АНУ, Нью-Йорк, Итака. 2007 оны 10 дугаар сарын 11. Мужийн их сургуулиуд төвлөрсөн тус хотод 1500 гаруй сонсогч Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор иржээ.
Хилийн чанадад буй Төвөдийн буддын шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам “State Theatre”-т шашин болоод бусад салбарын 45 зүтгэлтний хамтаар энх тайван, эв нэгдлийн тухай илтгэв.
Дээрхийн гэгээн Далай лам хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг бий болгоход өөрийн туршлагаа өөр өөр шашин шүтлэгтэй хүмүүстэй хуваалцахыг цугласан олонд уриаллаа. Тэрбээр 9 дүгээр сарын 11-ний террорист халдлага болон лалын шашны хэт даврагчидтай холбоотой цус урсгасан үйл явдлууд гарснаас хойш лалын шашны үнэн мөн чанар, энх тайванч үзлийг ойлгох нь урьд өмнөхөөсөө илүү чухал болсныг онцолсон юм.
Дээрхийн гэгээн Далай лам Итака коллежид буддын шашны түүх, зарчмын талаар илтгэн, 2 өдрийн айлчлалаа өндөрлүүлсэн юм.










