Энэтхэг улс, Махараштра муж, Нагпур хот. Өчигдөр Дээрхийн гэгээн Далай ламыг Нагпур хотод айлчлан ирэхэд замын дагуу зогссон хүмүүс Төвөдийн далбааг барин даллаж, сарнайн дэлбээ цацан, халуун дотноор угтан авлаа. Дээрхийн гэгээн Далай лам Доктор Бабасахеб Амбедкарын нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудалд газардсныхаа дараа буддын шашны сургалт, бага хурал зохион байгуулдаг Нагалока төвд шууд морилон очжээ.
Номын шар өмсгөлөө өмссөн Дээрхийн гэгээн Далай лам 11 орчим метр өндөр Бурхан багшийн сэрэг дүрд өмнө хүндэтгэл үзүүлэв. Энэхүү сэрэг дүрийг доктор Амбедкар бүх амьтны тусын тулд энэрэн нигүүлсэхүйн үйлийг илэрхийлсэн дүр хэмээн онцгойлон эрхэмлэдэг билээ.
Дээрхийн гэгээн Далай лам Бурхан багшийн сэрэг дүрийн хормойд цэцэг өргөн гороолов. Тэгээд Бурхан сургаалаас сэрэг дүрийн орчимд байрлуулбал ач тустай болно хэмээн зөвлөжээ. Үүний дараа тусгаар Энэтхэг улсын шашин, төрийг тусгаарласан Үндсэн хуулийг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн доктор Бабасахеб Амбедкарын хөшөөний өмнө хүндэтгэл үзүүлсэн юм. Дээрхийн гэгээн Далай лам түүний үйл хэрэг, гавьяаг өндрөөр үнэлж, биширдэг тухайгаа байнга дурсдаг билээ.
Дээрхийн гэгээн Далай лам энэ өдрийн үдээс хойш Энэтхэгийн хэд хэдэн мужийн Буддын шашинт нийгэмлэгийн төлөөлөгчид болоод Нагалока төвд буддын шашны чиглэлээр суралцаж буй оюутнуудтай уулзлаа.
“Би бол эгэл нэгэн хүмүүн. Би хаана ч очсон хүн төрөлхтнийг илүү ихээр жаргалтай болгох талаар л ярьдаг. Хэрэв бид хүмүүст илүү энэрэнгүй амьдрах боловсролыг олговол мөлжлөг, дээрэлхэлт, хууран мэхлэлтэд орон зай үлдэхгүй. Бидний хандах хандлага хүн бүрийн нийтлэг туршлагад тулгуурлах ёстой. Бид бүгд төрөхдөө л эхээсээ хайр халамжийг ихээр хүртдэг бөгөөд ээжийн энэхэн хайр халамж үгүй бол бид амьд үлдэх боломж үгүй. Хайр халамжийг мэдэрч өссөн энэ туршлага нь биднийг бусдад ч мөн хайр халамжийг түгээх чадвартайг илтгэж байна. Энэ нь нийт хүн төрөлхтөнд тустай, шашнаас ангид ёс зүйн үндэс билээ” хэмээн айлдсан юм. Тэрбээр хүний ийм үнэт чанаруудыг төлөвшүүлэхийн зэрэгцээ өөртөө итгэх итгэлийг хөгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Дээрхийн гэгээн Далай лам Өмнөд Африк улсын Соуэто хотын нэгэн гэр бүлд зочилж, ардчилсан тогтолцоонд дөнгөж шилжээд буй тус улсад ард түмний амьдрал, нийгэм улам сайжрах асар их боломж байгаа талаар ярьсан тухайгаа хуучилжээ. Гэрийн эзэн толгой сэгсрэн, “Бид цагаан арьстнуудтай өрсөлдөж чадахгүй. Бидний тархи тэднийх шиг сийрэг биш” гэж хэлэхэд ихэд гайхаж байсан тухайгаа ч дурдав. Ийм үг сонсох нь өөрт нь маш гунигтай санагдсан бөгөөд хүн төрөлхтний аль нэг бүлгийн хүмүүсийн тархины чанар, чадамж бусдаасаа ялгаатай гэсэн зүйл огт үгүй гэдгийг түүнд тайлбарлажээ.

