АНУ, Индиана муж, Блүүмингтон хот, 2010 оны 5-р сарын 12 - Дээрхийн гэгээнтний Блүүмингтон дахь анхны бүтэн өдрийн хөтөлбөр Төвөд Монголын Буддын Соёлын Төв (ТМБСТ)-ийн тэргүүн Ажиа ринбүүчийн удирдаж, лам хуврагууд оролцсон мандал өргөх ёслолоор эхэллээ. Дээрхийн гэгээнтэн товчхон үг хэлэхдээ буддын шашныг судлахад онцгой анхаарал хандуулахыг сануулж, тус төвийг бүхий л салбарын хүмүүст үр өгөөжөө өгөх логик судлалын хичээлүүдийг зааж эхлэх тал дээр хичээл зүтгэл гаргахыг зөвлөөд, заавал лам хувраг гэлтгүй монгол, төвөд, Хималайн бүс нутгийн оюутнуудыг сургалтад хамруулахын төлөө хүчин чармайлт гаргахыг хүссэн байна.
Дээрхийн гэгээн тус төвийн үүсгэн байгуулагч, таалал төгссөн Такцэр ринбүүчийг дурсаж, түүний хойд дүр тодрох нь гарцаагүй хэрэг хэмээлээ. Мөн өмнөх Такцэр ринбүүчийн хойд дүрийг тодруулахад 13-р Далай ламын гүйцэтгэсэн үүргийг тайлбарлаад, дараагийн хойд дүрийг олж тодруулах тал дээр өөрт нь тодорхой хэмжээний үүрэг хариуцлага оногдож байгаа хэмээсэн байна.
Үүний дараа Дээрхийн гэгээн Олон Улсын Төвөдийн Тусгаар Тогтнолын Хөдөлгөөний гишүүдтэй уулзаж, Төвөдийн асуудлыг Дундад Замын бодлогоор шийдвэрлэхийн төлөө зүтгэх амлалтынхаа талаар ярив. Гэхдээ Төвөдийн түүхийг аваад үзвэл тусгаар тогтносон статустай байсан гэдэг нь хөдөлшгүй үнэн болохыг дурджээ.
Дараа нь Дээрхийн гэгээн номын айлдвар айлдах газар болох Индианагийн Их Сургуулийн лекцийн танхим руу хөдлөхөөсөө өмнө Халимагийн лам хувраг, энгийн иргэдээс бүрдэх буддын шашинтнуудыг хүлээн авч уулзав.
Лекцийн танхим дүүрэн хүн цугласан байх бөгөөд Зүрхэн судрыг санскрит, хятад хэлээр уншсанаар үйл ажиллагаа эхэллээ. Дээрхийн гэгээн хүмүүс тухайн шашныг шүтдэггүй байсан ч гэлээ Зүрхэн судар зэрэг шашны сургаал номлолыг ойлгож мэдэх нь ямар ач холбогдолтой талаар үндсэн ойлголт өгөх үүднээс шашны гүйцэтгэх үүргийн талаар ерөнхийд нь тайлбарлав. Тэрбээр хүмүүс өөрийн шүтдэг шашиндаа итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй хэдий ч бусад шашны уламжлалыг хүндлэх хэрэгтэй болохыг, мөн бусад шашныг хүндлэхийн тулд эхлээд шашин шүтлэг гэж юу болохыг ойлгох шаардлагатайг онцолсон байна. Үлдсэн хугацаанд Дээрхийн гэгээн судрын тайлбарыг эхлүүлж, үдээс хойш цугласан хүмүүсийн асуултад хариуллаа.
Үдийн хоолны дараа Дээрхийн гэгээн Индианагийн Их Сургуулийн Дэд ерөнхийлөгч болон бусад хүмүүстэй уулзсан байна. Үүний дараа тэрбээр номын айлдварын ивээн тэтгэгч, өглөгийн эздэд хандан товч үг хэлж, хуримтлуулсан буянаа бүх хүн төрөлхтний сайн сайхны төлөө, болж өгвөл хамаг амьтны тусын тулд зориулах хэрэгтэй хэмээн зөвлөв.
