Польш улс, Краков хот. 2008 оны 12 дугаар сарын 7. Польшид НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хэлэлцээ үргэлжилж буй энэ үед Дээрхийн гэгээн XIV Далай лам дэлхийн дулаарлаас байгаль орчноо хамгаалах арга хэмжээ авахыг улс орнуудын засгийн газруудад ням гарагт уриалжээ. Мөн төрөлх Төвөдөд нь ч дэлхийн дулаарлын аюул нүүрлэж байгааг онцолсон байна.
Дээрхийн гэгээн “Бид энэ асуудалд хангалттай анхаарч, байгаль орчноо хамгаалах зохих арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарал туйлын ноцтой аюул учруулна гэдгийг мэргэжилтнүүдээс мэдээд би ихэд санаа зовниж байна” хэмээн айлджээ. Тэрбээр Краков хотод сэтгүүлчидтэй уулзахдаа засгийн газрууд дэлхийн дулаарлын асуудалд онцгой анхаарч, шаардлагатай бол эдийн засгийн тодорхой золиос гаргах шаардлагатай болсон ч байгаль орчноо хамгаалах зохих арга хэмжээг авах ёстойг онцолсон байна. Дээрхийн гэгээн “Төвөдийн өндөрлөгт дулаарал дэлхийн дунджаас илүү хурдацтай явагдаж байна. Хэрэв хамгаалах дорвитой арга хэмжээ авахгүй, өнөөгийн хандлага энэ хэвээр үргэлжилбэл Ази тивийн томоохон гол мөрнүүдийн зарим нь ширгэнэ. Олон тэрбум хүний амьдрал эдгээр гол мөрнөөс ихээхэн хамаардаг” хэмээн айлджээ.
Дэлхийн дундаж температурын өсөлт хоёр хэмийн босгыг давбал дэлхий даяар сүйрлийн хэмжээний үр дагавар учруулж болзошгүйг НҮБ-ын уур амьсгалын асуудал хариуцсан эрдэмтэд анхааруулсан байна. Тэд мөн дэлхийн нийт ялгаруулалт 2020 оноос өмнө хамгийн өндөр түвшиндээ хүрч, үүнээс хойш буурах ёстойг онцолжээ. Улмаар 2050 он гэхэд ялгаруулалтыг 1990 оны түвшинтэй харьцуулахад 80 хувиар бууруулахыг уриалсан байна.
Польшийн баруун хэсгийн Познань хотод 12 дугаар сарын 1-12-ны өдөр болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын (UNFCCC) бага хуралд 192 орны 10,000 гаруй төлөөлөгч оролцож байна. Уг хурал дэлхийн улс орнуудын хооронд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар шинэ хэлэлцээр байгуулах үйл явцыг урагшлуулах зорилготой юм. Үүний хүрээнд агаар мандалд дулаан хуримтлагдахад нөлөөлдөг нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий, ядуу буурай орнуудад үзүүлэх тусламжийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Дээрхийн гэгээн мөн дэлхийн эдийн засгийн хямралын асуудлыг хөндөж, энэ нь “Хятад болон Энэтхэгийн эдийн засагт ноцтой нөлөөлнө” хэмээн айлджээ. Энэтхэг улс ардчилсан тогтолцоотой учраас ийм бэрхшээлийг даван туулахад харьцангуй дөхөм байж болохыг тэрбээр нэмж хэлсэн байна. Харин “Тоталитар, хаалттай нийгэмтэй Хятадын хувьд энэ нь урьд өмнө тулгарч байгаагүй шинэ нөхцөл байдал юм. Хэрхэн даван туулахыг нь би мэдэхгүй. Цаг хугацаа харуулах биз ээ” хэмээн айлджээ.










