Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
Menu
Search
Social
Language
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Зургийн цомог
  • Видео
Монгол
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам
  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
LIVE Шууд
  • Эхлэл
  • XIV Далай Лам
  • Ажлын хуваарь
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Бусад
Хэлсэн үг, илгээлт
  • Compassion and Human Values
  • World Peace
  • Environment
  • Religious Harmony
  • Buddhism
  • Retirement and Reincarnation
  • Tibet
  • Transcripts and Interviews
  • Acceptance Speeches
  • Dolgyal (Shugden)
Номын айлдвар
  • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
  • Дарамсала хотын хөтөч
  • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
  • Үнэн үгийн залбирал
  • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
Оффис
  • Нийтийн уулзалт
  • Хувийн уулзалт
  • Хэвлэлд өгөх ярилцлага
  • Урилга
  • Холбоо барих
  • "Далай Лам Траст" сан
Ном
  • Science and Philosophy in the Indian Buddhist Classics, Vol. 1: The Physical World
  • The Book of Joy Journal
  • The Dalai Lama on Environment - Collected Statements 1987-2017
  • The Book of Joy
  • The Heart of Meditation
  • A Force For Good: The Dalai Lama's Vision for Our World
Бүх номыг үзэх
  • News

Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 90 насны ой болон Энэрэл нигүүлслийн жилийг тэмдэглэв 2025 он 7 дугаар сар 9

Түгээх

Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала хот, Тэгчин Чойлин - Төвөдийн төв захиргаанаас нийтийн цаг тооллоор 7 сарын 6-нд тохиож буй Дээрхийн гэгээн Далай ламын мэлмий гийсний 90 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, "Энэрэл нигүүлслийн жил"-ийг нээлтийг хийлээ. Дээрхийн гэгээнтэн төрсөн өдрөөр нь баяр хүргэж буй дуучид, бүжигчдийн гайхамшигтай тоглолтыг үзэж, сонсохоор өргөөнийхөө үүдэнд саатан зогсов. Зарим нь төвөд хөгжмийн зэмсгүүд, бусад нь бөмбөр, үлээвэр хөгжим тоглоно. Төвөдөөр дуулах дууны ерөнхий хүсэл нь, "Дээрхийн гэгээнтэн урт насалж, баттай суусан сэнтийнээсээ номоо айлдсаар байх болтугай" хэмээж байлаа.

Төвөд, Энэтхэгийн төрийн дуулал эгшиглэхэд Сикён буюу Төвөдийн Төв Захиргааны Тэргүүн Бямбацэрэн, Энэтхэгийн Төв засгийн газрын Загас агнуур, мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүний сайд, хүндэт зочин Ражив Ранжан Сингх нар хоёр улсын далбааг мандууллаа.

Үүний дараа Сикён хэд хэдэн оршил үг хэлэв. “Дээрхийн гэгээн та бид бүгдийг энх тайвны замд хөтөлдөг тул бид танд бие, хэл, сэтгэлээрээ хүндэтгэл үзүүлж байна. Хүмүүнлэг үнэт зүйлс, шашин хоорондын эв зохицол, эртний Энэтхэгийн мэргэн ухаан, Төвөдийн соёл уламжлалыг хадгалан үлдээх гэсэн дөрвөн амлалтынхаа талаар та онцгойлон сургасан билээ. Иймээс бид өнөөдрөөс эхлэн арван хоёр сарыг "Энэрэл нигүүлслийн жил" болгон зарлаж, найз нөхөд, дэмжигчдээ бидэнтэй нэгдэн, тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.”

Тэрбээр “Кашаг” (Төвөдийн төв захиргааны гүйцэтгэх дээд байгууллага)-с энэ талаар мэдэгдэл гаргасныг цаг хэмнэх үүднээс хүмүүс өөрсдөө уншихыг хүсээд, Дээрхийн гэгээнтэнд өнөө өглөө Ерөнхий сайд Модигоос ирсэн мэндчилгээг уншиж өгөв:

“Би 1.4 тэрбум энэтхэгчүүдийн хамтаар Дээрхийн гэгээн Далай лам таны мэлмий гийсний 90 насны ойн халуун мэндийг дэвшүүлж байна. Та хайр, энэрэл, тэвчээр, ёс суртахууны сахилга батын бэлэг тэмдэг байсаар ирсэн. Таны сургаал бүх шашныхны хүндэтгэл, бишрэлийг хүлээсэн билээ. Бид таныг эрүүл энх, урт наслахын төлөө залбирч байна.”

