Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Сидбари хот. Дарамсала хотын Сидбари дахь Чимжацалин хийдэд Дээрхийн гэгээн Далай ламын айлдаж буй 3 өдрийн айлдварт Төвөд болоод хилийн чанадаас ирсэн мянга мянган сүсэгтэн хуран чууллаа.

Дээрхийн гэгээн Далай лам энэ удаад Гаржээ ринбүүчийн айлтган хүссэнээр "Гэжэд" (Найман зарлиг) авшиг хайрлаж байна. Өдгөө 76 насыг зооглож буй Төвөдийн оюун санааны удирдагч айлдварынхаа эхэнд “Өнгөрсөн жил би бээр улс төрийн бүх эрх мэдлээ нийтээр сонгосон удирдлагад шилжүүлсэн нь төвөдийн ард түмнийхээ алс ирээдүйн сайн сайхны төлөө хийсэн алхам билээ. 300 жилийн өмнөх нөхцөл байдал өнөөдрийнхөөс огт өөр байлаа. Эдүгээгийн XXI зуунд бид ард түмэн болон олон нийтийн эринд амьдарч байна” хэмээсэн юм. Тэрбээр өнгөрсөн оны 3 дугаар сард Төвөдийн Цагаачлалын Парламентад илгээсэн илгээлтдээ улс төрийн эрх мэдлээ шилжүүлэх болсон нь зөвхөн төвөдийн ард түмний алс ирээдүйн сайн сайхны төлөө хийж буй алхам гэдгээ тодорхой илэрхийлсэн байдаг билээ.
“Улс төрийн үйл хэрэгт ард иргэдийн дэмжлэг, оролцоо үгүй бол зөвхөн ганц хүнээс хамааралтай засаглалын ямар ч тогтолцоо тогтвортой байдал, хөгжил дэвшлийг баталгаажуулж үл чадна. Ганц хүний засаглал гэдэг бол цаг үеэсээ хоцрогдсон төдийгүй, хүсүүштэй зүйл огтоос биш юм. Бид бусдыг дуурайх гэсэндээ бус, харин ардчилал бол засаглалын хамгийн төлөөллийн чанартай тогтолцоо учраас 6 сая төвөд хүний алс ирээдүйн эрх ашгийн төлөө өөрсдийн ардчилсан институцийг бэхжүүлэхэд асар их хүчин чармайлт гаргаж ирсэн билээ” хэмээн айлджээ.
Зохион байгуулагчдын мэдээлснээр Төвөдөд өрнөж буй өөрийгөө золиослох болон олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал цуглааны үеэр алтан амиа алдсан төвөд хүмүүсийн төлөөх тусгай ерөөл уншлагын ёслолыг номын айлдварын хамт зохион байгуулах ажээ. Чимжацалин хийдийг анх 1991 онд Төвөдийн дүрвэгсдийн засаг захиргааны төрийн албан хаагч, их багш Гаржээ ринбүүчи Жамьян Дондов үүсгэн байгуулсан түүхтэй.
Дээрхийн гэгээн Далай лам 2010 оны 4 дүгээр сард энэхүү хийдийн шинэ дацанг нээж, аравнайлсан түүхтэй бөгөөд энэ удаагийн номын айлдварын сүүлийн өдөр Дээрхийн гэгээнийг урт удаан наслахыг ерөөн, бат оршил өргөх ажээ.










