АНУ, Калифорни муж, Сан-Хосе хот. 2010 оны 10 дугаар сарын 12. Дээрхийн гэгээн XIV Далай лам Сан-Хосе хотын айлчлалынхаа эхний өдөр олон нийтэд зориулсан хоёр арга хэмжээнд оролцов. Тэрбээр Сан-Хосе конвенцийн төвд болсон өглөөний уулзалтын үеэр Америк дахь Төвөд, Хималайн бүс нутгийн иргэдэд айлдвар айлдлаа.
Хойд Калифорнийн Төвөдийн нийгэмлэгээс (TANC) зохион байгуулсан энэхүү уулзалтын үеэр Дээрхийн гэгээнийг тус холбооны төлөөлөгчид угтан, уламжлалт Досо Чема өргөн барьсан бөгөөд залуу уран бүтээлчдийн хамтлаг төвөдийн ёслолын бүжиг Таши Шолпаг өргөл болгон толилууллаа.
Тайзнаа Дээрхийн гэгээнийг гарч ирэхэд Төвөдийн соёлын сургуулийн сурагчид Төвөдийн төрийн дууллыг дуулав. Хойд Калифорнийн Төвөдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кайдор Аукацанг байгууллагынхаа үйл ажиллагааны товч тайланг танилцуулав. Тус холбоо нь 2000 гаруй гишүүнтэй бөгөөд Төвөдийн олон нийтийн төвийг байгуулах газрыг товложээ. Ерөнхийлөгч Кайдор Аукацанг Дээрхийн гэгээнээс Сан-Франциско хотод айлчлах үеэрээ тус төвийг адислан, нээлтийн үйл ажиллагаанд морилон саатахыг урилаа. Мөн төвөдийн сонгуулийн явцын талаар дурдан, 480 хүн сонгогчийн бүртгэлээ хийснээс 337 нь 10 дугаар сарын эхээр болсон урьдчилсан санал хураалтад оролцсон тухай мэдэгдсэн юм.
Дээрхийн гэгээн айлдвартаа төвөдийн шашин, соёлын уламжлал асар баялаг болохыг дурдан, Бурхан багшийн сургаалын тайлбаруудыг агуулсан Данжуур судрын төвөд хувилбар нь бусад хэл дээрх хувилбаруудтай харьцуулахад илүү өргөн хүрээтэй, дэлгэрэнгүй болохыг мөн өнгөрсөн 50 жил төвөдийн ард түмэн олон олон бэрхшээлтэй тулгарсан хэдий ч тодорхой амжилтад хүрч чадсаныг онцолжээ.

Тэрбээр төвөд хүмүүсийг өөрсдийн шашин, оюуны уламжлалыг гүнзгий ойлгон судлахыг уриалж, Ганжуур, Данжуур тэргүүт судрыг зөвхөн зан үйлийн хүрээнд ашиглах бус харин сурах бичиг зэргээр системтэй судлах шаардлагатайг сануулан, судар номын судалгаа нь зөвхөн лам хуврагуудын ажил бус, эгэл хүмүүн ч мөн адил мэдлэгтэй байх боломжтой хэмээв. Жишээ болгон Барыши Пала хэмээх эгэл хүмүүнийг дурдан, олон олон судраас урт хэсгийг эш татан цээжээр уншиж чаддаг байсан хэмээв. Сүүлийн жилүүдэд Хималайн бүс нутгийн энгийн иргэд судар номыг илүү гүнзгий судлах хандлага нэмэгдэж байгааг дурдан, саяхан Ладак хотод айлчлахдаа эгэл иргэд судрын мэтгэлцээнд идэвхтэй оролцож байсныг хараад, ихэд баярлаж байснаа хуваалцсан юм.

Дээрхийн гэгээн төвөдийн шашин, соёлын уламжлалыг судлахын зэрэгцээ орчин үеийн боловсрол эзэмших хэрэгтэй хэмээгээд, өмнө нь төвөдөд орчин үеийн боловсролын тогтолцоо хангалттай хөгжөөгүй байсан нь томоохон сул тал байсныг XIII Далай лам харгалзан, төвөд залуусыг Англи улсад суралцуулахаар илгээж байсан тухай дурдсан юм. Дээрхийн гэгээн залуу үеийг тодорхой мэргэжлээр гүнзгийрэн суралцаж, мэдлэг боловсролоо хөгжүүлэхийг уриалжээ.