Дараа нь тэрбээр хүндэт зочдыг танилцуулав. Үүнд: Панчаяати Раж болон Загас агнуур, мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүний холбооны сайд Шри Ражив Ранжан Сингх; Парламентын асуудал болон Цөөнхийн асуудал эрхэлсэн сайд Шри Кирэн Рижижу; Аруначал Прадеш мужийн Ерөнхий сайд Шри Пема Канду гэр бүлийнхээ хамт; Сикким мужийн Шашны асуудал, Эрүүл мэндийн инженеринг, Усны нөөцийн сайд эрхэм Сонам лам; Ладакын автономит өндөрлөгийн хөгжлийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Шри Даши Гялсон болон түүнийг дагалдан ирсэн зөвлөлийн 12 гишүүн; ИТХ-ын гишүүд Друкпа Цэрэн, Судхир Шарма нар, Бүгд Найрамдах Чех Улсаас ирсэн дэмжигчид мөн Шри Ланкийн Ража Каруна нар байлаа.

Зураг. Сикён буюу Төвөдийн Төв Захиргааны тэргүүн Бямбацэрэн Дээрхийн гэгээнтэн Далай Ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээн, үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

Сикён мөн Төвөдийн Төв Захиргаатай нягт хамтран ажиллаж, саяхан танагдсан зарим сангуудын санхүүжилтийг сэргээхээр хичээнгүйлэн ажилласан АНУ-ын Төрийн департаментын томоохон төлөөлөгчид болон Дели дэх АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг онцлон дурдав. Төвөдийн асуудалд удаан хугацааны турш дэмжлэг үзүүлж байгаа мөн Төвөдийн төлөөх олон улсын кампанит ажлын удирдах зөвлөлийн дарга болох Ричард Гирийг бүгд таньж байгаа байх. Тэрбээр энд хүү Хомерын хамт иржээ. Одоогийн ГХЯ-ны харилцааны асуудал хариуцсан ажилтан болон түүний өмнөх хэд хэдэн албан хаагчид, Шри Хемраж Бхадвай, Цагдаагийн газрын ахлах комиссар Шалини Агнихотри нар мөн өөр олон найз нөхөд байсныг бүгдийг дурдаж барахын аргагүй олон байлаа.

“Энд бидэнтэй хамт байгаад нь Дээрхийн гэгээнтэнд талархаж байна” хэмээн Сикён үргэлжлүүлэн хэлэв. “Мөн Дээрхийн гэгээнтэн Далай ламын институцийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн амжилттай чуулга уулзалтанд оролцсон шашны удирдагчдад талархал илэрхийлье.”

Ингээд Дээрхийн гэгээнтнийг цугласан олонд хандан үг хэлэхийг урилаа.

“Өнөөдөр, эрхэм найзууд минь, та бүхэн миний 90 насны төрсөн өдрийг тэмдэглэж байна. Та бүхэн сэтгэл зүрхэндээ баяр хөөр тээн энд цуглажээ. Би бол хүн төрөлхтний нэг бөгөөд хүмүүс бие биедээ энэрэнгүй хандаж, туслаж дэмжих нь төрөлхийн мөн чанар. Буддын шашинтай орнуудаас гаралтай бидний хувьд ахан дүүсийн гэх мэдрэмж хүчтэй байдаг.”

“Би Шантидева гэгээний ‘Бодьсадвын явдалд орохуй’ номдоо бичсэнийг байнга эргэцүүлж, хамаг амьтныг найз нөхөд, төрөл садангаа хэмээн үздэг.”

“Та бүхэн энэ ёслолд сэтгэлдээ баяр баясгалан дүүрэн, аз жаргалтай оролцож байна. Та бүхний баяр хөөр сэхээрсэн бодь сэтгэлийг хөгжүүлж буй надад урам хайрлаж байна. Үүний үр дүнд олон хүн надад хүндэтгэлттэй ханддаг. Хэрэв би хувиа хичээсэн, аминч үзэлтэй байсан бол ийм байхгүй байлаа.”

