АНУ, Индиана муж, Блүүмингтон хот - Дээрхийн гэгээн Далай лам АНУ дахь айлчлалынхаа эхний хот болох Индиана мужийн Блүүмингтонд өнөөдөр үдээс хойш хүрэлцэн ирлээ. Дээрхийн гэгээнийг Европоос Чикагод анхлан газардахад нь Төвөдийн Засгийн Газрын АНУ дахь төлөөлөгч Касүр Лувсан Няндаг Заюл, Чикаго дахь Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид угтан авсан байна. Блүүмингтон хотод түүнийг Төвөд, Монголын буддын соёлын төвийн захирал Ажиа ринбүүчи төвийн удирдах зөвлөлийн гишүүдийн хамтаар онгоцны буудал дээр тосож авсан бөгөөд тус төв нь Дээрхийн гэгээний Блүүмингтон дахь айлчлалыг хариуцаж байгаа аж.
Зураг. Дээрхийн гэгээнтэн Блүүмингтон дахь Төвөд, Монголын буддын соёлын төвийн тэргүүн Ажиа ринбүүчийн хамт... (Роберт Шийр/Индианаполис стар).
Дээрхийн гэгээний тэрэг төвийн ёслолын хаалгаар орж ирэхэд Чикагод амьдардаг төвөд хүүхдүүд Даши Шолпа бүжгээ бүжиглэж үзүүллээ. Төвөдийн далбаа, буддын шашны дарцгаар чимэглэсэн замын дагуу Төвөд, Монгол, Япон, Хятад, Америк болон бусад орны төвийн ажилтнууд, дэмжигчид эгнэн зогсож, Дээрхийн гэгээнийг угтан авлаа. Дээрхийн гэгээн байрлах өргөө рүүгээ явахын өмнө шинээр баригдсан залбирлын хүрд бүхий асрыг адислав. Түүнийг өргөөнийх нь үүдэнд угтан авсан лам нарын дунд Гоман хийдийн хамба гэвш Ёнтэн Дамчой, Дашлхүмбэ хийдийн хамба Качэн Лувсацэдэн, Монгол улсын Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, ОХУ-ын Халимагийн буддын шашинтнуудын тэргүүн Тэло ринбүүчи, Монгол улсын Эрдэнэ Зуу хийд, Дүйнхор дацангийн хамба лам нар, Индианагийн Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид байлаа.
Дээрхийн гэгээний номын айлдварын хөтөлбөр 2010 оны 5 дугаар сарын 12-нд Индианагийн Их Сургуулийн танхимд эхэлнэ.
АНУ-д хийж буй энэ удаагийн айлчлалд нь Дээрхийн гэгээнийг нарийн бичгийн дарга Чимэ Р.Чоекяпа, Цэгям нар дагалдаж байгаа аж.
Орон нутгийн өдөр тутмын "Индианаполис Стар" сонин дараах мэдээг нийтэлжээ.
Блүүмингтоны төв Далай ламыг тэсэн ядан хүлээж байна. Энэ долоо хоногийн айлчлал нь Төвөдийн удирдагчийн энд ирж буй зургаа дахь удаагийн айлчлал юм.
Роберт Кинг
Индианаполис Стар
Нийтэлсэн: 2010 оны 5 дугаар сарын 11
ИНДИАНА, БЛҮҮМИНГТОН - Ойрын өдрүүдэд Төвөд, Монголын буддын соёлын төвийн урчууд дотроо залбирал бичсэн мянга мянган жижиг хуйлаастай том зэс хүрдэн дээр төвөд үсгийг гараар нямбайлан бичиж байлаа.
Үүний зэрэгцээ айлчлан ирсэн Брайвун хийдийн лам нар бүтээлийг нь салхинаас хамгаалах зориулалттай бөгчим хулдаасан майханд бүтэн долоо хоног ажиллаж, ширээний тавцан дээр өнгөт элсээр маш нарийн хийц бүхий зураглалыг урласан нь хот мандлын доторх лянхуан дэлбээг дүрсэлжээ.
