Зураг. Ангела Меркель Дээрхийн гэгээн Далай ламтай Берлин хотноо... Хятад улсын эсэргүүцлийг үл харгалзан Германы Канцлер Ангела Меркель хилийн чанадад буй Төвөдийн тэргүүнтэй Канцлерын ордонд уулзсан нь анхны түүхэн уулзалт болсон юм. Меркелийн Дээрхийн гэгээн Далай ламтай уулзсан явдлыг түүний намын болон сөрөг хүчний зарим өндөр албан тушаалтан сайшаасан гэж мэдээлж байна. 2007 оны 9 дүгээр сарын 23. Зургийг Төвөдийн товчоо, Женев.
Энэтхэг улс, Дарамсала хот. 2007 оны 9 дүгээр сарын 25. Европын орнуудад хийсэн түүхэн айлчлалынхаа дараа хилийн чанадад буй Төвөдийн тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам энэ өдөр оршин суудаг уулын хот Дарамсалад эргэн ирлээ. Түүнийг замын дагуу жагсан зогссон төвөдүүд болоод түүнийг харахыг хүссэн жуулчид баяр хөөртэйгөөр угтан авчээ.
2 долоо хоногоос илүү хугацаанд үргэлжилсэн Европын аяллынхаа хүрээнд Дээрхийн гэгээн Далай лам Барселона хот, Португал, Австри, Герман улсад айлчилсан байна. Аяллын үеэр Хятад улс урьдын адил хүчтэй эсэргүүцэл илэрхийлсэн хэдий ч Дээрхийн гэгээн Далай ламыг Австри, Германы канцлерууд тус тусын Канцлерын ордонд албан ёсоор хүлээн авч уулзжээ.
9 дүгээр сарын 20-нд Австрийн канцлер Альфред Гузенбауэртэй хийсэн уулзалт 45 орчим минут үргэлжилсэн бол 9 дүгээр сарын 23-нд Германы канцлер Ангела Меркельтэй хийсэн уулзалт бараг нэг цаг үргэлжилжээ. Германы канцлерын ордонд хийсэн энэхүү айлчлал нь Дээрхийн гэгээн Далай ламын хувьд түүхэн дэх анхны айлчлал байв.
Барселона хотод 9 дүгээр сарын 10-нд Каталонийн орон нутгийн Засгийн газрын дэд ерөнхийлөгч Дээрхийн гэгээн Далай ламыг хүлээн авч уулзсан бөгөөд тэр өдөр Дээрхийн гэгээн Далай лам Каталонийн парламентын Гадаад харилцааны хороонд хандан үг хэлжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын Португалд хийсэн айлчлал Лиссабон хотод олон нийтэд зориулсан анхны айлдвараа айлдан, Португалын ерөнхийлөгч асан Жорже Сампиотой уулзсан үйл явдлаар онцлог байв. Португалд байх хугацаандаа Дээрхийн гэгээн Далай лам тус улсын Үндэсний парламентад айлчилж, парламентын Гадаад харилцааны хороонд хандан үг хэлжээ.
Хятад улс Дээрхийн гэгээн Далай ламын гадаад орнуудад хийдэг айлчлал болоод дэлхийн удирдагчидтай хийдэг зарим уулзалтад тогтмол ширүүн хариу үйлдэл үзүүлдэг. Хятадын эрх баригчид түүний нэр хүндийг унагаахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргаж байгаа хэдий ч төвөдүүд Дээрхийн гэгээн Далай ламыг өөрсдийн оюун санааны болоод улс төрийн удирдагч хэмээн хүндэтгэсээр ирсэн бөгөөд тэрээр Төвөдөд болон хилийн чанадад амьдарч буй төвөдүүдийн дунд өндөр нэр хүндтэй хэвээр байна.
Төвөдийн удирдагч Германы канцлертай уулзсан талаар Германы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Томас Стег “Германы Засгийн газар Төвөдийн асуудлыг зөвхөн Хятадын Засгийн газар болон Дээрхийн гэгээн Далай ламын хоорондын яриа хэлэлцээгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Дээрхийн гэгээн Далай лам Германы нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа 1950 онд хятадын цэргүүдэд эзлэгдсэн төвөдийн тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй, харин өөртөө засах эрхийг хүсэж буйгаа дахин нотолсон байна.
“Бид тусгаар тогтнолыг хүсэхгүй байна. Харин бидэнд өөртөө засах эрхийн жинхэнэ хэлбэрийг олгох ёстой” хэмээн Дээрхийн гэгээн Далай ламын хэлснийг эш татжээ.
Хилийн чанадад буй Төвөдийн XIV парламентын дарга дөрөв дэх удаагийн парламентын чуулганыг нээж хэлсэн үгэндээ, энэ сарын эхээр болсон Ажлын хэсгийн хянан хэлэлцэх уулзалтаар Хятад, Төвөдийн яриа хэлэлцээрийн үйл явцад хийсэн цогц дүн шинжилгээний бүрэн тайланг Дээрхийн гэгээн Далай лам Европоос эргэн ирснийх нь дараа танилцуулахаар болсныг мэдэгдэв.
Хятад, Төвөдийн яриа хэлэлцээрийн хамгийн сүүлийн буюу 6 дахь шатны уулзалт энэ оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 5-ны хооронд Дээрхийн гэгээн Далай ламын төлөөлөгчид болон Хятадын удирдлагын хооронд болж өнгөрсөн юм.