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам 90 насныхаа ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр цугласан олонд хандан үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

“Бодь сэтгэл бол хүчирхэг бясалгал. Үүнийг хоосон чанарын үзэлтэй хослуулан гэгээрлийн суурийг тавьдаг. Лхас дахь Бурхан багшийн гол дүр болох Жовугийн өмнө би өөрийн багш нар болох Тагдаг ринбүчи, Лин ринбүчи, Трижан ринбүчи нарын удирдлага дор буддын шашны гэлэн сахил хүртсэн. Би түүнийгээ сайтар сахиж, бодь сэтгэлээр дагаж мөрддөг. Хэрэв би цаашид ч сайн бясалгаад байж чадвал нүд аних үедээ амар тайван байж чадна.”

“Өнөөдөр би 90 настай. Бодь сэтгэлээс гадна би төвлөрөл (шамата) болон гярхай ажиглал (випашяна)-ыг хөгжүүлэхийн тулд аль чадахаараа хичээж ажилласан. Би амьдралаа дэмий үрээгүй гэж боддог бөгөөд Далай лам хэмээх цолтой ч түүгээрээ бахархаад байдаггүй. Бурхан багшийн дагалдагч, гэлэн буюу хувраг хүний хувьд бусдад үйлчлэх, сургаальд үйлчлэх нь миний хийдэг гол зүйлс юм.”

"Жинхэнэ бодь сэтгэл аажмаар төрдөг хэдий ч би бусдад үйлчлэх хүсэл эрмэлзлээр хөтлөгдөж, тэр чинээгээрээ бусдаас илүү их баяр баясгалан ирж буйг мэдэрч байдаг.”

“Өнөөдөр энд олон хүн ямар нэгэн үүрэг хариуцлага бус, харин баяр баясгалан, хүндлэх сэтгэлийн үүднээс цуглажээ. Би та бүхнийг бодь сэтгэл, хоосон чанарыг бясалгахыг өөртөө дадуулаарай хэмээн уриалж байна. Баярлалаа."

Дараа нь Төвөдийн хилийн чанад дахь парламентын дарга Хэнпо Сонам Тэнпэл үг хэлэв. Тэрээр өнөөдрийн баярт хүрэлцэн ирсэн зочид, Төвөдийн төв захиргааны ажилтнууд, Дээрхийн гэгээнтний гэр бүлийн гишүүдэд талархал илэрхийллээ. Мөн Дээрхийн гэгээнтний Төвөд болон Энэтхэгт ирснээс хойших амжилтуудыг тоймлон, ялангуяа хилийн чанад дахь төвөдүүдийн дунд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн гурван тулгуур бүхий бүрэн эрхт ардчилсан тогтолцоог бий болгосон явдлыг онцгойлон дурдсан байна.

Зураг. Төвөдийн хилийн чанад дахь парламентын дарга Хэнпо Сонам ​​Тэнпэл Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

“Дээрхийн гэгээнтний амьдралыг ёслон тэмдэглэхэд үнэхээрийн сайхан өдөр байна” хэмээн Ричард Гир үгээ эхлэв. “Эдгээр гайхалтай зочид энэ дэлхий дээр амьдарч байсан хамгийн онцгой хүмүүсийн нэгэнд хүндэтгэл үзүүлэхээр цугласан байна. Тэрбээр төрсөн өдөрт тийм ч их ач холбогдол өгдөггүй ч бидний хувьд ялангуяа энэ өдөр маш онцгой. Түүний хувьд өдөр бүр, амьсгал бүр нь төрсөн өдөр байдаг. Би барууны нилээд энгийн амьдралаар амьдардаг гэж болох ч Дээрхийн гэгээнтэн бусдын төлөө өөрийгөө үл хайхрах, энэрэх, нигүүлсэхийн биелэл билээ. Дээрхийн гэгээнтэн бол зөвхөн Төвөд бус, дэлхий нийтийн хүн юм.”