Мөн соёл, шашин шүтлэгийн зориулалттай 108 акр талбай бүхий энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн бусад хэсэгт тус соёлын төвд ирж байсан хамгийн чухал зочныг дахин угтан авахаар сайн дурынхан гоёмсог загаснуудад зориулан цөөрөм байгуулж, зарим нь зүлэг тэгшлэх зэрэг энгийн ажлуудыг дуусгахаар яаравчилна.
Нобелийн шагналтан, гүн ухаантан, буддын шашны оюун санааны удирдагч, хилийн чанад дахь Төвөдийн Засгийн Газрын тэргүүн Далай лам энэ долоо хоногт Индиана мужид зургаа дахь удаагаа айлчлах гэж байна.
Тэрбээр Лхагва гаргаас эхлэн хоёр өдөр номын айлдвар айлдана. Дараа нь Баасан гарагт Консеко Фиелдхауст илүү өргөн хүрээний үзэгчдэд зориулан олон нийтийн илтгэл тавих төлөвлөгөөтэй бөгөөд хүнд хэцүү үеийг энэрэн нигүүлсэхүй, мэргэн ухаанаар даван туулах талаар голлон ярих аж.
Түүний айлчлал хэд хэдэн талаараа ач холбогдолтой аж.
Энэхүү айлчлал нь түүний ах, соёлын төвийг үүсгэн байгуулагч Түвдэн Ж.Норов 2008 оны 9 дүгээр сард таалал төгссөнөөс хойш Индиана мужид хийж буй анхны айлчлал болж байгаа. Сүсэг бишрэлтэй буддын шашинтнууд бие махбодын тааллыг төгсөхийг дахин төрөхийн өмнөх завсарлага гэж үздэг ч соёлын төвийн албан тушаалтнууд хэдийгээр Далай ламын ах нартад үгүй ч энд дахин ирж буй нь Блүүмингтоны төв чухал хэвээр гэдгийг илтгэж байна хэмээн үзэж байна.
Түүний хувьд Консеко дахь хэлэлцүүлэг нь 1999 оноос хойш Индианаполист анх удаагаа олон нийтийн өмнө гарч ирж буй явдал болох бөгөөд 2007 онд Пурдюгийн Их Сургуульд зочилсныг эс тооцвол Индиана дахь айлчлалууд нь ихэвчлэн Блүүмингтон хотоор хязгаарлагдаж байсан билээ.
Эцэст нь энэхүү айлчлалаар Далай лам 2007 онд санхүүгийн асуудалд ороод байсан соёлын төвийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой болох юм. Албаны хүмүүсийн хэлж буйгаар тус төв санхүүгийн хувьд эргэн хөл дээрээ босож, Блүүмингтоноос гадагш өргөжин тэлж буй аж. Тасалбар нь хэдийн зарагдаж дууссан Блүүмингтоны номын айлдвар буддын шашинтнуудад зориулагдах бөгөөд тус шашны үндсэн судрын нэг болох Зүрхэн сударт үндэслэх ажээ. Уг судрын гол санаа болох "хэлбэр бол хоосон, хоосон бол хэлбэр" нь сүсэгтнүүдийн хувьд бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай байдаг талаар гүн гүнзгий утга санааг агуулдаг байна.
Далай лам Консеко Фиелдхауст илтгэхдээ энэ ойлголтын зарим нэг талыг олон нийтэд зориулан өөрчилж айлдах аж. "Тэрбээр энэ талаар энгийн хүмүүст ойлгогдохоор ярих болно. Хамгийн чухал нь та үүнийг амьдралдаа хэрхэн ашиглах вэ, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг юм. Энэ бол төвөдийн буддын шашны үндсэн зарчим, гүн ухаан" хэмээн Индианаполис дахь арга хэмжээг хамтран ивээн тэтгэж байгаа Индианагийн буддын төвийн гишүүн Ларри Герштейн ярилаа.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл