Энэтхэг улс, Шинэ Дели хот. 2010 оны 11 дүгээр сарын 18. Тажмахал зочид буудалд "Хармони" сангаас зохион байгуулсан ёслолын үеэр Дээрхийн гэгээн Далай ламыг Тереза эхийн нэрэмжит “Олон улсын нийгмийн шударга ёсны шагнал"-аар өргөмжиллөө.

Ёслолын үеэр "Хармони" сангийн ерөнхийлөгч, Махараштра мужийн Цөөнхийн асуудал эрхэлсэн хорооны дэд дарга доктор Абрахам Матай энэхүү шагналын эзэн Дээрхийн гэгээнийг "Түүхийг шинээр бүтээгч, оюун санааны дэлхийн бэлгэ тэмдэг, тод сонсогдох дуу хоолой, энх тайван, нийгмийн шударга ёсны төлөөх дэлхийн дуу хоолой" хэмээн хэлэн өргөмжиллөө.
Дээрхийн гэгээн шагналыг болгоох мөчид Калькутта дахь Тереза эхийн төвд анх айлчилж байсан тухайгаа дурслаа. “Тереза эхийн сэтгэл санаа түүнийг эндээс одсон хойно ч мөнхөд амьд оршиж буйд сэтгэл машид хөдөлж байна. Энэ бол маш чухал. Учир нь тэрбээр байхгүй ч гэсэн түүнийг дагалдагчид ядуу, өнчин, хоргодох газаргүй хүмүүст үйлчилж түүний өв уламжлалыг үргэлжлүүлэхэд бүрэн зүтгэсээр байна. Бүх томоохон шашин энэрэл, өршөөл, хүлцэл зэрэг хүний үнэт чанаруудыг төлөвшүүлэх, бэхжүүлэх ижил чадвартай билээ. Тереза эх бол христийн шашны итгэлээсээ дотоод хүч чадлаа олж авсан католик шашны гэгээн эмэгтэй байсан бөгөөд түүний итгэл бишрэл нь хувь хүнд сайн сайхныг авчирдаг төдийгүй бусдад туслах сэтгэлийг төрүүлдэг билээ. Материаллаг үнэт зүйл нь зөвхөн бие махбодын тав тухыг л өгдөг тул өөрийн гэсэн хязгаартай. Харин тайван, энэрэнгүй сэтгэл нь дотоод амгалан тайван байдлыг авчирдаг билээ” хэмээжээ.

“Энэтхэгт олон шашны уламжлал харьцангуй эв найртай зэрэгцэн оршиж буй нь шашин хоорондын эв найрамдал, ахимса буюу хүчирхийлэлгүй байдлыг эрхэмлэж ирсэн эртний энэтхэгийн уламжлалтай холбоотой юм. Заримдаа өөр өөр үзэл бодлын хооронд маргаан, хэлэлцүүлэг гарах тохиолдол байдаг ч энэ нь байдаг л нэг хэвийн зүйл юм. Энэ өдрийн бусад шагналтнуудыг машид биширч байна. Тэдний гүн хямралд орсон, эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүсийн төлөөх шударга ёс, эрх тэгш байдлыг бэхжүүлэхэд хийж буй өөрийгөө умартсан, шантралгүй зүтгэл, чин эрмэлзэл нь Энэтхэгт хөгжил дэвшил, өөрчлөлтийг авчрахад ихээхэн хувь нэмэр оруулах болно. Гэхдээ жинхэнэ өөрчлөлт энэтхэгийн хөдөө орон нутгаас эхлэх ёстой” хэмээн айлдав.

Энэхүү шагналыг Дээрхийн гэгээнд Калькутта хотод төвтэй христийн номлогчид, жүжигчин Рани Мукержи нар өргөн барьжээ. Рани Мукержи "Дээрхийн гэгээний адислалыг хувь төгөлдөр, цөөн хүмүүс л хүртэж чаддаг билээ. Иймд түүнтэй нэг танхимд байгаага их хувь тохиол хэмээн санаж байна” гэжээ.
"Хармони" сан энэ удаа энх тайван, хүлцэл, эрх тэгш байдал, нийгмийн шударга ёсыг цогцлоох үйлсэд хувь нэмэр оруулсан бусад олон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийг мөн өргөмжилжээ. Тэдний дунд мэдээлэл олж авах эрхийн төлөө, мөн эмэгтэйчүүд болон хөдөөгийн ядуу иргэдийг чадавхжуулахын төлөө ажилласан Аруна Рой болон түүний удирдсан "Мажур Кисан Шакти Сангатан" байгууллага байв. Рой бол 2005 онд Мэдээлэл олж авах эрхийн тухай хууль батлагдахад хүргэсэн тус эрхийн хөдөлгөөний нэр хүндтэй удирдагч юм. Хүний эрхийн асуудлаар хууль зүйн тусламж үзүүлдэг Энэтхэгийн Дээд шүүхийн ахлах өмгөөлөгч Колин Гонсалвес, Делид гэр оронгүй, тусламж чухал хэрэгтэй хүмүүст үйлчилдэг "Сева Ашрам" төрийн бус байгууллага, Далитуудыг чадавхжуулах, эрх чөлөөг нь авч өгөхөд зүтгэсэн доктор Удит Раж, төрийн албаны дээд шатны ялангуяа цагдаа, татварын байгууллагын авлигын эсрэг тэмцсэн ноён Ү.П.Сингх, дуу чимээний бохирдол, байгаль орчны асуудлаар сурталчилгаа явуулсан Сумайра Абдулали нар шагнуулав. Мөн Пакистаны сенатор, холбооны хууль зүйн сайд, ерөнхий прокурор асан Сайед Икбал Хайдер хүний эрхийн төлөөх идэвхтэй үйл ажиллагааныхаа төлөө өргөмжлөгдөв.
Шагнал гардуулах ёслолд нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд оролцсон бөгөөд тэдний дунд Энэтхэгийн ерөнхий шүүгч асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга шүүгч Ж.С.Верма, Ерөнхий сонгуулийн комиссар асан Г.В.Г.Кришнамурти, Цөөнхийн үндэсний комиссын орлогч дарга доктор Т.Сангляни, парламентын гишүүд Милинд Деора, Жозе К.Мани, доктор Б.Мунгекар, Санжай Патил, Махатма Гандигийн гуч Тушар Ганди, Свами Агнивеш нар байв. Олон улсын зочдын дунд Бангладеш улсын Дээд комиссар тэргүүн эрхэм Ахмад Тарик Карим, Йемен улсын Элчин сайд Хадижа Радман Мохаммед Ганем, Европын Холбооны төлөөлөгчийн газрын орлогч дарга ноён Павел Свитил, Германы Элчин сайдын яамны орлогч дарга Кристиан Матиас Шлага, Австрийн Элчин сайдын яамны орлогч дарга Раймунд Магис, Бразилын нарийн бичгийн дарга Натанаэл Силва нар оролцжээ. Түүнчлэн хүний эрхийн төлөө дуу хоолойгоо өргөдөг, энэтхэгийн кино найруулагч, Махеш Бхатт мөн хүрэлцэн ирсэн байв.