Тэрбээр “Хүний хамгийн чухаг зүйл бол хүн бүр адил тэгш гэдгийг ухамсарлан, өөртөө итгэх итгэлээ хөгжүүлэх явдал юм. Дээрхийн гэгээний үндсэн үнэт зүйлсийг төлөвшүүлэх үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахын зэрэгцээ буддын шашны лам хүний хувьд шашин хоорондын эв зохицлыг дэмжихэд анхаардаг билээ. Бурхан багшийг сургаалаа айлдаж байх үед ч хүн бүр буддын шашныг шүтэн бишрээгүй юм шүү дээ. Бурхан багш бусад шашин, уламжлалын дагагчидтай хүндэтгэлтэйгээр харилцан ярилцаж, санал бодлоо солилцдог байсан аж. Шашнаас ангид ёс зүй нь дэлхийн томоохон шашнуудын нийтлэг эрхэмлэдэг хайр, энэрэн нигүүлсэхүй, хүлээцтэй байдал, өөрийгөө сахин хянах тэргүүт үнэт зүйлсийг илэрхийлдэг билээ” хэмээн айлджээ.

Дээрхийн гэгээн Далай лам буддын шашны уламжлалын нэгэн онцлог нь Бурхан багш шавь нартаа өөрийн сургаалыг зөвхөн үгчлэн хүлээн авах эсвэл итгэл бишрэлд үндэслэн дагах бус, алтны дархан алтны чанарыг шалгадагтай адил шинжилж, судалж, өөрийн биеэр туршин үзэхийг зөвлөж байсан явдал хэмээн тэмдэглэв. Будда өөрийн биеэр хуримтлуулсан туршлага, ойлголтод үндэслэн сургаалаа айлдсан бөгөөд шавь нартаа “Та өөрөө өөрийнхөө эзэн” хэмээн сургаж байсан тухай мөн айлдсан юм.
Тэрбээр боловсрол, суралцахын үнэ цэнийг удаа дараа онцолж, “XXI зууны буддын шашинтнуудын хувьд дадал, бясалгал нь зөвхөн итгэл бишрэлд бус, мэдлэг, ойлголтод тулгуурласан тохиолдолд илүү үр дүнтэй байх болно. Буддын шашныг анх Энэтхэгийн уламжлалын дагуу судалж, хэрхэн дадлагажуулж байсныг, тухайлбал Наландагийн уламжлалыг хэрхэн судалж, дадлагажуулж байсныг эргэн харах нь нэн чухал. Бурхан багш хэн нэгэн хүнд бус, сургаал номд түшиглэх, зөвхөн үгэнд бус, утга учирт түшиглэх мөн өнгөц, түр зуурын утга санаанд бус, гүн гүнзгий, эцсийн утга учирт нь түшиглэх ёстойг тодорхой хэлсэн байдаг” хэмээн айлджээ.
Энэ өдрийн үдээс хойш Дээрхийн гэгээн Далай лам олон нийтэд хандан айлдвар айлдлаа. Олон нийтэд зориулсан энэхүү уулзалтыг машид богино хугацаанд зохион байгуулсан хэдий ч Нагалока чуулганы танхимд багтахааргүй олон хүн цугларчээ. Үүний дараа тэрбээр Нагпур хотын Дикша Бхумид очин, хүндэтгэл үзүүлэв. Энэ бол 1956 оны 10 дугаар сарын 14-нд доктор Амбедкар болоод түүний 500,000 дагагч буддын шашинд орсон түүхэн газар билээ.
Дээрхийн гэгээн Далай лам маргааш Мадхая Прадеш мужийн Бхандара дахь Төвөдийн суурьшлын бүсэд зочлох юм.