Мөн ёс суртахууны доройтолд автах эрсдэл их буйг анхааруулж, төвөдийн шашин, соёлын уламжлал нь хүмүүсийн ёс зүйн үнэт зүйлсийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцоллоо. Тэрбээр Энэтхэгийн Спити бүс нутгийн албаныхантай ярилцаж байхдаа нутгийн иргэд үндсэн урсгалын нийгэмтэй илүү холбогдох тусам уламжлалт ёс суртахууны зарим чанар алдагдах хандлага ажиглагдаж байгааг сонсож байсан тухайгаа дурдсан бөгөөд энэ асуудлыг тухайн үеийн Энэтхэгийн ерөнхий сайд Индира Гандитай ч ярилцаж байжээ.
Дээрхийн гэгээн мөн зарим төвөд хүн гадаад оронд үлдэхийн тулд шударга бус арга хэрэглэх тохиолдол гарч буйг шүүмжилж, нэгэн цагт төвөд хүний нэр хүнд дэлхий дахинд өндөр байсан гэдгийг сануулав. Иймээс төвөдүүд өөрсдийн уламжлалт шударга, итгэл даах зан чанарыг хадгалж хамгаалах нь нэн чухал, эх орондоо амьдарч буй төвөдүүд гадаад дахь ахан дүүстээ ихээхэн найдвар тавьж буйгаа сануулан, Төвөд дэх төвөдүүдийн шийдэмгий зориг, тэсвэр хатуужлыг гүн хүндэтгэдгээ илэрхийлэв.
Тэрбээр Төвөдийн улс төрийн асуудлын талаар дэлгэрэнгүй тайлбар хийхгүй хэмээн мэдэгдэж, энэ асуудлаар ерөнхий сайд болон Кашагийн гишүүд олон нийтэд тогтмол мэдээлэл өгч байгааг дурдав. Харин Төвөдийн байгаль орчны асуудалд санаа зовнин буйгаа илэрхийлж, нүүдэлчин төвөдүүдийг нүүлгэн суурьшуулах бодлого нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тухай мэдээлэл сонссоноо хуваалцлаа.
Төвөд иргэдтэй уулзахаас өмнө Дээрхийн гэгээн Сан-Франциско орчимд төвөд хийд байгуулах төслийн талаар Жүддо Важраяна төвөөс танилцуулсан арга хэмжээнд оролцов.
Тэрбээр Төвөдөд шашин, соёлын байгууллагууд олноор устгагдсан түүхийг сануулан, Төвөдөд 6000 гаруй сүм хийд, шашны байгууллага устгагдсан төдийгүй 2 жилийн өмнө Хятадын Коммунист намын нэгэн албан тушаалтан төвөдийн хийдүүдийг уламжлалт сургалтын амьд төвүүд бус, харин музей мэт болгох талаар ярьж байсан аж. Ийм нөхцөлд төвөдийн оюуны уламжлалын жинхэнэ сургалтын төвүүд Төвөдөөс гадуур оршиж байгааг хэлээд, Энэтхэгт одоогоор 10,000 орчим лам, 3000 гаруй гэцүлмаа төвөдийн уламжлалт боловсрол эзэмшин суралцаж байгаа ба шинээр баригдах хийдийн ач холбогдлыг дэлгэрэнгүй тайлбарлав. Шинээр байгуулагдах төв нь зөвхөн төвөдийн буддын шашны соёлыг судлах газар төдийгүй буддын уламжлал болон бусад шашин хоорондын гүнзгий яриа хэлэлцээр өрнүүлэх төв байх ёстойг Дээрхийн гэгээн санал болгож мөн буддистууд, эрдэмтдийн хоорондын харилцан яриаг хөгжүүлэхийг уриалав. Тэрбээр төслийн дэмжигчдэд талархал илэрхийлэхийн зэрэгцээ хандивласан хөрөнгийг үр ашигтай зарцуулахыг онцлон сануулсан юм.