Үдээс хойш ном айлдахаасаа өмнө Дээрхийн гэгээн Буддын болон Исламын шашны хоорондын харилцааны тухай өвөрмөц нэгэн номын нээлтэд оролцсон бөгөөд номын айлдвар гадаалсны дараа байрлаж буй өргөө рүүгээ буцжээ. Түүний номын айлдвар 2010 оны 5 дугаар сарын 13-ны өглөө үргэлжлээд өндөрлөх юм. Үдээс хойш тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзахаас гадна төвөд иргэдийг хүлээж авах юм байна.
Дээрхийн гэгээн Буддын болон Исламын шашны харилцааны талаарх номын нээлт дээр үг хэллээ.
2010 оны 5 дугаар сарын 12-нд Дээрхийн гэгээн Далай лам "Ислам ба Буддын шашны нийтлэг үндэс" номын нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Энэ ном нь оюун санаа, ёс суртахууны асуудлын хүрээнд лалын болон буддын шашны хоорондын нийтлэг үндэс суурийг судалсан бүтээл юм.
Дээрхийн гэгээн Далай ламын Йорданы хунтайж Гази бин Мухаммадтай уулзаж ярилцсан уулзалтууд, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих талаар ярилцсан ярианаас үүдэн уг номын санаа анх төржээ. Номыг "Исламика нэвтэрхий толь бичиг"-ийн ерөнхий редактор Реза Шах-Каземи бичсэн аж.
Номын өмнөх үгэнд Дээрхийн гэгээн "Энэ бол Ислам болон Буддын шашны сургаал хоорондын нийтлэг үндсийг олохыг эрэлхийлсэн гэдэг утгаараа анхдагч, маш чухал ном юм. Энэхүү нийтлэг үндэс дээр тулгуурлан уламжлал бүрийн дагагсад өөр өөрийн зам мөрөөр оюун санааны үнэнд хүрч, улмаар бие биенийхээ зан үйл, итгэл үнэмшлийг хүндэтгэн үзэх үндэс суурийг олж авна гэж найдаж байна. Шашны энэ хоёр агуу уламжлалын хооронд жинхэнэ ойлголцол бий болох боломж хомс байсан учраас урд өмнө нь ийм зүйл тэр бүр тохиолдож байгаагүй байх. Харин энэ номд түүнийг залруулахыг хичээжээ" хэмээн бичсэн байна.
Дээрхийн гэгээнийг хүрэлцэн ирэхэд "Фонс Витае" (Fons Vitae) хэвлэлийн компанийн Виржиниа Грэй Хенри Блейкмор уг номыг хэвлүүлэх нь нэр төрийн хэрэг байлаа хэмээн яриагаа эхлүүлээд, тус хэвлэлийн компани нь Дээрхийн гэгээнийг бусад шашны нийгэмлэгүүд, ялангуяа исламын шашинтнуудад хүрч харилцаж байгаа талаар мэдэж авсны дүнд "Төвөд дэх ислам" хэмээх номыг хэвлүүлж, "Лхасын чимэглэлүүд, Төвөдийн ислам" хэмээх дүрс бичлэгийг нийтлэх урам зориг олж авсан хэмээн ярив.
Тэрбээр мөн Хунтайж Гази өөрийн биеэр хүрэлцэн ирж чадаагүй ч захидал илгээснийг дурдаад, захидлыг уншиж өглөө. Хунтайж Гази захидалдаа ийн өгүүлжээ:
"Дээрхийн гэгээн Далай лам, хүндэт лам хуврагууд, эрдэмтэд, анд нөхөд өө.”
