Австрали улс, Петр хот. 2007 оны 6 дугаар сарын 5. Далай лам энэ оны хилийн чанад дахь айлчлалынхаа эхний зогсоол Перт хотод морилон саатахад түүнийг олон зуун хүн халуун дотноор угтан авчээ.
Төвөдийн оюун санааны удирдагч Перт хотын Буддын шашны нийгэмлэгийн гишүүдтэй уулзан, адис хүртээжээ.
Далай лам Баруун Австралид 15 жилийн дараа айлчилж байгаа юм. Маргааш болох гурван арга хэмжээнд Далай ламын үгийг сонсохоор Баруун Австралийн 35,000 орчим сонсогч ирнэ гэсэн тооцоололтой байгаа бөгөөд тэрбээр Пүрэв гарагт Мельбурн хотыг зорих аж.
Тэрбээр 6 дугаар сарын 12-нд сөрөг хүчний удирдагч Кевин Раддтай уулзахаар төлөвлөжээ. Ноён Радд өмнө нь Хятадын дургүйцлийг төрүүлэхээс болгоомжилж, Далай ламтай уулзахдаа эргэлзэж буйгаа илэрхийлж байсан юм. Хятад улс Далай ламын эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Төвөдийн өөртөө засах эрхийн төлөөх тэмцлийг эсэргүүцдэг билээ.
Сүүлийн мэдээллээр ерөнхий сайд Жон Ховард Далай ламтай биечлэн уулзах цаг товлохын тулд ажлын хуваарьтаа боломж гаргах гэж оролдсоор байжээ. Тэрээр ламтай уулзахаас татгалзан, Хятадын коммунист Засгийн газарт тал засаж байна хэмээн шүүмжлэлд өртөөд байсан юм.
Далай лам энэ өдөр Перт хотын онгоцны буудалд цугласан олонд хандан Австралид дахин ирсэндээ машид баяртай буйгаа илэрхийлээд, тус улсыг “Хачирхалтай тив” хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр хаана ч очсон хүнлэг чанарын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөө ажилладаг хэмээжээ.










