АНУ, Калифорни муж, Пало Алто хот. 2010 оны 10 дугаар сарын 14 - Дээрхийн гэгээн Далай лам Пало Алто хот байх Стэнфордын Их Сургуульд морилон саатахад тус сургуулийн хамт олон машид халуун дотно, ихэд хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Өглөөний хөтөлбөрийн үеэр Дээрхийн гэгээн “Хүний амьдрал болоод нийгэм дэх энэрэн нигүүлсэхүйн төв байр суурь” сэдэвт олон нийтэд зориулсан илтгэл тавьсан бол үдээс хойш “Утга учиртай амьдрал” сэдвээр Харригийн сүүлийн цуврал лекцэд ярилцлага өгчээ. Тэрбээр тус өдрийн хөтөлбөрөө хятад, төвөд оюутан, судлаачидтай уулзсанаар өндөрлүүлсэн юм.
Дээрхийн гэгээн энэ өдрийн өглөө 6500 гаруй оюутан, багш ажилтнууд, олон нийтийн төлөөлөл цугласан Мэйплс танхимд морилон ирэхэд түүнийг танхим дүүрэн хүмүүс алга ташин угтан авлаа.

Стэнфордын Их Сургуулийн ерөнхийлөгч Жон Л.Хеннесси Дээрхийн гэгээнийг угтан авав. “Хэрэв надаас биширч явдаг нэг хүнээ нэрлэхийг хүсвэл би “Дээрхийн гэгээн” хэмээн хариулна” гэжээ.
Дээрхийн гэгээн айлдвараа эхлэхдээ “Ийм төрлийн уулзалт, ярилцлага надад үргэлж сургамжийг өгдөг бөгөөд үзэл бодлоо хуваалцахын зэрэгцээ хүмүүсийн асуусан асуултууд асуудлыг илүү гүн гүнзгий эргэцүүлэхэд тусалдаг юм. Хүн төрөлхтөн угтаа бүгд адил бөгөөд хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй. Эрт цагт хүмүүс “бид” болоод “тэд” гэсэн ялгарал, бие даасан байдлыг илүү чухалчилдаг байсан бол цаг хугацааны явцад нөхцөл энэ байдал өөрчлөгдөн, бие даасан байдлын ойлголт харилцан хамаарал руу шилжжээ. Өнөө цагт итгэлцэлд суурилсан жинхэнэ нөхөрлөл зайлшгүй хэрэгтэй. Итгэлцэл нь ил тод байдал, үнэнч шударга зангаас бий болдог бөгөөд оршин тогтнохын үндэс нь энэрэн нигүүлсэх сэтгэлээр өдөөгдсөнөөр бий болдог билээ. Хүний суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх гурван арга зам бий. Үүнд атиест, атиест бус болоод шашнаас ангид ёс зүйн хандлага багтана. Атиест шашныг дагагчид бүхнийг бүтээгч, хязгааргүй хайр энэрлийн бэлгэдэл болсон Бурханд итгэдэг бөгөөд өөрсдийгөө түүнд бүрэн даатгаснаар хүний үнэт зүйлсийг төлөвшүүлдэг. Харин атиест бус шашныг дагагчид шалтгаан, үрийн хуулийг баримталж, өөрийн үйлдэл үр дагаврыг тодорхойлдог гэж үздэг тул аз жаргалтай амьдралд хүрэхийн тулд хүний үнэт зүйлсийг хөгжүүлэх замаар урагшлахыг эрмэлздэг билээ”.

“Гурав дахь хандлага нь шашин шүтдэггүй хүмүүст хамаарна. Зарим шашны зүтгэлтнүүд ёс суртахуун заавал шашны итгэлд тулгуурлах ёстой. Ийм ойлголт нь явцуу хандлага болох билээ. Итгэгч, үл итгэгч ялгаагүй бүх хүн аз жаргалд тэмүүлэх ижил хүсэлтэй байдаг. Дотоод амар амгаланг төлөвшүүлэхэд шашнаас ангид ёс зүй чухал болох юм. “Шашингүй үзэл” гэдэг нь шашныг үгүйсгэх бус, харин бүх шашинд адил хүндэтгэлтэй хандахыг илэрхийлдэг бөгөөд энэ нь Энэтхэгийн уламжлалд тод илэрдэг хандлага билээ.
