Энэтхэг улс, Химачал Парадеш, Дарамсала хот. Зүүн өмнөд Азийн сүсэгтэн олонд зориулсан номын айлдварын сүүлийн өдөр Дээрхийн гэгээн Далай лам Дарамсала хотын Намжил данцангийн Зүлэнхан дуганд цугласан олонтой халуун дотноор мэндчилж, Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" бүтээлийн гүн утгыг тайлбарлахад бэлтгэв.
Өглөөний бороо намдаж, агуу оюун санааны удирдагчийн айлдварыг сонордохоор цугласан үй олон хүн суудлаа эзлэн анхаарлаа хандуулах агшинд Дээрхийн гэгээн Бурхан багшийн амьдрал цадигаас эш татан айлдвараа эхэллээ. Тэрээр Бурхан багш тоолшгүй олон төрөл дамжин буян болон билиг билгүүнийг хэрхэн хураасан тухай ийн өгүүлэв. “Хэрэв Бурхан багш нирваан дүрийг үзүүлснийхээ дараа оршин тогтнохоо больсон бол хэдхэн арван жилийн турш хүмүүст туслах нь тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд зарцуулсан асар их цаг хугацаатай нь дүйцэхгүй байх байсан юм. Санскрит уламжлалын дагуу Бурхны таван лагшин байдаг. Үүнийг Бурхан багшийн анхны номын хүрд эргүүлэх үед заагаагүй бөгөөд харин хоёр дахь удаагийн номын хүрд эргүүлэх үед айлдсан байдаг”.

Төвөд болоод бурхны шашны зочломтгой зан заншлыг харуулж, сүмд сууж буй лам нар үлэмж данхтай цайг мөрлөн цугласан олны дундуур туйлын хүндэтгэлтэйгээр хурдан шаламгүй гүйж ганц ч дуслыг асгахгүйгээр аяга бүрийг цайгаар дүүргэж, хажуугаар нь талх (боорцог) тарааж хэнийг ч орхигдуулалгүй бүгдэд үйлчилж дуусав.
Үүний дараа Дээрхийн гэгээн бид хэрхэн сансрын хүрдэнд төөрдөг, мөн түүнээс яаж ангижрах тухай “Хутагтын дөрвөн үнэний тухай анхны сургаал яг үүнийг л заадаг юм. Бид аливаа зүйлсийн жинхэнэ мөн чанарыг хардаг сэтгэлээ таньж мэдэх ёстой. Сэтгэлд орших муу бодол, нисванис бол түр зуурынх юм. Нэг өдрийн дотор бид нүдээрээ харж, чихээрээ сонсох замаар маш олон зүйлийг мэдэрдэг ч, юу нь сайн, юу нь муу болохыг ялгаж салгаж чаддаггүй. Энэ ялгааг зөвхөн оюун бодол маань л хийдэг. Та нарын нүд над дээр тусаж байгаа ч сэтгэл чинь магадгүй Сингапур, Хонконгдоо буцаж яваа байх" хэмээн хошигнов.
Дээрхийн гэгээн сэтгэлийн мөн чанарын талаар шинжлэх ухаан болоод шашны зааг ялгааг арилгасан, маш гүнзгий бөгөөд логиктой тайлбарыг үргэлжлүүлэн “Би энэ асуудлаар эрдэмтэдтэй олон удаа ярилцаж байлаа. Мэдрэхүйн хүртэхүй, сэтгэлийн аль хэсэг нь мэдрэхүйн эрхтнүүдтэй илүүтэй холбогдож ажилладаг вэ гэх мэтээр... Сэтгэлийн төлөв байдал нь сэрүүн байх үе, зүүдний үе болон гүн нойрсох (эсвэл гүн бодлын) үе гэж хуваагддаг. Бясалгалын хүчээр хүн сэтгэлийн эдгээр төлөв байдлуудыг аажмаар уусган арилгах боломжтой юм.
Үүний дараа Далай лам төвөд сүсэгтнүүдэд хандан, Бодьсадвын санваар хүртэх хүсэлтэй хүмүүсийг өөрийнх нь удирдлага дор тангараг өргөхийг урив. Дээрхийн гэгээн санваарыг хөтлөн уншихад цугласан олон өөрсдийн шүтэн биширдэг оюун санааны удирдагчаа даган, нандин тангаргийг чин сэтгэлээсээ өргөцгөөлөө.