Зураг. Төвөдийн төлөөх олон улсын кампанит ажлын Удирдах зөвлөлийн дарга Ричард Гир Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

Ладакын Даши Гялсон бусад зочдод хүндэтгэл үзүүлээд, цугласан олонд хандан, Ладакын автономит өндөрлөгийн хөгжлийн зөвлөл саяхан Төвөдийн асуудлыг хариуцах албан тушаал бий болгосныг мэдэгдэв. "Дээрхийн гэгээнтний амьдрал энэрэл, нигүүлслийн замыг заасаар ирсэн. Таны оршихуй бидэнд хүч чадал, итгэл найдвар өгсөн. Удахгүй манайд айлчлах гэж байгаад тань бид баяртай байна. Бид долдугаар сарыг энэрэл нигүүлслийн сар хэмээн зарлаж байна. Даши Дэлэг, Жулай."

Зураг. Ладакын автономит өндөрлөгийн бүсийн хөгжлийн зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлийн дарга Даши Гялсон Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

“Сиккимийн Ерөнхий сайд болон ард түмний нэрийн өмнөөс Дээрхийн гэгээнтэнд 90 насны ойн баярын мэндчилгээ дэвшүүлье” хэмээн эрхэм Сонам лам айлтгав. “Эрхэм дээд V Далай лам Сиккимтэй онцгой холбоотой байсан ба манай сүм, хийдүүдийн ихэнх нь түүний үеэс эхтэй. Сикким болон Далай ламуудын харилцаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд Сиккимийн ард түмэн бид усанд хольсон сүү шиг салшгүй холбоотой юм.”

Зураг. Сикким мужийн Шашны хэрэг, нийгмийн эрүүл мэндийн инженерчлэл, усны нөөцийн сайд Сонам ​​лам Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

Аруначал Прадеш мужийн Ерөнхий сайд Пема Канду Энэтхэг зочид болон олон улсын төлөөлөгчдөд мэндчилгээ дэвшүүлэв. “Энд та бүхэнтэй хамт байгаадаа би асар их бахархаж байна. Дээрхийн гэгээнтэн бол дэлхий даяар сая сая хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн энэрэл, нигүүлслийн бэлгэ тэмдэг юм. Тэрээр өөрийн оюун санааны өв болох Наландагийн уламжлалыг авч үлдээд зогсохгүй, Төвөд бол Азийн усан цамхаг гэдгийг хүмүүст сануулсан. Тэрээр манай Аруначал Прадеш мужид байнга айлчилж, бид түүнээс урам зориг авдаг билээ.”

“Зүрх сэтгэлд хариуцлага, тогтвортой амар амгалангийн мэдрэмжийг хөгжүүлэх нь айдас бус, дотоод амар амгалан дээр үндэслэдэг. Жинхэнэ саруул ухаан эрх мэдэлд бус харин бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чадварт оршдог гэдгийг тэрбээр бидэнд үлгэрлэж үзүүлдэг. Хүн төрөлхтний хамгийн агуу баялаг бол нинжин сэтгэл. Энэтхэг улс Дээрхийн гэгээнтний хоёр дахь гэр болсон нь онцгой азтай хэрэг билээ. Тэрбээр Нагаржунай, Шиваанцо (Шантаракшита), Адиша зэрэг эртний Энэтхэгийн их багш нарт талархаж явдгаа үргэлж илэрхийлж, тэдгээрийн сургаалийг өнөө үед сэргээхийг зорьж байдаг. Дээрхийн гэгээнтний алсын хараагаар төвөдийн шашны уламжлалууд Энэтхэгийн энд тэнд хорогдох боломжтой болсон. Тэрбээр мөн Гималайн бүс нутгийг бүхэлдээ оюун санаа болон соёлын баялаг өвөө сэргээж, хадгалахад нөлөөлсөн билээ.”

“Аруначал Прадеш муж V Далай ламаас хойш үе үеийн Далай лам нартай нягт холбоотой байж ирсэн. Далай ламын институт үргэлжлэх болно хэмээх Дээрхийн гэгээнтний мэдэгдэл нь сая сая хүмүүс, ялангуяа Гималайн буддын шашны нийгэмлэгт харьяалагддаг хүмүүсийн сэтгэлийг амрааж, ойлгомжтой байдлыг авчирлаа. Энэхүү шийдвэр нь шашин шүтлэгийн эрх чөлөө хэмээх зүйлийн утга учрыг бэхжүүлж байна."