Шашнаас ангид ёс зүйг хөгжүүлэх хэрэгцээний гурван үндсэн шалтгааныг дурдъя. Нэгдүгээрт, нийтлэг туршлага. Хүүхэд төрөхөд эх нь хамгийн их энэрэл халамж үзүүлдэг бөгөөд хүүхэд эхтэйгээ ямар холбоотойгоо ухамсарлаагүй ч түүнд бүрэн найддаг. Ийм туршлага амьтдад ч мөн адил байдаг. Өөрийн эхийн энэрэнгүй зан түүнд ихээхэн нөлөөлж, энэрэх сэтгэлийн үр суулгасан бөгөөд хожим би бээр бурхны шашны бясалгалын ачаар үүнийг улам хөгжүүлсэн билээ. Хоёрдугаарт, эрүүл ухаан. Мөнгө, эд материал нь зөвхөн түр зуурын, өнгөц баяр баясал авчирдаг бол жинхэнэ амар амгалан нь халуун сэтгэл, энэрэнгүй хандлагаас үүддэг билээ. Гуравдугаарт, шинжлэх ухааны нотолгоо. Байнгын айдас, уур хилэн нь хүний дархлааг сулруулдаг бол тайван, энэрэнгүй хүмүүсийн бие махбодын эерэг байдал сайжирдгийг судалгаанууд харуулж байна. Мөн “би”, “надад”, “миний” гэх үзэлд хэт төвлөрөх нь зүрхний өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг тухай судалгаа ч буй” хэмээн айлдсан юм.
Дээрхийн гэгээн дараа нь дотоод сэтгэлийн хөгжлийн ач холбогдлыг тодотгон, “Өмнө үед хүмүүс асуудлаа шийдэхдээ залбиралд илүү найддаг байсан бол шинжлэх ухаан, технологийн хөгжил олон хэрэгцээг хангах боломжийг олгосон ч түүний хязгаар илэрхий болж байгаа учир хүмүүс сэтгэлийн эрүүл мэндэд илүү анхаарч эхэлж байна. Жинхэнэ амар амгалан нь тайван сэтгэлээс үүддэг бөгөөд тайвшруулах эм, мансууруулах бодис, согтууруулах ундаагаар бий болдоггүй. Энэ нь сэтгэлийн төлөв тул дотоод дадал, бясалгалаар төлөвшүүлэх ёстой” хэмээв.
Тэрбээр энэ чиглэлийн шинжлэх ухааны сонирхол нь ихэд нэмэгдэж байгаагаа дурдан, Стэнфордын Их Сургууль, Висконсин Мэдисоны Их Сургууль, Эмори Их Сургууль тэргүүт газруудад судалгаа хийж байгаа талаар дурджээ.
Хэлэлцүүлэг, асуулт хариултын үеэр Жэймс Доти, Стэнфордын Их Сургуулийн мэдрэлийн мэс заслын профессор, Энэрэн нигүүлсэхүй ба альтруизм судлал, боловсролын төв (CCARE)-ийн захирал Дээрхийн гэгээний дэмжлэг тэдний судалгаанд ихэд чухал түлхэц болж байгааг онцлон хэлсэн юм. Тус төвд хандивласан Дээрхийн гэгээний хандив нь төвөдөөс бус төсөлд олгогдсон хамгийн өндөр санхүүжилт болж байгаа аж.
Үүний дараа Дээрхийн гэгээн асуултад хариулахдаа энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн дадуулах, боловсролын тогтолцоонд дотоод хөгжлийг хэрхэн тусгах, хүчирхийллээр тодорхойлогдсон XX зуунаас илүү ихэд энэрэнгүй XXI зууныг бүтээх шаардлага мөн өнөөгийн залуус энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх хариуцлагатайг тайлбарлав.
