АНУ, Калифорни муж, Пало Алто хот. 2010 оны 10 дугаар сарын 15 - Дээрхийн гэгээн Пало Алто хотын айлчлалынхаа сүүлийн бүтэн өдөр “Энэрэн нигүүлсэхүй ба бусдын төлөөх сэтгэлийн шинжлэх ухааны судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов.
Энэхүү хурлыг Стэнфордын Энэрэн нигүүлсэхүй ба альтруизм судлал, боловсролын төв (CCARI) зохион байгуулж, нэр хүндтэй олон судлаачийг нэгтгэн, дараах хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн юм. Үүнд энэрэн нигүүлсэхүй, бусдын төлөөх сэтгэлийн хувьсал, мэдрэлийн биологийн үндэс гэж юу болох, бусдын төлөө өөрийн эрх ашигт эрсдэл үүрэн үйлдэхэд юу нөлөөлдөг болох, ийм зан үйлийг хэрхэн төлөвшүүлж хөгжүүлэх талаар асуултууд багтжээ.

Энэхүү бага хурал нь сэтгэл судлал, мэдрэлийн шинжлэх ухааны салбар дахь шинэ судалгааны үр дүнд төвлөрсөн бөгөөд үүнд шинээр хөгжиж буй нейро эдийн засгийн чиглэл ч мөн багтжээ. Хөтөлбөрийг нийт дөрвөн хэсэгтэй бөгөөд өглөө хоёр, үдээс хойш хоёр хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Эхний хуралдаан эхлэхийн өмнө Стэнфордын Мэдрэлийн инноваци, шилжилтийн мэдрэлийн шинжлэх ухааны хүрээлэн (СИНТН)-гийн захирал, Мэдрэлийн мэс заслын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Гэри Стейнберг нээлтийн үг хэлэв. Тэрбээр эрдэмтэд Дээрхийн гэгээн Далай ламтай харилцан ярилцах боломж бүрдэж байгаад ихэд баярлан, хэдий тэр буддын шашинтан биш ч буддын шашинд учир шалтгаан, нотлох ухааныг эрхэмлэдэгт нь биширдгээ илэрхийлжээ.
Үүний дараа Стэнфордын Их Сургуулийн мэдрэлийн мэс заслын клиникийн профессор, СиСиЭйАрИ төвийн захирал доктор Жэймс Р.Доти үг хэлж, Дээрхийн гэгээний үзүүлсэн дэмжлэг, урам зоригт талархлаа илэрхийллээ.
Бага хурлын зохицуулагч, Амхёрст коллежийн физикийн доктор, профессор Артур С.Зайонц Дээрхийн гэгээнийг үг хэлнэ үү хэмээн тайзнаа урилаа.
Дээрхийн гэгээн айлдвартаа шинжлэх ухааны хөгжлийн түүхийг өөрийн амьдралын замналтай харьцуулан тайлбарлаж, энэ нь өөрт нь хэрхэн нөлөөлснийг өгүүлэв. Тэрбээр өөрийгөө Дэлхийн II дайн эхлэхийн өмнөхөн төрсөн хэмээгээд, уг дайны явцад Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хэрэглэсэн нь дэлхий дахиныг цочроосон үйл явдал байсныг дурдсан юм.

Дээрхийн гэгээн “Цөмийн физик бол шинжлэх ухааны томоохон ололтуудын нэг билээ. Шинжлэх ухаан, технологийн хөгжил нь хүн төрөлхтний амьдралд тасралтгүй нөлөөлсөөр ирсэн ба АНУ-д болсон 9 дүгээр сарын 11-ний халдлагын үеэр иргэний зориулалттай нисэх онгоцыг сүйтгэх зэвсэг болгон ашигласан нь технологийн дэвшлийг хэрхэн буруугаар хэрэглэж болохыг харуулсан тодхон жишээ юм. Эцэст нь шинжлэх ухаан, технологийн хөгжил дангаараа аз жаргалыг баталгаажуулж чаддаггүй юм. Эрдэмтэн судлаач та бүхэн хүний дотоод сэтгэл, ухамсрын асуудалд илүү ихээр анхаарал хандуулаасай хэмээн хүсэж байна” хэмээн айлдсан юм.