Зураг. Аруначал Прадеш мужийн Ерөнхий сайд Пэма Ханду Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр түүнд дурсгалын самбар гардуулж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

“Аруначал Прадеш мужийнхан, ялангуяа Монпачууд болон Гималайн бүс нутгийн бусад ард түмэн түүний алсын харааг тууштай дэмжиж, сургаалыг нь эрхэмлэн, Дээрхийн гэгээнтэнд урт нас, эрүүл энх, баяр баясгаланг хүсэн ерөөж байна. Түүний амьдрал хүн төрөлхтнийг энх тайван, харилцан ойлголцол, эв нэгдэл рүү хөтөлсөөр байх болтугай. Дээрхийн гэгээн Далай лам урт наслах болтугай! Вод-Гяло, Даши Дэлэг, Жай Хинд!”

Хүндэт зочин Кирэн Рижижу Дээрхийн гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж, бусад зочидтой мэндчилэв. Тэрбээр “Дээрхийн гэгээн Далай лам бол дэлхийн хамгийн их хүндлэл хүлээсэн оюун санааны удирдагчдын нэг бөгөөд Энэтхэг улсын хүндэт зочин билээ. Тэрбээр эртний Энэтхэгийн мэргэн ухааныг дамжуулж, энэтхэгчүүд биднийг тэрхүү мэдлэгээ сэргээн хөгжүүлэхийг уриалдаг. Далай ламын институцийн ирээдүйн талаар түүний гаргасан аливаа шийдвэрийг бид дагаж, дэмжих болно.” хэмээн мэдэгдлээ.

“Дээрхийн гэгээнтний 80 насны ойн баярт оролцох завшаан надад тохиож байсан бөгөөд өнөөдөр ч бас энд байна. Төвөдийн нийгэмлэг хаа байгаа газраа энх тайвныг эрхэмлэж, нийгэмд эерэг хувь нэмэр оруулдаг.”

“2023 онд би Дээрхийн гэгээнтэнтэй хамт ‘Далай ламын нэрэмжит Төвөд болон Эртний Энэтхэгийн Мэргэн Ухааны Төвийн’ шавыг тавихад оролцож байлаа. Шашин хоорондын хил хязгаарыг хэдийнэ давж гарсан тэрбээр бидний дунд үргэлжид байгаасай хэмээн хүсч байна.”

“Дээрхийн гэгээнтний амьдралын энэхүү чухал үйл явдлыг тэмдэглэхдээ Энэтхэг, Төвөдийн гүн гүнзгий түүхэн харилцаанд хүндэтгэл үзүүлэх нь чухал юм. VIII зуунд Шиваанцо, ловон Бадамжунай зэрэг агуу багш нар Энэтхэгээс Төвөд рүү аялж, Төвөдийн газар шороонд дэлгэрсэн номын үрийг суулгасан билээ. Наландагийн гүн гүнзгий уламжлалд суурилсан эдгээр сургаалыг Төвөдийн эрдэмтэд хадгалж, хөгжүүлж ирсэн юм.”

Зураг. Энэтхэгийн Засгийн газрын Парламентын асуудал эрхэлсэн холбооны сайд Шри Кирен Рижижу Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

“Энэтхэгийн ард түмэн, засгийн газрын нэрийн өмнөөс би Дээрхийн гэгээнтний бадамлянхуан өлмийн өмнө мэхийн, 90 насны ойн баярын мэнд хүргэж, өөрийн энэрэл нигүүлслээр биднийг болон зовж буй хүн төрөлхтнийг хөтлөн чиглүүлсээр байхын тухайд урт удаан наслахыг хүсэн ерөөж байна. Тэр бол алсын хараатай төрийн зүтгэлтэн, дэлхий дахины ёс зүйд нөлөөлдөг оюун санааны их багш юм. Энэрэл нигүүлсэл, ажиглал төвлөрөл, шүтэн барилдлагын талаар түүний сургаалиуд нь бүхий л шашин шүтлэг, гарал үүсэлтэй хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч байдаг.”

“Пражна буюу мэргэн ухаан, каруна буюу энэрэл нигүүлслийг хослуулсан бодь сэтгэлийн үзэл санааг орчин үеийн нийгэмд хэрэгжүүлсэн нь үнэхээр онцгой. Тэрбээр манай улсад байгаа нь хувь ерөөлтэй хэрэг. Тэрбээр Энэтхэг улс дотоод амар амгаланг хөгжүүлснээр дэлхийд энх тайван тогтооход чухал хувь нэмэр оруулж чадна гэсэн үзлийг баримталдаг бөгөөд Энэтхэг улс эртний эрдэм мэдлэгээ сэргээх хэрэгтэй гэдгийг байнга онцолж ирсэн билээ.”