Тэрбээр төгсгөлд нь залууст хандан XXI зууныг илүү энэрэнгүй, амар амгалан болгохыг уриалж, аливаа асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв арга зам нь харилцан яриа гэдэгт бат итгэлтэй байхыг зөвлөжээ. Энэ өдрийн үдээс хойш CCARE-ийн ивээн тэтгэгчидтэй уулзан, дараа нь Мемориал сүмд морилон, 2010 оны Рэтбүн зочин судлаачийн хувиар “Утга учиртай амьдрал” сэдвээр Харригийн сүүлийн цуврал лекцэд айлдвар айлдсан юм.

Харри Рэтбүн 1930-1950-иад он хүртэл Стэнфордын Их Сургуульд профессороор ажиллаж байсан бөгөөд амьдралын утга учрын тухай түүний сүүлчийн лекц нь энэхүү цуврал лекцийн үндэс болсон юм. Энэ удаагийн лекцэд 1300 орчим сонсогч оролцжээ.
Стэнфордын Их Сургуулийн “Шашин ба амьдрал” хэлтсийн хариуцагч декан, ламтан Скотти МакЛеннан ламтан угтан, үг хэлж, “Глобал Коммюнити” сангийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Ричард Рэтбүн сонсогч олонд Дээрхийн гэгээнийг танилцуулахдаа “Амьдралын утга учрын талаар ярихад түүнээс илүү хүн үгүй” хэмээн онцлов.
Дээрхийн гэгээн айлдвартаа “Утга учиртай амьдралын талаарх ойлголт нь шашин, уламжлал бүрд өөр өөр байж болох ч үндсэн түвшинд бид бүгд адил хүн төрөлхтөн билээ. Утга учиртай амьдралд энэрэн нигүүлсэх сэтгэл чухал байр суурь эзэлдэг. Эд хөрөнгө, эрх мэдэл нь хоёрдогч зүйл болох юм. Мөн энгийн даруу амьдрал, сэтгэлийн ханамж, дотоод сахилга бат тэргүүт нэн чухал. Бид бүгд бүх шашны уламжлалыг хүндэтгэх шаардлагатай” хэмээгээд, үүний жишээ болгон олон томоохон шашин энх тайвнаар зэрэгцэн оршдог Энэтхэг улсыг нэрлэжээ.

Дээрхийн гэгээн хүний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих өөрийн үндсэн хоёр зорилгын талаар дурдан, энэ нь утга учиртай амьдралд хэрхэн нөлөөлдгийг тайлбарлав. Удалгүй урьдчилан бэлтгэсэн болон сонсогчдоос ирсэн асуултад хариулж, шийдвэр гаргах, өөрийн ашиг сонирхлыг хамгаалах, бусдын төлөө өөрийгөө золиослохын ялгаа зэрэг өргөн хүрээний асуудлын талаар ярилцсан юм.
Цаазын ялын талаар асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн уг шийтгэлийг зөвтгөх үндсэн хоёр шалтгаан нь айлган сүрдүүлэх, өшөө авах явдал гэж үздэгийг дурдав. “Гэвч Хятад улс зэрэг цаазын ял хэрэгжүүлдэг орнуудын жишээг авч үзэхэд эдгээр үндэслэл бодит үр дүнгүй нь харагддаг. Ийм ялтай орнуудад гэмт хэрэг, авлига буурдаггүй. Харин ч цаазын ялыг халсан улс орнуудад эдгээр үзэгдэл нэмэгдэггүй аж. Иймээс боловсрол олгож, хүмүүжүүлэх боломж бүхий бүх насаар хорих ял нь илүү үр дүнтэй арга хэмжээ байж ч болох юм. Мөн би бээр Амнести Интернэшнл байгууллагаас эхлүүлсэн цаазын ялын эсрэг компанит ажлын гарын үсэг зурсан оролцогчдын нэг байлаа” хэмээн хариулжээ.
Лекцийн дараа Дээрхийн гэгээн буудалдаа буцан, Стэнфордын Их Сургууль, Калифорнийн Их Сургууль, Беркли, Сан Франциско Стэйт Их Сургууль, Сан Франциско Урлагийн академийн 130 гаруй оюутан, багш, судлаачтай уулзан ярилцлаа. Оролцогчдын дийлэнх нь хятад оюутан, судлаач байв.

