Их Британи улс, Лондон хот. Наран ээсэн сайхан өдөр Дээрхийн гэгээн Далай лам Их Британид морилон саатаж, Хитроу нисэх онгоцны буудалд буумагц Темплтоны сангийн нэрийн өмнөөс Дэвид Кассиди гэргийн хамт мөн Лондоны Төвөдийн төлөөлөгч Түвдэнсандов нар тосон угтсан ба Энэтхэгийн элчин сайдын яамны төлөөлөгчид мөн түүнийг угтахаар хүрэлцэн иржээ. Ингээд Дээрхийн гэгээн тэдэнтэй цөөн хором ярилцсаны дараагаар Лондоны Вест Энд дүүргийн зочид буудал руугаа хөдөлсөн юм.

Их Британид суугаа Төвөдийн нийгэмлэг, лам хуврагууд, эгэл ард дээл хувцастайгаа, үндэсний төрийн далбаагаа мандуулан зочид буудлын үүдэнд Дээрхийн гэгээнийг төвөд уламжлалаар ёс төгөлдөр угтан авлаа. Тэдэнтэй хамт Монгол, Балба буддистууд нэгдсэн байв. Дээрхийн гэгээн өөрийг нь угтан авахаар цугласан олон руу инээмсэглэн даллаж, олон хүнтэй гар барин мэндэллээ.
Энэ удаад Темплтоны шагналыг гардан авахаар Лондонд ирээд байгаа юм. Тэрээр хүчирхийлэлгүй байх ёсон, дэлхийн шашнуудын хоорондын харилцан хүндэтгэл, эв найрамдлыг сурталчлах болон орчин үеийн шинжлэх ухаан, буддын шинжлэх ухааны ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж энэхүү шагналыг авч байгаагаа машид хүндэтгэлтэй зүйл хэмээн онцолсон юм. 1,8 сая ам.долларын шагнал гардуулах ёслол маргааш буюу 5 дугаар сарын 14-нд Лондонгийн хамгийн алдартай түүхэн дурсгалт газруудын нэг болох Гэгээн Паулын сүмд болно.
Дээрхийн гэгээн Мягмар гаргийн өглөө Лондон хотоос хөдөлж, айлчлалаа Словени, Австри, Итали, Бельги улсад үргэлжлүүлэх юм.