“Шүтлэгтэй хүний хувьд би дэлхий даяарх сая сая сүсэгтнүүдийн өмнөөс Дээрхийн гэгээнтэн тогтсон уламжлалуудын талаар ямар ч шийдвэр гаргасан бай, бид түүний төлөөлөгчийн газраас гаргасан удирдамжийг бүрэн дагаж мөрдөх болно гэдгийг онцлон хэлмээр байна."

Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож буй төвөдийн буддын шашны уламжлалуудын ахмад гишүүд. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Замлин Норов.

“Би 2025 оны 7 сарын 6-с 2026 оны мөн үеийг хүртэлх хугацааг Энэрэл нигүүлслийн жил болгон зарлах тухай Төвөдийн төв захиргааны мэдэгдлийг талархан хүлээн авч байна. Энэ нь бидний зүгээс Дээрхийн гэгээнтний хүмүүнлэг үнэт зүйлс, энэрэл нигүүлслийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих, Төвөдийн соёлыг хадгалж, байгаль орчныг хамгаалах мөн эртний Энэтхэгийн мэргэн ухааныг Наландад хөгжиж байсан байдлаар нь сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн цуцашгүй хүчин чармайлтад нь талархаж буйг илэрхийлж байгаа юм. Энд байх завшаан надад тохиосонд үнэхээр талархаж байна. Даши Дэлэг.”

Ражив Ранжан Сингх бусад зочидтой мэндчилэн, Дээрхийн гэгээнтэнд төрсөн өдрийн мэнд хүргэв. “Та бидэнд хүчирхийллээс ангид, мэргэн ухааны зам мөрийг хуваалцах болтугай. Эрт цагт Сиддхарта Готама бясалгал хийж, гэгээрэлд хүрч, түүний сургаал Бихараас тархсан билээ. Одоо Энэтхэгт шинжлэх ухаан, буддизмыг сонирхох хандлага нэмэгдэж байна. Дармагирди бол логикийн агуу багш байсан бөгөөд түүний үзэл санаа нь Төвөд, Монголд дамжин тархсаныг тэд дэлгэрүүлж, судалсан байдаг. Үүний үр дүнд эртний Энэтхэгийн уламжлал Энэтхэгт дахин амилж байна.”

Зураг. Энэтхэгийн Засгийн газрын Нутгийн өөрөө удирдах асуудал болон Загас агнуур, мал аж ахуй, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн сайд Ражив Ранжан Сингх Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үг хэлж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Замлин Норов.

“Бурхан багшийн сургаалыг учир шалтгаан, логикоор нягтлан шалгасан байдаг. Энэ бүхэн миний нутаг Бихараас эхэлсэнд би ялангуяа баяртай байна. Бодгаяа дахь Далай ламын нэрэмжит шинэ төв нь Наландагийн уламжлалд үндэслэсэн олон талт институт болон байгуулагдаж байна. Хэрхэн хөгжихийг нь бид яваандаа харах болов уу.”

“Дээрхийн гэгээн таны 90 насны ойг тохиолдуулан гүн хүндэтгэл илэрхийлъе. Даши Дэлэг.”

Энэтхэг, Бутаныг хариуцсан Төрийн нарийн бичгийн даргын орлогч Бетани Поулос Моррисон товч мэндчилгээ уншлаа:

“Энд байх завшаан тохиосон нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн илгээсэн мэндчилгээг та бүхэнд уншиж өгъе.”

“Америкийн Нэгдсэн Улс Дээрхийн гэгээн Далай ламд 90 насны ойг тохиолдуулан хамгийн сайхныг хүсэн ерөөж байна. Дээрхийн гэгээнтэн энх тайван, эв нэгдэл, энэрэл нигүүлслийн сургаалаараа дамжуулан бидэнд урам зориг өгсөөр байна. Америкийн Нэгдсэн Улс Төвөдийн ард түмний хүний эрхийг дээдлэх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх тал дээр тууштай байр суурийг баримталсаар байгаа. Бид тэдний хэл, соёл, шашны өвөрмөц өвөө хадгалах, тэр дундаа шашны удирдагчдаа хөндлөнгийн оролцоогүйгээр чөлөөтэй сонгох, шүтэх тал дээр гаргаж буй хүчин чармайлтыг хүндэтгэдэг билээ. Баярлалаа.”

