмнэлэгт хэвтэн шинжилгээ хийлгэжээ. Эмч нар түүнийг хэт ядарсан гэж үзээд, Европт хийхээр төлөвлөсөн айлчлалыг нь цуцалж, амрахыг зөвлөсөн байна. Далай лам жил бүр хэдэн сарын турш дэлхийн улс орнуудаар айлчилж, хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, бурхны шашны сургаал ном айлддаг. Мөн төвөдүүдийн эрхийг хамгаалах, илүү эрх чөлөөтэй болохын төлөөх тэмцлийг нь дэмждэг. Үүний дараа Дээрхийн гэгээн Энэтхэгийн хойд хэсгийн уулархаг нутагт орших Дарамсала хотод эргэн морилжээ. Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргаа байрладаг тус хотод тэрбээр олон нийтийн өмнө хэдэнтээ гарч, улмаар Делид дахин шинжилгээ хийлгэхээр шийдсэн байна. Дээрхийн гэгээн цөсний чулуу авахуулах мэс засал хийлгэснээсээ бараг долоо хоногийн дараа буюу 10 дугаар сарын 16-ны пүрэв гарагт эмнэлгээс гарчээ. Үүний дараа Делид дахин хэд хоног амарсан байна.
Далай ламын нарийн бичгийн дарга Чимидрэгзэн Чойжав мэс засал амжилттай болсон бөгөөд Дээрхийн гэгээний биеийн байдалд төвөд иргэд болон түүнийг хүндэтгэгчид санаа зовох ямар ч шалтгаангүйг өмнө нь мэдэгдсэн юм. Тэрбээр “Эмч нар Дээрхийн гэгээнийг ажил үйлсээ үргэлжлүүлж болно гэж аль хэдийн зөвшөөрсөн” хэмээжээ. Мөн Дээрхийн гэгээний аялал, айлчлал болон бусад ажлын хуваарь өөрчлөгдөөгүйг түүний ажлын албанаас мэдэгдсэн байна.
Дээрхийн гэгээн “өвчнөөсөө бүрэн илааршсан” бөгөөд 10 дугаар сарын 21-нээс өдөр тутмын залбирлаа үйлдэж, шавь нартайгаа уулзаж эхэлнэ хэмээн хэвлэлийн төлөөлөгч Дэнзэн Талха 10 дугаар сарын 20-нд хэлсэн тухай мэдээлжээ. Дээрхийн гэгээн Далай лам энэ сарын сүүлээр төлөвлөсний дагуу Япон улсад долоо хоногийн айлчлал хийх төлөвтэй байна.