Эхний салбар хуралдаан “Боловсрол, нийгмийн өргөн хүрээнд энэрэн нигүүлсэхүйн үүрэг” сэдвийн дор болж, Стэнфордын Их Сургуулийн боловсрол судлалын профессор Линда Дарлинг Хэммонд, сэтгэл судлалын хүндэт доктор, профессор Филип Зимбардо нар панел гишүүнээр оролцов.
Хэлэлцүүлэг нь энэрэн нигүүлсэхүйг хувь хүний амьдрал, нийгмийн түвшинд хэрхэн ойлгох, соёл хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд ямар ач холбогдолтой, цаашлаад боловсролын ирээдүйн чиг хандлагад ямар байр суурь эзлэхийг хөндсөн юм. Мөн энэхүү үнэт чанарыг нийгэм, боловсролын тогтолцоонд хэрхэн төлөвшүүлэх, түүний үр өгөөжийг олон талаас нь авч үзэв. Доктор Дарлинг Хэммонд Пало Алто хотын зарим сургуульд хэрэгжүүлсэн туршилтыг танилцуулж, сурагчдад энэрэн нигүүлсэхүйн боловсрол олгосноор олон эерэг өөрчлөлт ажиглагдаж буйг онцоллоо.

Хоёр дахь салбар хуралдаан “Энэрэн нигүүлсэхүйн судалгаа ба туршилтууд” сэдвийн хүрээнд болж, Стэнфордын Их Сургуулийн био инженерчлэл, сэтгэц, зан үйлийн шинжлэх ухааны дэд доктор, профессор Карл Дайссерот, Орегон мужийн их сургуулийн эдийн засгийн доктор, профессор Билл Харбо мөн Стэнфордын Их Сургуулийн сэтгэл судлалын доктор, дэд профессор Брайан Кнутсон нар панел гишүүнээр оролцов.
Энэ хуралдаанаар СиСиЭйАрИ төвийн судалгааны хүрээнд гарсан энэрэн нигүүлсэхүй, бусдын төлөөх сэтгэл болон нийгэмд эерэг зан үйлийг дэмжих сэтгэл хөдлөлүүдтэй холбоотой мэдрэлийн, генетикийн болоод зан үйлийн механизмын талаарх үр дүнг танилцуулсан юм. Түүнчлэн хөхтөн амьтдын халамжлах зан үйлийн хувьслын эх сурвалж мөн энэрэн нигүүлсэхүйн нейро сэтгэл зүй, нейро эдийн засгийн загваруудыг авч үзэв.
Гурав дахь хуралдаан “Энэрэн нигүүлсэхүйн судалгаа болон туршилтууд” сэдвийн хүрээнд үргэлжилж, Стэнфордын Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн судлаач, доктор Филипп Голдин, Калифорнийн Их Сургуулийн Оюун ухаан ба тархины төвийн зөвлөх судлаач, доктор Эрика Розенберг, Стэнфордын Их Сургуулийн сэтгэл судлалын доктор, дэд профессор Жин Цай нар оролцов. Хэлэлцүүлгээр тархины үйл ажиллагаанд генийн өөрчлөлтөөр нөлөөлөх боломж зэргийг хөнджээ.
Энэ удаад СиСиЭйАрИ төвийн судалгааны төслүүд, ялангуяа сэтгэл хөдлөлийн сургалтаар дамжуулан энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлэхэд үзүүлэх нөлөөг танилцууллаа. Мөн энэрэн нигүүлсэх чанарыг хэрхэн хөгжүүлэх боломжтойг авч үзэн, Макгиллын Их Сургуулийн шашин судлалын дэд профессор, Стэнфордын Их Сургуулийн СиСиЭйАрИ төвийн зочин судлаач, гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, доктор Түвдэн Жинпагийн боловсруулсан Энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлэх сургалтын (Compassion Cultivation Training) шашин үл хамаарах хөтөлбөрийг танилцуулсан юм.