Үдээс хойш Дээрхийн гэгээн эхлээд Жүддо төвийн дэмжигчидтэй уулзан, өөрийн амьдралын үндсэн гурван амлалт болох хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг дэмжих мөн Төвөдийн асуудлыг энхийн замаар шийдвэрлэх явдал багтдаг болохыг дурдлаа. Тэрбээр эхний хоёр амлалт нь энэтхэгийн соёл иргэншлээс дэлхийд хүргэж буй дуу хоолой хэмээн тодорхойлжээ. Үүний дараа Дээрхийн гэгээн хэвлэл мэдээллийн төлөөлөгчидтэй уулзан, асуултад хариулсан юм.
Төвөдийн асуудлын хувьд 2000 оноос хойш төвөд иргэдийн дундаас сонгогдсон улс төрийн удирдлагатай болсон тул өөрийгөө хагас тэтгэвэрт гарсан хэмээгээд, цаашид бүрэн тэтгэвэрт гарахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Дээрхийн гэгээн эхлээд энэрэн нигүүлсэх сэтгэлийг хэрхэн төлөвшүүлэх тухай асуултад хариулж, энэрэл нигүүлслийн хоёр үе шатын тухай тайлбарласан юм.
Хятадын сэхээтэн Лю Шяобо Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тухай асуухад Дээрхийн гэгээн улс төрийн илүү нээлттэй, эрх чөлөөт тогтолцоог дэмжихийн төлөө ажиллаж буй хүмүүсийг анхнаасаа дэмжиж ирснээ дурдсан юм. Тэрбээр Лю Шяобо “Чатер 08” тунхгийг зарлах үед Польш улсад байсан бөгөөд уг мэдээг сонсмогцоо дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ба Нобелийн шагналтнуудын зарим нь, ялангуяа хамба лам Дэзмонд Туту тэргүүт хүмүүс Лю Шяобод Нобелийн Энх тайвны шагнал олгохыг дэмжсэн гарын үсгийн уриа өрнүүлж, өөрийг нь ч мөн нэгдэхийг урьж байжээ. Шагналыг Лю Шяобод олгохоор шийдвэрлэснийг зарлах үед Дээрхийн гэгээн ихэд баяртай байснаа хуваалцлаа.
Дээрхийн гэгээн мөн өөрөө Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан үеэ дурсав. Тэрбээр тухайн үед хэвлэл мэдээллийнхэнд “Би бээр буддын эгэл нэгэн лам учраас энэ шагнал миний хувийн амьдралд төдийлөн өөрчлөлт авчрахгүй. Харин энэ шагналыг хүчирхийлэл үл хэрэглэх зарчим болон энэрэн нигүүлсэх сэтгэлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө хийсэн хүчин чармайлтыг үнэлсэн хэрэг хэмээн ойлгож, надад ихэд урам зориг өгсөн билээ” хэмээн айлдав.
Тэрбээр энэ удаад ч мөн адил уг шагналыг Лю Шяобогийн эрх чөлөө, ардчиллыг дэмжин тууштай ажилласан үйл хэрэгт өгсөн нэгэн төрлийн үнэлэмж хэмээн үзэж байгаагаа илэрхийлж, энэ нь цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нь урам зориг өгнө гэдэгт найдаж буйгаа айлдсан юм.
Хятадын Засгийн Газрын зүгээс Лю Шяобогийн шагналд хэрхэн хандсан талаар асуухад Дээрхийн гэгээн “Энэ талаар би ямар нэг зүйл хэллээ ч миний санал бодол төдийлөн ашигтай байхгүй болов уу” хэмээгээд тайлбар өгөхөөс татгалзав.
Жүддо Важраяна төвийн үйл ажиллагааны талаар асуухад Дээрхийн гэгээн “Калифорни муж нь олон соёлт нийгэм бүхий бүс нутаг учраас уг төвийн төсөл энэ соёлын орчинд өчүүхэн боловч хувь нэмэр оруулж, ирээдүйд энэ төв нь төвөдийн буддын соёлыг судлах сургалтын газар төдийгүй шашин хоорондын харилцан ойлголцол, яриа хэлэлцээрийг дэмжин, буддистууд, эрдэмтдийн хоорондын яриа хэлэлцээр өрнүүлэх талбар болно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Уулзалтын төгсгөлд Дээрхийн гэгээн хэвлэл мэдээллийн ажилтнуудад хандан тэд ч мөн хүний нийтлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх үйл хэрэгт чухал үүрэгтэйг сануулж, энэхүү үзэл бодлыг олон нийтэд түгээхийг уриалав.
Дээрхийн гэгээн ярилцлагын дараа Сан-Хосе хотын Конвеншн төвд тухлан саатаж, төвөдийн их багш Гэше Лангри Тангпагийн зохиосон “Сэтгэл боловсруулах найман бадагт шүлэг” судрын тайлбарыг айлдлаа. 12,000 хүний суудалтай танхимд цугласан олон Дээрхийн гэгээний айлдварыг анхааран сонссож байв.

Дээрхийн гэгээн бурхны шашны ерөнхий тайлбар эхлэн айлдаад дараагаар нь уг судрын утга агуулгыг өнөөгийн нөхцөл байдалтай холбон, бусад шашны уламжлалын сургаалтай харьцуулан айлдав.
Тэрбээр дөрөвдүгээр шүлгийн утгыг тайлбарлахдаа “ДОХ-ын халдвартай өвчтөн, хорих ял эдэлж буй хүмүүсийг гадуурхах, үл ойшоох ёсгүй харин ч тэднийг нийгмийн амьдралд хэрхэн хамруулж, дэмжих талаар бодож ажиллах нь зүйтэй” хэмээн айлдаад, гурав болон тавдугаар шүлгийн агуулга нь Библид өгүүлдэг хүнд нүглийн тухай сургаал болон уучлал, тэвчээрийн сургаалтай утга дүйдэг болохыг дурдав. Түүнчлэн ислам шашинт нэгэн найз нь “жихад” хэмээх ойлголтын нэг утга нь хүний дотоод сэтгэл дэх мунхаг, хорлол зэрэг сэтгэлийн гэмтэй тэмцэх явдал гэж тайлбарлаж байсныг дурдав.

Дээрхийн гэгээн “Энэхүү богино хэмжээний сударт хүн бүр өдөр тутам өөртөө сануулж, илүү сайн хүн болохыг зорих гүн утга санаа агуулагдаж байдаг. Эхний ээлжинд 1 долоо хоногийн хугацаанд энэ найман шүлгийг өдөр бүр эргэцүүлэн бодож, амьдралдаа хэрэгжүүлж үзээд, хэрэв долоо хоногийн дараа тодорхой үр өгөөжийг мэдэрвэл энэ дадлыг үргэлжлүүлэх боломжтой бөгөөд сэтгэл энэ зарчмуудтай аажмаар танилцан, хэвшсэн цагт бодит өөрчлөлт бий болно” хэмээн айлдлаа.
Уламжлалын дагуу Дээрхийн гэгээний ивээл доор болдог арга хэмжээ болгонд уламжлалын дагуу зохион байгуулагчид санхүүгийн тайлангаа танилцуулдаг билээ. Жүддо Важраяна төвийн мэдээлснээр уг арга хэмжээний нийт зардал ойролцоогоор 271,000 ам.доллар болсон бөгөөд нийт орлого 360,000 ам.доллар болсон ба үлдсэн 89,000 ам.долларын орлогыг гурван чиглэлд хуваарилахаар шийдвэрлэжээ. Үүнд АНУ дахь Жүддо Важраяна төвийн шашин, соёлын үйл ажиллагааг дэмжих, Энэтхэг дэх Жүддо хийдийн лам хуврагуудын эрүүл мэнд, боловсролын хэрэгцээг хангах, мөн төвөд дүрвэгсэд, ялангуяа хүүхэд болон ахмад настнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой төслүүдийг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ.










