Энэ мэдээг сонссон даруйдаа товч дурдсанчлан, Чинхай мужийн Юйшу Төвөдийн Өөртөө Засах муж (төвөдөөр Кьюугудо )-д болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас олон хүн амь насаа алдаж, маш олон хүн бэртэж гэмтэн, эд хөрөнгийн их хэмжээний гарз хохирол учирсанд би маш их харамсан гашуудаж байна. Бидний хооронд асар хол зай байгаа тул одоогийн байдлаар нэрвэгдсэн хүмүүсийг биечлэн очиж тайтгаруулах боломжгүй хэдий ч тэдний төлөө залбирч байгааг минь мэдээсэй хэмээн хүсэж байна.
Бүх зүйлээ алдсан гэр бүлүүдэд тусалж, сайн хөршийн дэмжлэг үзүүлж байгаа ойр орчмын сүм хийдийнхэн, залуучууд, бусад хувь хүмүүст өөрийн зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Та бүгдийн үлгэр жишээ нигүүлсэхүй сэтгэл цаашид ч улам өсөн дэвжих болтугай. Бусдад төлөөх энэхүү сайн дурын ажил нь бодьсадвагийн хүсэл эрмэлзлийг бодитоор хэрэгжүүлж буй хэрэг юм.
Мөн түүнчлэн Хятадын эрх баригчид гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад айлчилж байгаад, ялангуяа Ерөнхий сайд Вэнь Зябао гамшигт нэрвэгдсэн ард иргэдийг биечлэн очиж тайтгаруулаад зогсохгүй тусламжийн ажлыг хянан явуулж байгаад талархаж байна. Мөн хэвлэл мэдээллийнхэн энэхүү эмгэнэлт явдал, түүний үр дагаврыг чөлөөтэй мэдээлж байгаа явдалд үнэхээр талархаж байна.
2008 онд Сычуань мужид үүнтэй төстэй газар хөдлөлт болоход Хятадын төв болон орон нутгийн засаг захиргааны удирдлага, туслах байгууллагууд ихээхэн хүчин чармайлт гарган тусламж үзүүлж, хэвлэл мэдээллийнхнийг чөлөөтэй нэвтрүүлж, шаардлагатай олон улсын тусламжийн байгууллагуудыг нэвтрүүлж байсан. Тухайн үед би эдгээр эерэг алхмуудыг дэмжиж байсан бөгөөд энэ удаад ч мөн адил чөлөөтэй нэвтрэх боломж олгохыг уриалж байна.
Хилийн чанад дахь төвөдийн нийгэмлэг тусламжийн ажилд боломжит бүх дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Бид үүнийг аль болох хурдан хугацаанд, боломжит сувгуудаар дамжуулан хийж чадна хэмээн найдаж байна.
Хоёр жилийн өмнө Сычуань муж газар хөдлөлтөд өртөхөд би гамшигт нэрвэгдсэн газруудад очиж, залбирч, хүмүүсийг тайтгаруулахыг хүссэн ч боломж олдоогүй билээ. Харин өнгөрсөн жил Тайванийг хар салхи дайрахад би гамшигт өртсөн айлуудад очиж, амь үрэгдэгсдийн төлөө хамтдаа залбирах боломжтой байсан. Нэрвэгдсэн хүмүүсийг тодорхой хэмжээгээр тайтгаруулж, ямар нэг хэмжээгээр тус нэмэр болсондоо би баяртай байлаа.
Энэ удаагийн газар хөдлөлт болсон Кьюугудо (хятадаар Юйшу) нь Чинхай мужид оршдог бөгөөд талийгаач Банчин лам болон миний төрсөн нутаг юм. Тэндхийн олон хүний хүслийг биелүүлж, би өөрийн биеэр очиж, тэднийг тайтгаруулах хүсэлтэй байна.
Төгсгөлд нь би засгийн газрууд, олон улсын тусламжийн байгууллагууд, бусад агентлагуудад хандан энэхүү эмгэнэлт явдлын улмаас сүйрэлд өртсөн хүмүүсийн ар гэрийнхэнд амьдралаа эргэн босгох боломж олгохын тулд чадах бүхнээрээ туслахыг уриалж байна. Үүний зэрэгцээ энэ гамшгаас амьд үлдсэн хүмүүст болж өнгөрсөн бүхэн үйлийн үрийн үр дагавар болохыг хүлээн зөвшөөрч, энэ хүндрэл бэрхшээлийг эерэг зүйл болгон хувиргаж, итгэл найдвараа хадгалж, алдсан зүйлээ эргүүлэн босгохын төлөө тэмцэхдээ саад бэрхшээлийг зоригтойгоор даван туулаарай хэмээн уриалья. Дахин хэлэхэд би амь насаа алдсан хүмүүсийн араас мөн амьд үлдсэн хүмүүсийн сайн сайхны төлөө залбирч байна.
ДАЛАЙ ЛАМ
2010 оны 4 дүгээр сарын 17
Холбоо барих:
Чимэ Р. Чоекяпа, Нарийн бичгийн дарга
Дэнзэн Даглха, Хамтарсан нарийн бичгийн дарга