"Өнөөдөр Ислам ба Буддын шашны нийтлэг үндэс номын нээлт тохиож, Дээрхийн гэгээн 14-р Далай лам та өөрийн биеэр оролцох болсонд Бурханд талархаж байна. Исламын болон буддын шашинтнуудын харилцааны хүрээн дэх энэхүү санаачилгын зорилго нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа исламын болон буддын шашинтнуудын хооронд харилцан ойлголцол, энэрэл нигүүлсэл, халуун дулаан уур амьсгалыг түгээж, шашин шүтлэгээс үүдэлтэй үүсч болзошгүй аливаа зөрчил, хурцадмал байдлын үндсийг ном судруудаараа дамжуулан арилгах явдал юм. Иймээс энэхүү арга хэмжээ Дээрхийн гэгээн таны Зүрхэн судар номын айлдвартай давхцаж байгаа нь тун зүйтэй хэрэг болжээ. Та бүхэнтэй биечлэн уулзах боломжгүй байгаадаа, мөн ийм хэлбэрээр үг дайх болсондоо хүлцэл өчье. Дээрхийн гэгээн болон түүний ажилтнууд, зохиолч Доктор Сейед Реза Шах-Каземигаас эхлээд өнөөдрийн энэ үйл ажиллаааг зохион байгуулж ажилласан, оролцож байгаа хүн бүхэнд, ялангуяа номын хэвлэн нийлүүлэгч, нөхрийн хамт шаргуу ажилласан эрхэм найз Грэй Хенрид талархал илэрхийлэхийг зөвшөөрнө үү. Энэ бүхэн дэлхий дээр ямар нэгэн бодитой сайн сайхныг авчирна хэмээн найдаж, залбирч байна. Ин ша Аллах.”
"Бүх л магтаал өргөмжлөл гагц Бурханд зориулагдах бөгөөд бид түүнээс тусламж хүсдэг билээ."
Үүний дараа номын зохиогч Доктор Реза Шах-Каземи үг хэлэв.
Тэрбээр уг номыг бичихдээ өнгөц түвшнээс давж, гүн рүү орохыг зорьсон хэмээгээд, "Хунтайж Газигийн илэрхийлсэн санааг би давтан хэлэхийг хүсч байна. Түүнчлэн Дээрхийн гэгээн Зүрхэн судар номыг тайлбарлаж буй ийм өлзийтэй үйл явдал дээр номын нээлтээ хийж байгаадаа хичнээн их баяртай байгаагаа илэрхийлмээр байна. Ислам, буддын шашинтнуудын харилцааны хүрээн дэх энэхүү санаачилгын зорилго нь чухамдаа зүрх сэтгэлд хүрэх замыг гэрэлтүүлэх, зүрх сэтгэлтэй холбоотой бүхий л зүйлс дээр оюун санааны гүн гүнзгий хэмжээсүүдээр дамжуулан харилцахын тулд дэлхийг хамарсан ёс төдий эелдэг байдлаас давж гарсан хэлбэрээр харилцан яриа үүсгэх явдал юм. Энэ ном бүхнийг өөрчлөх хайр, гэгээрэлд хүргэх үнэний нэвтрэн шингэдэг газар буюу бид бүгдэд адил байдаг зүрх сэтгэлийг гэрэлтүүлэх болов уу хэмээн найдаж байна. Ингэснээр хоёр талын сүсэгтнүүд бие биенээ илүү гүнзгий таньж, хүндлэхээс гадна мэргэн ухаанаас ундран гардаг тэр энэрэл нигүүлсэл, энэрэл нигүүлслээр гүнзгийрдэг тэр мэргэн ухааныг харилцан батлан харуулахад туслах болтугай хэмээн найдаж, залбирч байна.“ хэмээн ярилаа.
Түүний дараа Хойд Америкийн Исламын Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ингрид Маттсон үг хэлэв. Тэрбээр "Дээрхийн гэгээн Далай ламд сэтгэгдлээ илэрхийлэх завшаан тохиож байгаа нь миний хувьд үнэхээр азтай хэрэг байна. Дээрхийн гэгээн та хяхаж хавчиж байхад ч өөрийн үнэ цэнийг хадгалж үлдэх боломжтой болохыг бидэнд, тэр дундаа надад үлгэрлэж байгаад тань талархал илэрхийлье. Сүүлийн жилүүдэд мусульманчуудад сайхан сэтгэлээр хандаж, хүнд хэцүү цаг үед биднийг орхилгүй ил тод дэмжиж байсан тань бидэнд үнэлж баршгүй бэлэг болсон.”
