Энэтхэг улс, Карнатака муж, Мундгод хот. Их Британийн ерөнхий сонгуульд Консерватив нам ялалт байгуулсны дараа Дээрхийн гэгээн Далай лам ерөнхий сайд Борис Жонсонд баярын захидал илгээв.
Дээрхийн гэгээн Төвөдийн Их Британи улстай тогтоосон онцгой харилцаагаа дурсан, “Бид Их Британи улстай тогтоосон урт удаан, түүхэн, өвөрмөц харилцаагаа эрхэмлэн дээдэлдэг билээ. 1950 оноос өмнө Төвөдөд ажиллаж байсан Британийн төрийн албан хаагчид тэргүүлэн найз нөхөд, сайн санаат хүмүүс 1959 онд биднийг Энэтхэгт дүрвэн ирсний дараахан хэдхэн долоо хоногийн дотор төвөдийн дүрвэгсдийг дэмжих зорилгоор Их Британийн “Төвөдийн нийгэмлэг”-ийг байгуулсан билээ. Энэ нь манай хоёр ард түмний гүн гүнзгий холбоог баталсан тод жишээ болсон билээ” хэмээн бичжээ.
Дээрхийн гэгээн мөн Төвөдийн Засгийн газрын албан хаагчаар ажиллаж байсан Британийн радиогийн оператор Роберт Форд хятадын коммунист цэргүүдэд баривчлагдан, 5 жил шоронд хоригдож байсныг дурсав.
Дээрхийн гэгээн Далай лам захидлынхаа төгсгөлд ерөнхий сайд Борис Жонсонд бэрхшээл, олон сорилтыг амжилттай даван туулахыг хүслээ.










