Испани улс, Барселона хот. 2007 оны 9 дүгээр сарын 11. Дээрхийн гэгээн Далай лам Барселона хотод “Төвөд Хаус” сангийн шинэ барилгыг нээлээ. Олон мянган төвөдүүд болоод сүсэгтэн олны өмнө тэрбээр шинэ барилгын үүдэнд тууз хайчилж, цэцгийн дэлбээ цацжээ.
Үүний дараа Дээрхийн гэгээн Далай лам барилгын нээлтийн ёслолыг адислаж, Сэра болон бусад хийдийн лам нартай хамт залбирал үйлджээ. Үүний дараа “Төвөд Хаус” сангийн гишүүд болон ивээн тэтгэгчидтэй хаалттай уулзалт хийж, улмаар Испани дахь Төвөдийн нийгэмлэгийн гишүүдэд үг хэлжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ уг өргөөг хүмүүс буддын шашны талаар суралцах боломжтой эрдэм шинжилгээний төвийн зориулалттай бөгөөд шинжлэх ухааны салбарын эрдэмтэд болон буддын шашны гүн ухаантнууд харилцан уулзаж, санал бодлоо солилцох газар болгох хэрэгтэйг хэлжээ.
Энэ өдөр Дээрхийн гэгээн Далай лам Барселона хотын хамба ламтай уулзав.










