Энэтхэг улс, Химачал Парадеш, Дарамсала хот. Зүүн өмнөд Азийн сүсэгтэн олны хүсэлтээр Дээрхийн гэгээн Далай лам энэ өдөр Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" номын айлдвараа үргэлжлүүллээ.
Хойд Энэтхэгийн Дарамсала хотын Намжил дацангийн Зүлэгхан дуганд хүрэлцэн ирсэн дэлхийн өнцөг булан бүрийн зочид болон нутгийн иргэдтэй халуун дотноор мэндчилснээр гурван өдрийн айлдвар эхэллээ. Тэрээр өөрийн туулсан амьдралын баялаг туршлага, гүн гүнзгий билиг ухаанаа бурхны ном болон Шантидева гэгээний сургаалтай хослуулан айлдсан бөгөөд түүний агуу мэдлэг, хүлээцтэй зан, хошин мэдрэмж нь хуран цугласан олныг бишрүүлэн, сэтгэлийг ихэд хөдөлгөж байлаа.

Дээрхийн гэгээн өмнөх номын айлдвараа үргэлжлүүлэн, Шантидева гэгээний "Бодьсадвын явдалд орохуй" бүтээлийн тавдугаар бүлгээс тайлбарлав. Гэхдээ тэрээр шинээр ирсэн зочид болон бурхны шашны талаар төдийлөн сайн мэдэхгүй хүмүүст зориулж шашин болоод бурхны сургаалын мөн чанарыг маш сонирхолтой хэлбэрээр товч тайлбарласан нь дэлхийн хамгийн нөлөө бүхий оюун санааны удирдагчийн гайхамшигтай чадварыг илтгэж байлаа.
Дээрхийн гэгээн "Бид бүгд адилхан хүн төрөлхтөн" гэдгийг дахин сануулж, арьс өнгө, шашин шүтлэг, хүйс, үндэс угсаагаар зааглагдсан үзлээсээ ангижрахыг сүсэгтэн олонд уриалав. Мөн өнөөгийн боловсролын тогтолцоог эргэн харж, шунал бус, энэрэнгүй сэтгэлд суурилсан хүсэл эрмэлзлийг хүүхэд залууст төлөвшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцолсон юм.
Тэрбээр бурхны шашны судар номоос иш татан, өглөө болон үдийн хоёр шатаар ном айлдахдаа тухайн бүлгийн 58 дугаар шад хүртэл маш нарийн тайлбарлав. Айлдварын үеэр Дээрхийн гэгээн “Шашин шүтдэг хүмүүсийн амнаас нь аятай үг гаравч дотор сэтгэл нь өөр байх аваас шашин гэдэг зүйл ердөө хоёр нүүр гаргах хэрэгсэл, нэг ёсондоо бялдуучлал болон хувирдаг. Үүнийг л хоёр нүүр гаргах гэнэ. Шашин шүтнэ гэдэг чин сэтгэлийнх байх ёстой. Шашны замаар мөр хөөж буй хүмүүс биеэ барьж, аминч үзэл болон бусдад хор хүргэхээс татгалзах ёстой. Түүнчлэн сонор сэрэмжтэй байж, өөрийн сэтгэлийг хянаж сурах хэрэгтэй. Та бүхний дурдал, сонор сэрэмжтэй байх учиртай” хэмээв. Хэрэв хүн сонор сэрэмжгүй байвал сурч мэдсэн зүйлээ мартахад хүрдэг төдийгүй судалж тогтоосон зүйл нь оюун санаанд хадгалагдан үлдсэн ч утга агуулга нь алдагдаж, хэрэгцээгүй зүйл болон хувирдаг болохыг санууллаа.
“Бид хийж буй үйлдэл бүртээ сонор сэрэмжгүй, хянамгай бус хандсанаас болж маш их алдаа гаргадаг” хэмээн айлдав.
Дэлхий дахинд санхүүгийн хямрал нүүрлээд буй энэ үед Дээрхийн гэгээн гэр бүл, эд хөрөнгө болон нөхөрлөлийн үнэ цэнийн талаар дараах сургаал, тайтгарлыг хайрлалаа. “Миний бодлоор, чинээлэг бус айл өрхүүд бие биедээ илүү итгэж, зовлон жаргалаа хуваалцахад ямагт бэлэн байдаг шиг санагддаг. Харин эдийн засаг сайжирахын хэрээр атаа жөтөө, хардалт, үл итгэлцэл, уур хилэн гэх мэт сөрөг хандлагууд илүү амархан бий болох талтай. Гэвч угтаа бол илүү сайн боловсрол эзэмшиж, амьдрах орчин нөхцөл сайжрах нь гэр бүлийн нандин үнэт зүйлсийг улам бататгахад л тус болох ёстой юм” хэмээжээ.

Дээрхийн гэгээний урам зориг хайрласан номын айлдвар өндөрлөх үед дүрвэгсдийн суурин Дарамсала хотод аянга нижигнэж, бороо асгаж байлаа. Гэвч ном сонсоод сэтгэл нь сэрэгсэн сүсэгтэн олны баяр баясгаланг байгалийн үзэгдэл ч мохоож чадсангүй. Номын жолоо мултарч, хүмүүс тарах үед Төвөд дүрвэгсдийн суурингийн нарийн гудамжнууд шүхэр барьсан олны хөлд дарагдаж, яг л "шүхрэн далай" мэт харагдаж байв.
Зүүн өмнөд Азийн зочид төлөөлөгчид төвөд үндэстний уламжлалт өглөөний цай, идээгээр дайлуулж, хуралд суугаа лам хуврагуудад өргөл барьц барьсандаа тун ч сэтгэл хангалуун байлаа. Гурван өдөр үргэлжлэх энэхүү номын хурлын хоёр дахь өдөр маргааш буюу 9 дүгээр сарын 5-нд Намжил дацангийн Зүлэгхан дуганд үргэлжлэх бөгөөд сүсэгтэн олон үүнийг тэсэн ядан хүлээж байна.
Айлдварыг англи, хятад, төвөд, орос хэлээр dalailama.com/liveweb хаягаар шууд дамжуулан хүргэх юм.