Стэнфордын Их Сургуулийн төвөд оюутан, уулзалтыг зохион байгуулагчдын нэг Тэнзин Сэлдон нээлтийн үг хэлэв. Тэрээр, “Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд нэгдмэл гарц олохын тулд харилцан итгэлцэл, хүндэтгэлийг бэхжүүлэх гол түлхүүр нь утга учиртай яриа хэлэлцээр гэж үзэн, уйгагүй зүтгэсээр ирсэн билээ. Өнөөдөр Дээрхийн гэгээний урам зоригоор бид үзэл бодлоо илэн далангүй солилцож, харилцан ойлголцлын үндсийг хайж чадна хэмээн найдаж байна. Харилцан ойлголцол, утга учиртай яриа хэлэлцээгээр дамжуулан бид итгэлцлийг бий болгож, харилцан хүндэтгэл, ил тод байдлыг төлөвшүүлж чадна. Дээрхийн гэгээн Далай лам болон хилийн чанад дахь төвөдийн удирдлага төвөдийн асуудлыг шийдвэрлэхэд яриа хэлэлцээр чухал гэдэгт үргэлж итгэж ирсэн бөгөөд төвөд, хятад залуусын хооронд ийм харилцааг дэмжсээр ирсэн юм. Энэхүү түүхэн уулзалт нь Дээрхийн гэгээний энэ итгэл үнэмшлийн үр дүн билээ” хэмээжээ. Мөн тэрээр уг хэлэлцүүлэгт магистрын түвшний 28 хятад оюутан, бакалаврын түвшний 60 оюутан, 20 профессор, судлаач, 13 зохиолч, яруу найрагч, уран бүтээлч мөн 14 төвөд оюутан оролцож байгааг дурдав.
Дээрхийн гэгээн айлдвартаа “Нийгмийн хөгжлийн үндэс нь хувь хүний бүтээлч сэтгэлгээ бөгөөд үүний тулд хувь хүний эрх чөлөө зайлшгүй хэрэгтэй. 1,3 тэрбум хүн амтай Хятад улс илүү бүтээлч, үр өгөөжтэй замыг сонгох ёстой бөгөөд хятал хүмүүс бодит байдлыг мэдэх бүрэн эрхтэй. Би бээр Тяньаньмэний үйл явдлаас өмнө ч хятад иргэдтэй харилцахыг хичээж байсан ч олон бэрхшээлтэй тулгарч байв. Харин уг үйл явдлын дараа хариу илүү амархан ирдэг болсон шүү. Төвөдөд болсон 2008 оны үйл явдлын дараагаас хойш хятад хүмүүс төвөдийн асуудалд илүү анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд тэдэнтэй тогтмол хэлэлцүүлэг өрнүүлж ирсэн юм. Төвөдийн асуудлын тухайтад тусгаар тогтнол эрэлхийлээгүй гэдгийг олон нийт мэддэг ч (зарим төвөдүүд энэ байр суурийг шүүмжилдэг) Хятадын Засгийн Газар намайг “хагалган бутаргагч” хэмээн нэрлэсээр л байна. Төвөдөд үүссэн асуудлууд нь хүний бий болгосон асуудал тул логикийн хувьд шийдвэрлэх боломжтой” хэмээн айлджээ.
Дараа нь тэрбээр хятадын удирдлагатай хийж ирсэн яриа хэлэлцээрийн явцыг тайлбарлав. “1974 онд Төвөдийн тусгаар тогтнолыг эрэлхийлэхгүй гэсэн шийдвэр гаргасан бөгөөд Дэн Сяопин 1979 оны эхээр өөрийн элчийн үүрэг гүйцэтгэж байсан ахад нь “Тусгаар тогтнолоос бусад бүх асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэж болно” гэж мэдэгдэж байв. Энэ хоёр байр суурь хоорондоо ихэд нийцэж байлаа. 1980-аад оны эхээр Ху Яобангийн үед ихээхэн ахиц гарна гэсэн бодит найдвар байсан ч удалгүй тэрээр албан тушаалаасаа огцорсон юм. Бидний харилцаа 2002 оноос дахин сэргэсэн ч өнөөг хүртэл бодит ахиц гарсангүй” хэмээжээ.
