Зураг. Дээрхийн гэгээн Далай ламыг төвөд хүмүүс болоод сүсэгтэн олон зочид буудалд угтан авч буй нь...
Испани улс, Барселона хот. 2007 оны 9 дүгээр сарын 9. Дээрхийн гэгээн Далай дам Европын 4 оронд цуврал илтгэл, айлдвар айлдахаар Испанийн Барселона хотноо морилон саатлаа. Дээрхийн гэгээн Далай лам Барселона хотын “Төвөдийн өргөө” сангийн урилгаар Испанид айлчилж байна. Испани дахь Төвөдийн нийгэмлэгийн гишүүд болон “Төвөдийн Өргөө” сангийнхан хилийн чанадад буй удирдагчийг “Плаза” зочид буудалд угтан авчээ. Мөн Испани болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын олон төлөөлөгч тус зочид буудалд хүрэлцэн ирсэн байна. Түүнийг Франц дахь төлөөлөгч Жамбалчойсан (Төвөдийн товчоо), “Төвөдийн Өргөө” сангийн захирал, лам Түвдэнванчин нар дагалдан явжээ.
Дээрхийн гэгээн Далай лам 10 жилийн дараа Барселона хотод айлчилж байна. Түүний тус хотод хийх айлчлал 2005, 2006 онд 2 удаа цуцлагдаж байсан юм. Тиймээс удаан хүлээсний эцэст Дээрхийн гэгээнийг Испанид хүрэлцэн ирсэнд Төвөдийн нийгэмлэгийн гишүүд машид баяртай байлаа.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам Хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийнхэнд хандан үг хэлж буй нь...
Хэвлэлийн бага хурлын үеэр Дээрхийн гэгээн Далай лам энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр хүнлэг үнэт зүйлс, сэтгэлийн амар амгалан, шашин хоорондын эв найрамдлыг дэмжихэд тууштай ажиллахаа илэрхийлээд, эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийнхэн маш чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдгийг хэллээ.
Дээрхийн гэгээн Далай лам 9 дүгээр сарын 10-нд Барселона хотын олимпийн цэнгэлдэх хүрээлэнд “Аз жаргалын урлаг” сэдвээр олон нийтэд зориулан илтгэл тавих бөгөөд уг арга хэмжээнд 10,000 гаруй хүн оролцох төлөвтэй байна.
9 дүгээр сарын 11-нд Барселона хотын хамба лам Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэтгэн хүлээн авах бөгөөд үүний дараа Далай лам “Төвөдийн өргөө” сангийн шинэ барилгын нээлтэд оролцох аж. Шинэ барилгад 300 орчим хүний багтаамжтай мөргөлийн танхим, музей, номын сан болон Дээрхийн гэгээн Далай ламд зориулсан өрөө зэрэг багтжээ. Гол танхимд байрлуулахаар Энэтхэгээс Буддагийн 1000 сэрэг дүрийг тусгайлан захиалж авчруулсан аж.
Мөн тэр өдөр Дээрхийн гэгээн Далай лам “Төвөдийн өргөө” сангийн гишүүд, ивээн тэтгэгчдэд хандан үг хэлсний дараа Испани дахь Төвөдийн нийгэмлэгийн гишүүдэд зориулан илтгэл тавина.










