Зураг. 2007 оны 11 дүгээр сарын 20-нд Ёокогама хотын Үндэсний хурлын танхимд болсон Японы буддистуудын нэгдсэн чуулга уулзалтад морилон ирсэн Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн олонтой мэндчилж буй нь... Дэлгэрэнгүй зураг үзэх бол энд дарна уу. Зургийг Данзандасэл.
Япон улс, Ёокогама хот. 2007 оны 11 дүгээр сарын 20. Энх тайван, итгэл найдварын тухай илгээлтийг нь сонсохоор Канагава мужийн Ёокогама хотын Үндэсний хурлын танхимд голчлон япон үндэстэн 5000 орчим буддист цугларчээ. Японы буддистуудын холбоо (AJBF), Канагавагийн буддистуудын холбоо (KBF) тус тусын 50, 40 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Буддистуудын чуулга уулзалтад “Итгэл хийгээд энх тайван” сэдвээр үг хэлэхийг Дээрхийн гэгээнээс хүссэн байна.
Дээрхийн гэгээн Далай лам өөрийн туршлага болон төвөдийн буддын шашны уламжлалаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан өнөөгийн дэлхий ертөнц дэх хүний төсөөлөл болоод бодит байдлын хоорондын зөрүүг багасгах замаар хэрхэн илүү энх тайван дэлхийг бий болгох талаар ярив. Дээрхийн гэгээн Далай лам дэлхий дахинд тулгарч буй хүний гараар бий болсон олон асуудал, хямралын шалтгааныг “бодитой хандлага” дутагдаж буйтай холбон тайлбарлав.
Залуу үеийнхний дунд “сэтгэл зүйн болон сэтгэл хөдлөлийн хямрал” нэмэгдэж, дэлхий дахинд “байгаль орчинд учирч буй хохирол” өсөн нэмэгдэж буйг онцлон тэмдэглээд, Дээрхийн гэгээн Далай лам буддистуудын чуулга уулзалтад оролцогчдод хандан, “Бидэнд тулгарч буй эдгээр асуудлыг хүн төрөлхтөн өөрсдөө бий болгосон. Зарим тохиолдолд алдаа гаргаснаас, зарим тохиолдолд хайхрамжгүй байдлаас, мөн зарим тохиолдолд мунхаг байдлаас үүдэлтэй байдаг. Хүний төсөөлөл болоод өнөөгийн бодит байдлын хоорондын зөрүүг багасгах хэрэгтэй. Олон асуудлыг шийдвэрлэхэд илүү ухаалаг хандлагыг бий болгохын тулд энэ хоёрын хоорондын ялгаа улам бүр багасах ёстой” хэмээн айлджээ.
Төвөдийн оюун санааны удирдагч баян, ядуугийн хоорондох асар их ялгааг мөн таашаасангүй. Түүний хэлснээр энэ ялгаа АНУ, Япон зэрэг хөгжсөн орнуудад ч байдаг аж.