"Танаас сайн зан чанарыг сурах завшаан тохиосонд талархаж байгаагаа илэрхийлээд, цаашид ч олон олон жилийн турш бидэнд зааж сургах болтугай хэмээн залбирья" хэмээсэн байна.
Дараа нь Аль-Исламын Атланта Масжид сүмийн суурин имам Племон Т. Эль-Амин үг хэлэв. Тэрбээр "АНУ-ын уугуул мусульманчуудын нэрийн өмнөөс шашны нийгэмлэгүүдийг нэгтгэх ажилд чин сэтгэлийн хүчин чармайлт гаргаж байгаад тань гүнээ талархаж байгаагаа илэрхийлье. Бид энэхүү хүчин чармайлтыг дэмжиж байгаа" гэжээ.
Түүний араас ерөнхийлөгч Обамагийн Шашин шүтлэгийн асуудлаар зөвлөх зөвлөлийн гишүүн Эбоо Пател үг хэлэв. Тэрбээр "Дээрхийн гэгээнтээн, 12 жилийн өмнө бидний найз Уэйн Тийсдэйлийн дэмжлэгээр би Дарамсалад танд бараалхахаар очиж байв. Тэр үед би өөрийн зам мөр, зорилгоо хайж байсан залуу хүн байлаа.”
“Та надад өвөг дээдсийн минь өв уламжлал, исламын уламжлалын талаар зөөлнөөр сануулсан. Бурхны шашны хувраг хүн та төөрч, замаа алдсан исламын шашинтан намайг сэнхрүүлж, шулуун дардан зам зааж өгсөн юм. Устгаж, сөнөөх бөмбөг юм уу хувааж, хагаралдуулах хориг саад бус, энэрэл нигүүлслийн гүүр барих чадвартай залуус нэмэгдэж байгаа талаар сэтгэлдээ тээж явсан соёолж буй үр мэт бодлоо ярихад та ‘Яв, барьж бүтээ’ гэж хэлсэн билээ. Дээрхийн гэгээнтээн, бид барьж, бүтээж байгаа. Эдгээр гүүрийг барьж буй залуусын хүрээ өргөжин тэлж байна. Биднийг залбиралдаа багтааж байгаарай” хэмээн ярилаа.
Ном айлдахын өмнө Дээрхийн гэгээн "Гүн ухааны салбарт бүх шашин санаанд багтамгүй, үгээр илэрхийлэхийн аргагүй ямар нэгэн туйлын үнэнийг хүлээн зөвшөөрдөг. Тэгэхээр тэрхүү туйлын үнэн, туйлын бодит байдлын тухай бодоод, чимээгүй бясалгаарай" хэмээн аниргүй бясалгал удирдан явуулав.
"Би үнэхээр маш их баяртай байна. Энэ бол олон жилийн чин сэтгэлийн хүчин чармайлтын нэг үр дүн юм. Үндсэндээ би өөр өөр уламжлалыг дагагсадтай илүү их харилцсаны дүнд тэдгээр уламжлалууд хоорондоо ялгаатай хэдий ч бүгд л адилхан хайр, энэрэл нигүүлслийн захиасыг түгээдэг гэсэн баттай итгэл үнэмшлийг олж авсан билээ. Тэд бүгд энэ дэлхий дээр аз жаргалыг авчрах чадвартайгаараа адил юм. Лхас дахь хэдэн мянган мусульманчуудын нийгэмлэгт хэрүүл маргаан гарсан түүхгүй, үнэхээр энх амгалан, амар тайван байдаг байсан. Энэ бол төвөдүүдийн, бага наснаас минь хойш надад үлдсэн сэтгэгдэл."
Дээрхийн гэээн цаг засварладаг нэгэн мусульман хүнтэй харилцаж байсан талаараа, халаасны цагаа засуулахын тулд түүнийг дуудах шаардлага байнга гардаг байсныг дурсав. Тэр хүн түүнд халаасны цагтай хүн халаасанд нь өндөг байгаа юм шиг мэдрэмжтэй байх хэрэгтэй гэж зөвлөж байсныг ярилаа.