Асуулт, хариултын үеэр төвөдийн асуудалд хэрхэн тусалж болох талаар асуухад Дээрхийн гэгээн бодит байдлыг олон нийтэд түгээхийг зөвлөв. “Би бээр хятадын ард түмний хөдөлмөрч занг үргэлж биширч ирсэн билээ. Төвөдийн бурхны шашинтны хувьд хятад буддистуудыг ахмад уламжлалтай гэж хүндэтгэдэг ч мэдлэгийн хувьд залуу тал ч сайн хөгжиж байгаа билээ. Асуудлын уг шалтгаан нь буруу ойлголтоос үүдэлтэй бөгөөд түүний эрэлхийлж буй шийдэл нь харилцан ашигтай байж болох юм” хэмээн хариулав.
Өөр нэг асуултад тэрбээр “Хятадын орчин үеийн хөгжлийг дөрвөн үе шатанд хувааж болно. Мао Зэдунгийн үед үзэл суртал давамгайлж байсан бол Дэн Сяопингийн үед эдийн засгийн өсөлт, баяжихыг чухалчилсан, Жян Зэмингийн үед Коммунист намын гишүүнчлэлийг нийгмийн бусад салбарт өргөжүүлсэн, Ху Жинтаогийн үед зохицолт нийгмийг онцолж байв. Ийм нийгмийг бий болгохын тулд хувь хүний эрх чөлөө, мэдээллийн чөлөөтэй урсгал зайлшгүй шаардлагатай байна. Мөн ерөнхий сайд Вэнь Жябаогийн сүүлийн үеийн мэдэгдэл, ахмад зүтгэлтнүүдийн өргөдөл зэрэг нь тодорхой өөрчлөлтийн шинж тэмдэг байж болох юм” хэмээжээ.
Шашин болоод улс төрийн харилцааны талаар асуухад Дээрхийн гэгээн “Энэ хоёр тус тусдаа байх ёстой. Төвөдийн улс төрийн тогтолцоонд олон өөрчлөлт гарсан бөгөөд улс төрийн удирдлага сонгуулиар бүрддэг болсон ч удирдагчид сэтгэлийн болоод ёс суртахууны суурьтай байх нь чухал” хэмээн хариулжээ.
Тяньаньмэний жагсаалын үеэр танканд дайруулж, хоёр хөлөө тайруулсан Фан Жэн өөрийн нөхцөл байдлын талаар ярьж, Лю Шяобогийн Нобелийн шагналын талаар дурдан, “Хэрэв уулзах боломж гарвал хаана зохион байгуулах нь зүйтэй вэ?” гэж асуув. Дээрхийн гэгээн түүний нөхцөл байдлыг сонсоод, ихэд харамсаж буйгаа илэрхийлээд, хэрэв боломж бүрдвэл Бээжин хотод уулзах боломжтой байж болохыг хэлсэн юм.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээн хятад залууст энэ зууныг илүү сайхан болгоход илүү их хариуцлага хүлээхийг зөвлөж, ахмад профессорыг хүндэтгэн зааж, “Тэд өмнөх зууны хүмүүс. Харин та бүхэнд энэ зууныг өөрчлөх 90 жил байна” хэмээн айлдлаа.
Хятадын оюутнуудын төлөөлөгч Дээрхийн гэгээнд талархал илэрхийлж, үг хэлсэн юм.
Дээрхийн гэгээн тус уулзалтыг дүгнэхдээ “Миний бие ийм төрлийн уулзалтуудыг ихэд үнэлдэг бөгөөд төвөд хүмүүс хятад иргэдтэй харилцаагаа өргөжүүлж, хоёр улсын ард түмнийг ойртуулах зорилготой бүлгүүд байгуулахыг байнга уриалдаг билээ” хэмээн айлдлаа.