Дөрөв дэх салбар хуралдаан “Энэрэн нигүүлсэхүй ба бусдын төлөөх сэтгэлийн ирээдүйн судалгааны шинжлэх ухааны асуудлууд” сэдвийн дор болж, доктор Жэймс Р.Доти, Калифорнийн Их Сургуулийн сэтгэл судлалын хүндэт профессор доктор Пол Экман нар оролцов. Энэ үеэр өмнөх хэлэлцүүлгүүдэд хөндсөн зарим асуудлыг үргэлжлүүлэн авч үзэн, энэрэн нигүүлсэхүйн хэмжүүрийг тодорхойлох санал, цаашид илүү өргөн хүрээний хэлэлцүүлэг шаардлагатайг онцоллоо.
Салбар хуралдаануудын үеэр Дээрхийн гэгээн “Энэрэн нигүүлсэхүйг төлөвшүүлэх нь зөвхөн бусдад төдийгүй өөрт нь ч ашиг тустайг ойлгох хэрэгтэй бөгөөд энэрэн нигүүлсэхүйг өөрийн эрх ашгийг золиослохтой адилтган ойлгодог ташаа ойлголтыг арилгах шаардлагатай байна. Мөн би бээр энэхүү хурлын үеэр хөндсөн олон асуудлыг төвөдийн нийгэмд авч үзэхийг уриалж байна. Эртний төвөдийн буддын гүн ухаан болон орчин үеийн шинжлэх ухааны үзлийг нэгтгэсэн шинжлэх ухааны эмхэтгэл боловсруулах ажил ид дундаа эрч хүчтэй урагшилж байна. Уг эмхэтгэлд буддын сударт буй агуулгыг багтаахын зэрэгцээ буддын шашингүй хүмүүс ч эдгээр сэдвийг судлах боломжтой байдлаар бэлтгэж байна” хэмээн айлдлаа.
Төгсгөлд нь доктор Артур С.Зайонц хурлыг хаан дүгнэхдээ эрдэмтэд хүний дотоод сэтгэлд анхаарал хандуулж эхэлж буйг “шинжлэх ухаан ба оюун санааны шинэ нэгдэл” хэмээн тодорхойлоод, гадаад, дотоод хөгжлийг эн тэнцүү авч үзсэн нэгдмэл боловсролын боломжийг онцоллоо. Тэрбээр энэ чиглэлийн судалгааг үргэлжид дэмжиж ирсэн Дээрхийн гэгээнд талархал илэрхийлж, доктор Түвдэн Жинпагийн оруулсан хувь нэмрийг “Төвөдөөс АНУ болоод дэлхийд өргөж буй үнэт бэлэг” хэмээн үнэлэв.
Хаалтын үгэндээ доктор Жэймс Р.Доти өнөө цагт хайр энэрэл, нигүүлсэл нь тансаг зүйл бус, харин зайлшгүй хэрэгцээ болсон гэдгийг онцолж, Дээрхийн гэгээний урам зориг дэлхий даяарын олон хүнд эерэг нөлөө үзүүлж буйд талархал илэрхийллээ.
Энэхүү айлчлалыг Стэнфордын Их Сургуулийн Анагаахын сургууль, Энэрэн нигүүлсэхүй ба бусдын төлөөх сэтгэлийн судалгаа, боловсролын төв (СиСиЭйАрИ) мөн Шашин ба амьдрал алба хамтран зохион байгуулсан юм.
Дээрхийн гэгээн 10 дугаар сарын 16-ны өглөө Атланта хотод морилон саатаж, тус хотын айлчлалаа эхлүүлэх аж.