Зураг. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Энэтхэг, Бутаныг хариуцсан орлогч Бетани Пулос Моррисон Дээрхийн гэгээнтний 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогоос Дээрхийн гэгээн Далай ламд илгээсэн төрсөн өдрийн мэндчилгээг уншиж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

Америкийн Нэгдсэн Улсын өмнөх гурван Ерөнхийлөгч асан богино хэмжээний видео мэндчилгээ илгээжээ. Ерөнхийлөгч Билл Клинтон "Хиллари бид хоёр Дээрхийн гэгээн танд 90 насны ойн баярын мэндчилгээ дэвшүүлж буй тоо томшгүй олон шүтэн бишрэгчидтэй нэгдэж байгаадаа баяртай байна. Амьдралынхаа туршид та энх тайван, яриа хэлцэл, харилцан ойлголцлын төлөөх хамгийн агуу дуу хоолойнуудын нэг болж ирсэн. Та сая сая хүмүүсийг өөрийн үлгэр жишээгээр дагуулсан. Таны мэргэн ухаан бидэнд урьд өмнөхөөс илүү хэрэгтэй байна" хэмээсэн байна.

Ерөнхийлөгч Жорж В. Буш: "Миний анд нөхөр Далай лам танд 90 насны ойн баярын мэнд хүргэе. Дэлхий ертөнц гэдэг түгшүүртэй газар. Бидэнд Дээрхийн гэгээн таны нинжин сэтгэл, нигүүлсэл, хайр энэрлийн хүч урьд урьдаас илүү хэрэгтэй байна. Таны үзүүлсэн үлгэр жишээнд баярлалаа. Цаашид олон олон аз жаргалтай төрсөн өдөр тохиох болтугай." хэмээжээ.

Ерөнхийлөгч Барак Обама Дээрхийн гэгээнтэнд хандан: "Миний мэдэх хамгийн залуу 90 настанд төрсөн өдрийн мэнд хүргэе. Эрхэм анд найз, Дээрхийн гэгээн Далай лам та миний амьд явсан хугацаанаас илүү удаан хугацаанд дэлхийн хэмжээний удирдагч байсныг ухаарахад бардам зан минь дарагдах шиг боллоо. Та энэрэл нигүүлслийг хөгжүүлэх, эрх чөлөө, нэр төрийн төлөө дуугарах гэж юу болохыг үе үеийнхэнд харуулсан нь өөрийгөө буддын эгэл жирийн хувраг хэмээн тодорхойлдог хүний хувьд тун муугүй шүү. Дээрхийн гэгээнтэн танд төрсөн өдрийн мэнд хүргэе! Таны нөхөрлөл, үлгэр жишээнд баярлалаа." хэмээн мэндчиллээ.

Тайванийн Ерөнхийлөгч мөн мэндчилгээ илгээсэн байна: "Дээрхийн гэгээн таны 90 насны төрсөн өдөрт зориулж эрүүл энх, урт наслахын өлзийтэй ерөөлийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье."

Төрсөн өдрийн өндөр бялууг хувааж, Дээрхийн гэгээнтэн эхний хэрчмийг зооглов. Үлдсэн хэсгийг цугласан хүмүүст тарааж өглөө.

Зураг. Дээрхийн гэгээн Далай лам өөрийн төрсөн өдрийн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр төрсөн өдрийн бялуунаасаа амсаж байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

Дээрхийн гэгээнтний 90 насны ойд зориулсан "Готон" сэдэвт дууг Мохит Чаухан, Бхидиши Сэн нар тэргүүлэн хинди болон англи хэлээр дуулав. Хятад уран бүтээлч Дээрхийн гэгээнтэнд өөрийн бүтээлээ өргөн барьсан бол, парламентын дарга XIV Далай ламын шинэ намтрыг танилцууллаа. Сикён Төвөдийн төв захиргаанд удаан хугацаанд үр бүтээлтэй ажилласан гишүүдэд шагнал гардуулав. Зочдод дурсгалын зүйлс тарааж өглөө.