Цааш нь Дээрхийн гэгээн ялангуяа 9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараа хүмүүсийн дунд исламын шашин тэр чигтээ дайнч гэсэн сэтгэгдэл төрөх болсон тухай яриад, энэ нь түүнд шударга бус санагдаж байгааг илэрхийлэв. Тэрбээр бүх шашинд зарим нэг муу санаатай хүмүүс байдаг хэмээгээд, буддын шашинд л гэхэд Бурхан багшийг амьд сэрүүн байхад ч зарим нэг болдоггүй буддистууд байсан талаар дурдлаа.
Мусульман гаралтай зарим хүмүүс харамсалтай үйл ажиллагаа явуулж байгаа нь исламын шашны сургаал номлол, ёс уламжлалыг бүхэлд нь төлөөлж чадахгүй бөгөөд тэдгээр золгүй үйл явдлаас хойш шашин хоорондын үйл ажиллагаанд оролцохдоо исламын шашныг хамгаалж ирсэн болохоо Дээрхийн гэгээн ярив. Ислам бол энэ дэлхийн чухал шашнуудын нэг. Дээрхийн гэгээн мусульман ахан дүүст хүрч харилцахын тулд бүхий л талаар хүчин чармайлт гаргасан байна. Исламын бүх орнуудын төлөөлөгчид оролцсон Сан Франциско дахь уулзалт дээр Дээрхийн гэгээн исламын шашны нэрээр аллага үйлдэгдэж байхад нийт мусульманчууд ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй, энэ нь ёс суртахууны хувьд буруу юм хэмээн саналаа илэрхийлж байжээ.
Тэрбээр Дели дэх хамгийн эртний, хамгийн том исламын сүмд зочлохдоо мусульман малгай өмсөөд, исламын шашны ёсоор залбирал үйлдэж байснаа дурсав. Маргааш нь тэр зураг нь томоохон сонинуудад бүгдэнд нь нийтлэгдсэн аж. Дээрхийн гэгээн хиндү шашны хэт үзэлтнүүдийн хариу үйлдлээс бага зэрэг түгшиж байсан боловч хожим олж мэдсэнээр тухайн арга хэмжээнд оролцсон нь хиндү шашинтнуудын дунд асар эерэг сэтгэгдэл төрүүлсэн байна. Мусульманчууд бол Энэтхэгийн хүн амын нэг хэсэг бөгөөд исламын сүм дэх түүний зураг хоёр талыг ойртуулсан явдал болсныг хиндү шашинтнууд талархалтайгаар хүлээж авсан хэмээн тэрбээр ярилаа.
Дээрхийн гэгээн Йорданд хийсэн анхны айлчлалаасаа хойш дотно нөхөрлөх болсон хунтайж Газиг гайхалтай хүн хэмээн нэрлээд, Йорданы "залуу, эрч хүчтэй хаан" ч мөн адил гайхалтай хүн байсан гэжээ.
Дээрхийн гэгээн цааш нь бусад хүмүүсийн зүгээс мусульманчуудад хандах тал дээр илүү их хүчин чармайлт хэрэгтэй болохыг дурдаад, энэхүү ном нь исламын шашинтнуудын зүгээс бусдад хандахаар хүчин чармайлт гаргаж байгааг харуулсан, энэ төрөлдөө ховорхон бүтээл болсон байж магадгүй юм гэсэн байна. Тэрбээр номын зохиогчид талархал илэрхийллээ. Ингээд Дээрхийн гэгээн санасан бүхэн саадгүй түргэн бүтэж, шашин хоорондын зааг хязгаар хол байгаагаас үүдэлтэй бэрхшээлүүд багасах болтугай хэмээн залбирав.
Төгсгөлд нь Дээрхийн гэгээн хүмүүсийг номыг унших, худалдаж авахыг уриалснаар айлдвараа өндөрлөсөн байна.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл