Испани улс, Барселона хот. 9 дүгээр сарын 10. Өнөөдөр Дээрхийн гэгээн Далай лам Испани улсын Барселона хотын “Палау Сант Жорди” олимпийн цэнгэлдэх хүрээлэнд “Аз жаргалын урлаг” сэдвээр илтгэсэн бөгөөд уг арга хэмжээнд 11,000 гаруй хүн оролцлоо.
Хөтөлбөр Монтсеррат хийдийн найрал дууны тоглолтоор эхэлсэн юм. Монтсерратын хөгжмийн бүтээлүүд дэлхий даяар маш алдартай бөгөөд тус хийдийн найрал дууны хамтлаг өнөөг хүртэл 100 гаруй найрал дууны цомог бичүүлээд байна. Үүний дараа Испанийн нэрт дуучин Мария дел Мар Бонет ая дуугаар бэлэг барилаа.
Испани дахь Төвөдийн нийгэмлэгийн гишүүд төвөд дуу дуулсан бөгөөд уг дууг 2 жилийн өмнө Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалд зориулан, дараа нь цуцлагдсан айлчлалыг тохиолдуулан, Данзанчойжил (Yeshi Norbu цомгоороо алдартай) хөгжмийг нь зохиож, Багри ринбүүчи үгийг нь бичсэн байжээ.
Дээрхийн гэгээн Далай лам саяхан таалал төгссөн, дотнын найз, католик шашны ламыг дурсаж, хүндэтгэл болгон цагаан хадаг өргөв. Мөн дуу дуулсан төвөдүүдэд талархал илэрхийлэн, шинэ эх орондоо төвөдийн соёлыг хадгалан авч үлдэж буйг нь өндрөөр үнэллээ.
“Аз жаргалын урлаг” сэдвийн хүрээнд тэрбээр хаана ч очсон хүмүүсийг илүү аз жаргалтай, эрүүл саруул сэтгэдэг хүн болоход нь туслахын тулд дотоод үнэт зүйлсийн талаар ярьдаг гэдгээ хэлэв. Зарим хүмүүсийн боддог шиг бусдыг эдгээх ямар нэгэн ер бусын хүч чадал өөрт нь байхгүй гэдгийг онцоллоо. Харин тэрбээр бодитой арга, бодит хандлагад тулгуурлан дотоод амар амгалангийн тухай ярьдаг байна.
“Амьдралын минь гол зорилго бол аз жаргалтай байх, аз жаргалтай амьдрах явдал. Бүх мэдрэхүйт амьтан аз жаргалыг хүсэж, зовлон зүдгүүрийг даван туулахыг эрмэлздэг бөгөөд аз жаргалтай байх эрхтэй байдаг. Зовлон зүдгүүр нь мэдрэхүйн болоод оюун санааны гэсэн хоёр түвшинтэй. Мэдрэхүйн түвшний зовлон нь хүнээс эхлээд жижиг шавж хүртэлх бүх мэдрэхүйт амьтны хувьд бараг адил байдаг. Оюун санааны түвшний зовлонгийн хувьд ихээхэн ялгаа бий. Хүмүүс бид илүү хүчирхэг оюун ухаан, ой санамжтай учраас оюун санааны хувьд илүү хүчтэй, их зовлонг мэдрэх хандлагатай байдаг. Үндсэндээ хүчирхэг оюун ухаан, сайн ой санамж нь эерэг зүйл бөгөөд амжилт, бүтээлч байдлын эх үүсвэр болдог ч зовлон, асуудал, өвдөлтийн шалтгаан ч болж болно. Жишээлбэл, одоо бүх зүйл нь бүрдсэн, тав тухтай амьдралтай хүн өнгөрсөн үйл явдлын дурсамжаас болж уур хилэн, үзэн ядалт, айдас, сэтгэл дундуур байдлыг мэдэрч болно. Үүний нэгэн адил ирээдүйн талаар бодох чадвараасаа болж бид хэт их эргэлзээ, айдаст автаж, улмаар уур хилэн, сэтгэл дундуур байдлыг бий болгож болно. Энэ хоёр түвшнээс оюун санааны түвшин нь илүү ноцтой асуудал юм. Оюун санааны тавгүй байдлыг бие махбодын тав тухаар намжаах боломжгүй. Харин бие махбодын зовлон бэрхшээлийг оюун санааны аз жаргал, сэтгэл ханамжаар даван туулж болно. Мэдрэхүйн буюу бие махбодын түвшний мэдрэмж нь шууд, нэн даруй илэрдэг учраас бид түүнд илүү их анхаарал хандуулдаг. Стресс, түгшүүр, уур хилэн, үзэн ядалт зэрэг оюун санааны түвшний асуудлууд нь оюун ухаанаас үүдэлтэй тул бид эдгээр асуудлыг оюун ухаанаараа дамжуулан даван туулах арга замыг олох ёстой” хэмээн айлдсан юм.
Тэрбээр шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэснээр илтгэлээ өндөрлөсөн бөгөөд ялангуяа өнөө үед харилцан ойлголцол, хүндэтгэлд суурилсан ойр харилцаатай байх нь нэн чухал гэдгийг хэлэв. Учир нь өөр өөр шашин шүтлэгтэй байснаас хүн төрөлхтний дунд илүү их зөрчилдөөн, хуваагдал үүсэх тохиолдол байдаг нь тун харамсалтай юм.
Түүний илтгэлийн дараа асуулт хариултын хэсэг болж, бурхны тухай ойлголт, шинжлэх ухаан, Буддын шашнаас эхлээд дэлхийн энх тайван хүртэлх өргөн хүрээний сэдвээр асуултууд байлаа. Төвөдийн өнөөгийн нөхцөл байдал болоод дэлхий нийт Төвөдийн үйл хэргийг хэрхэн дэмжиж болох талаар асуухад тэрбээр Төвөдөд санаа тавьж буйд нь талархал илэрхийлээд, “Төвөдүүд үнэхээр хүнд хэцүү үеийг туулж байна” хэмээгээд, Төвөдийн баялаг соёл, байгаль орчныг хамгаалах хамгийн сайн баталгаа болох “Хятадын Үндсэн хуулийн хүрээн дэх утга учиртай өөртөө засах эрх”-ийн төлөөх байр сууриа дахин нотлов.
Тэрбээр хүмүүсийг Төвөдөд очиж, тэндхийн нөхцөл байдлыг өөрсдийн нүдээр харж, Коммунист Хятадын сурталчилдаг зүйлтэй харьцуулж үзэхийг уриаллаа.
Арга хэмжээ Дээрхийн гэгээн Далай ламын Барселона хотод айлчлах санаачилгыг гаргасан “Төвөд Хаус” сангийн захирал Туптен Вангчений талархлын үгээр өндөрлөв. Тэрээр Дээрхийн гэгээн Далай ламыг тус хотод дахин айлчлахыг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.
Дээрхийн гэгээн Испанид ийнхүү 10 жилийн дараа дахин айлчилж байна.










