Герман улс, Хамбург хот. 2007 оны 7 дугаар сарын 17. Гэвш Бямбасамдан энэ долоо хоногт Төвөдийн шашин, төрийн тэргүүн Далай лам Германд айлчлах үеэр түүний заларч суух сэнтийд байрлуулах Бурхан багшийн сэрэг дүрүүдийг адислах уламжлалт ёслол үйлдэж байна. Далай ламын 4 жилийн өмнө Германы хойд хэсэгт илгээсэн төвөд багш “Дээрхийн гэгээний айлчлал олон хүний хувьд машид чухал үйл явдал болох юм. Тэрбээр энэрэн нигүүлсэхүй, хайр, сайхан сэтгэлийг хэрхэн хөгжүүлэхийг хүмүүст үлгэрлэдэг билээ” хэмээжээ.
Далай лам 7 дугаар сарын 21-27-ны өдөр цэнгэлдэх хүрээлэнд цуврал айлдвар, гүн ухааны яриа хийх үеэр дэлхийн өнцөг булан бүрээс 30 мянга гаруй сүсэгтэн Хамбург хотноо цуглах аж. Тэдний дунд Тайвань, Вьетнам, Шри-Ланкийн гэлэнмаа, лам нар багтаж байна.
Хамбург хотоос өмнө зүгт орших Лүнэбургийн Хайде хэмээх хээрийн бүсэд байрлах “Сэмкье Лин” бясалгалын төвд арга хэмжээний бэлтгэл ажил ид өрнөж байна. Далай лам тус төвд “Энэрэн нигүүлсэхүй төлөвших газар” хэмээн орчуулж болох нэрийг хайрлажээ.
Германы мужаан Лутц Херберт Далай ламын сэнтийг будаж байна. “Цагаан арслан бол хүч чадлын бэлгэдэл юм” хэмээн сэнтий дээрх чимэглэлийн утгыг тайлбарлан ярив. Херберт 1998 онд Далай ламын айлчлалын үеэр ч мөн тэнд байжээ. Тэр үйл явдал түүнд машид гайхалтай санагдсанаас хойш тэрээр буддын шашинд сүсэлж, түүнээс хойш бясалгалын төвд амьдрах болсон байна.
“Далай ламын эрхэмлэн дээдэлдэг энэрэн нигүүлсэхүй, өгөөмөр зан, мэргэн ухаан зэрэг үнэт зүйлс миний хувьд чухал” хэмээн мужаан ярьжээ.
Цэнгэлдэх хүрээлэнгийн оройг чимэх 100 залбирлын тугийг хувцас хэрэглэл хариуцсан ажилтан Николь Дутс-Рауниар хатаахаар өлгөжээ. Тэрээр энэхүү томоохон арга хэмжээг зохион байгуулахад тусалж буй 300 сайн дурын ажилтны нэг юм. Дутс-Рауниар нь Хималайн нуруунд орших, далайд гарцгүй вант улсад аялах үеэрээ танилцсан балба эртэй гэрлэжээ. “Буддын шашин хувь хүний хариуцлагыг чухалчилдаг учраас би даруй татагдсан юм. Уур хилэн, үзэн ядалт зэрэг сөрөг мэдрэмжүүд бий болохоос сэргийлэх нь миний өөрийн үүрэг. Мөн ийм мэдрэмжүүд намайг аз жаргалгүй болгодгийг ойлгосон” гэж дурджээ.
Фрэнк Дик бол буддын шашинд сэтгэл татагдсан нэгэн юм. Гэвш Бямбасамданы орчуулагчаар ажилладаг тэрээр “Надад машид гайхалтай санагдсан тул багш нартайгаа шууд харилцахын тулд төвөд хэлийг сурах шаардлагатай болсон” хэмээн ярьжээ. Тэрээр Лүнэбургийн Хайде дахь төвд 7 жилийн турш төвөд хэл сурсныхаа дараа Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Сэра дахь Төвөдийн Хийдийн Их Сургуульд 1 жил суралцсан аж. “Төвөд оюутнууд багш нартайгаа хэрхэн харилцаж байгааг харах үнэхээр сайхан байдаг. Тэд маш тайван байдаг нь барууны ертөнцийн стресс, бужигнаантай амьдралын хэв маягаас тэс өөр” хэмээн Далай ламын айлчлалын үеэр Гэвш Бямбасамданы хувийн туслахаар ажилладаг Дик хэлэв.
Дээрхийн гэгээн Далай лам Хамбургт хийж буй 5 дахь айлчлалынхаа үеэр буддын гүн ухаан болоод шашны практикийн талаар ярих аж. Тэрбээр мөн “Энх тайванд суралцах нь: хүчирхийлэл үл хэрэглэх дадал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцоно.
Төвөдийн асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэхийн төлөөх зүтгэлийнхээ төлөө 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Төвөдийн оюун санааны удирдагч “Даяаршсан ертөнц дэх энэрэн нигүүлсэхүй” сэдвээр айлдвар айлдан, Энэтхэгийн их багш Арьяадевагийн “Дөрвөн зуун шүлэг” зохиолын талаар хэлэлцэх юм.
Далай лам Хамбургийн Их Сургуулиас зохион байгуулж буй буддын шашны лам, гэлэнмаа нарын олон улсын чуулганд үндсэн илтгэх аж.