Төвөд сүсэгтнүүд тангараг өргөх үед архинаас татгалзах амлалт багтдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Дээрхийн гэгээн өөрийн багш Лин ринбүүчигийн тухай нэгэн хөгжөөнтэй түүхийг хуваалцав. “Лин ринбүүчи нэг удаа өндөр настай төвөд эртэй тангараг сахих тухай ярилцжээ. Багш түүнээс тангаргаа хэр сахиж байгааг нь асуухад нөгөө өвгөн архинаас гарч чадахгүй байгаагаа хэлж гэнэ. Тэгтэл Лин ринбүүчи “За яах вэ, хэрэв бүр гарч чадахгүй байгаа бол ядаж бага зэргийг л ууж бай” гэж хариулж. Энэ таван сахилыг сахих тийм ч хэцүү биш байгаа биз дээ?” гэж асуухад цугласан олон бүгд нирхийн инээлдэв.
“Эхлээд нүгэлт муу үйлдлүүдээсээ сал, дараа нь би үзлээсээ сал, эцэст нь буруу үзлээсээ сал. Би ч гэсэн өдөр бүр энэ тангаргийг өргөдөг бөгөөд энэ нь миний сэтгэл амгалан байхад тусалдаг юм” хэмээн өгүүллээ.
Тангараг өргөх ёслолын дараа Цагаан дарь эхийн маани, лонхны авшиг хүртээх зан үйл эхлэв. Үүнийг Дээрхийн гэгээн өөрөө удирдан, утга учрыг нь ийнхүү тайлбарлалаа. “Тарнийн ёсонд билиг билгүүн нь бурхан тэнгэрийн дүрээр тодордог. Та бүхэн тэрхүү бурхныг өөрийнхөө өмнө байгаагаар тод харах хэрэгтэй. Дарь эх бол хийн энергийн хамгийн гэгээн ариуссан төлөв юм”.
Дээрхийн гэгээн бие, хэл, сэтгэлдээ анхаарлаа төвлөрүүлж, "Би" үгүй буюу бодгалийн хоосон чанарыг бясалгах хэрэгтэйг маш тодорхой дүрслэн хэлэв. “Сэтгэлээ хоосон чанарт уусгаж, өөрийгөө тэрхүү хоосон чанарын дунд уусган алга болго”.

Тангараг өргөх ёслол дуусаж, өглөөний наран хөөрөх үед Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" бүтээлийн долдугаар бүлгийг (Хичээнгүй барилдлага) төлөөлөгчдөд маш нарийн тайлбарлан уншлаа. Дээрхийн гэгээн Далай лам айлдвараа өндөрлөхийн өмнө нэгэн чухал зүйлийг сануулсан юм. “Хэрэв та Тарнийн ёсыг (Тантра) зөвхөн амин хувийн ашиг сонирхлын үүднээс, аминчхан сэтгэлээр үйлдвэл зорилгодоо хэзээ ч хүрч үл чадна”.
Гүн хүндэтгэлээр бялхсан уур амьсгал дунд Дээрхийн гэгээн Далай лам толгой бөхийж, алгаа хавсран суугаа сүсэгтэн олон руу харан инээмсэглэж, адислал хайрласаар гурван өдрийн сургаал болсон сүмийг орхин гарлаа. Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" номын энэхүү тайлбар сургаал нь сүсэгтэн болон сүсэгтэн бус хэн бүхний амьдралд урам зориг, гүн гүнзгий билэг билгүүнийг хайрласан нь дамжиггүй.
Ялангуяа Зүүн өмнөд Азийн зочдын хувьд бидний цаг үеийн хамгийн нэр хүндтэй, эрхэм оюун санааны удирдагчдын нэгээр бурхны шашны хамгийн чухал сургаалуудын нэгийг тайлбарлуулж, оюуны гэрэл гэгээ хүртсэн нь гайхамшигтай бөгөөд биширмээр үйл явдал болон үлдлээ.