Зураг. Төвөдийн Урлагийн дээд сургуулийн уран бүтээлчид Дээрхийн гэгээн Далай ламын 90 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байна. Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, Төвөдийн гол дуганы гадна талбай. 2025 оны 7 сарын 6. Зургийг Тэнзин Чойжор.

Зохион байгуулагчид Дээрхийн гэгээнтнийг хөдлөхөөр болсныг мэдэгдэж, хурсан олныг чимээгүй байхыг хүслээ. Тэрбээр талбай дундуур алхахдаа сүсэгтэн олон, сайн санаат хүмүүс, үзэгчид руу инээмсэглэн, даллаж байв. Түүнийг хаалганд хүрч, толгод өгсөн өргөө рүүгээ явсны дараа олон улсын дуу хуур, бүжиг наадам эхэллээ.

Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл

  • Твиттер
  • Фейсбүүк
  • Инстаграм
  • Youtube
  • Зохиогчийн эрх Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын оффист хадгалагдана.

Түгээх

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Цахим шуудан
Хуулах

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Italiano
  • Français
  • Deutsch
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Олон нийтийн сүлжээ

  • Фейсбүүк
  • Твиттер
  • Инстаграм
  • Youtube

Choose Language

  • Chinese
  • Tibetan
  • English
  • Hindi
  • Japanese
  • Deutsch
  • Italiano
  • Français
  • Spanish
  • Russian
  • Vietnamese

Search Website

Popular Searches

  • Schedule
  • Biography
  • Awards
  • Homepage
  • XIV Далай Лам
    • Намтар хийгээд өдөр тутмын амьдрал
      • Өөртөө хүлээсэн үндсэн үүргүүд
      • Товч намтар
      • Төрснөөс дүрвэх хүртэл
      • Өдөр тутмын амьдрал
    • Онцлох үйл явдал, шагнал өргөмжлөл
      • Онцлох үйл явдлууд
      • Гавьяа, шагнал 2000 - Өнөө хүртэл
        • Гавьяа, шагнал 1957 - 1999
      • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2011 - Өнөө хүртэл
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2005 - 2010
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 2000 - 2004
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1990 - 1999
        • Гадаад орнуудын өндөр тушаалтай албаны хүмүүстэй хийсэн уулзалт, 1954 - 1989
      • Айлчлал
        • Айлчлал 2010 оноос - Өнөөг хүртэл
        • Айлчлал 2000 он - 2009 он
        • Айлчлал 1990 он - 1999 он
        • Айлчлал 1980 он - 1989 он
        • Айлчлал 1959 он - 1979 он
  • Ажлын хуваарь
    • 2025 Archive
    • 2024 Archive
    • 2023 Archive
    • 2022 Archive
    • 2021 Archive
    • 2020 Archive
    • 2019 Archive
    • 2018 Archive
    • 2017 Archive
    • 2016 Archive
    • 2015 Archive
    • 2014 Archive
    • 2013 Archive
    • 2012 Archive
    • 2011 Archive
    • 2010 Archive
    • 2009 Archive
    • 2008 Archive
  • Мэдээ
  • Зургийн цомог
  • Видео
  • Хэлсэн үг, илгээлт
  • Номын айлдвар
    • Номын айлдварт суухад анхаарах зүйлс
    • Дарамсала хотын хөтөч
    • "Оюун судлахуйн найман бадагт" шүлгийн тайлбар
      • Оюун судлахуй: Эхний бадаг
      • Оюун судлахуй: Хоёрдугаар бадаг
      • Оюун судлахуй: Гуравдугаар бадаг
      • Оюун судлахуй: Дөрөвдүгээр бадаг
      • Оюун судлахуй: Тав, зургаадугаар бадаг
    • Үнэн үгийн залбирал
    • Цогт Цагийн хүрдэн буюу Дүйнхор бурхны бүтээлийн тухай
  • Оффис
    • Нийтийн уулзалт
    • Хувийн уулзалт
    • Хэвлэлд өгөх ярилцлага
    • Урилга
    • Холбоо барих
    • "Далай Лам Траст" сан
  • Ном
  • Live - Монгол
  • Дэлхийн өдөрт зориулсан илгээлт
  • Шууд дамжуулалт