АНУ, Массачусетс муж, Кембриж хот. 2009 оны 4 дүгээр сарын 30. Бостон хотын бүс хийх 4 өдрийн айлчлалаа эхлүүлсэн Дээрхийн гэгээн энэ өдөр “Хятад улс эдийн засаг, улс төрийн асар их хүч нөлөөтэйг хүлээн зөвшөөрсөн ч хүний эрхийн асуудлыг үл тоомсорлосоор байвал дэлхийн хамгийн олон хүн амтай тус улс их гүрэн хэмээн хүлээн зөвшөөрөгдөх зорилгодоо хүрэхэд бэрхшээлтэй тулгарна” хэмээн мэдэгджээ.
Төвөдийн оюун санааны тэргүүн, өдгөө 73 насыг зооглон буй Дээрхийн гэгээн Далай лам Энэтхэгт Дүрвэгсдийн Засгийн газрыг 50 гаруй жил тэргүүлж байгаа билээ. Тэрбээр “Чарльз” зочид буудлын хурлын танхимд Бостоны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа инээмсэглэн, хөгжилтэйгөөр ярьж байлаа. Танхимд АНУ-ын ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедигийн зурсан зураг, тэмдэглэлүүдийг дүрсэлсэн чимэглэл байв.
Хэвлэлийн бага хурал эхлэхэд Дээрхийн гэгээн багахан ядарсан нь илт байсан ч яриа өрнөх тусам улам идэвхтэй болж байв. Түүнийг хурлын танхимаас гарах гэж байхад нэгэн сурвалжлагч Төвөдөд дахин хөл тавих өдөр ирнэ гэж боддог эсэхийг нь асуужээ. Үүний хариуд Дээрхийн гэгээн эх орон, итгэл найдварын утга учрын талаар гараа дэлгэн, нэлээд дэлгэрэнгүй хариулсан юм. Дараа нь сэтгүүлчдийн дунд очиж, бөхийн мэндчилж, гар барин, хамтдаа зургаа татуулжээ.
Хэвлэлийн бага хурлын хамгийн онцлох мөчүүдийн нэг нь Дээрхийн гэгээн АНУ болоод Хятад улсын үйл ажиллагааг харьцуулсан явдал байв. Тэрбээр өнгөрсөн жил Төвөдөд болсон жагсаал цуглааныг хятадын эрх баригчид хүчээр дарсныг шүүмжлэхийн зэрэгцээ Афганистан, Иракт явуулсан дайныг мөн шүүмжилжээ. “Обамагийн засаг захиргаа, түүн дундаа Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Хятадтай харилцахдаа хүний эрхийн асуудалд хангалттай хатуу байр суурь баримтлахгүй байна хэмээн зарим хүн шүүмжилж байв. Гэвч Далай лам шинэ засаг захиргаа ажилдаа орсноор АНУ-ын Төвөдтэй холбоотой бодлогод өөрчлөлт гарсныг олж харсангүй” гэдгээ илрэхийлсэн юм. Тэрбээр ерөнхийлөгч Барак Обамаг “шулуун шударга” хүн хэмээн тодорхойлж, АНУ-ын гадаад харилцааны зарим хурцадмал асуудлыг сайжруулахын төлөө хичээж буйг нь машид сайшаасан байна. Гэхдээ Далай лам энэ удаагийн АНУ-д хийх айлчлалынхаа үеэр Обаматай уулзахгүй гэдгээ мэдэгдсэн юм. “Ирэх 10 дугаар сард АНУ-д дахин айлчлахдаа ерөнхийлөгчтэй уулзана хэмээн найдаж байгаа ч уулзалт болох эсэхэд итгэлтэй биш байна” хэмээсэн юм. Ерөнхийлөгч асан Жорж В.Бушийн тухайд Дээрхийн гэгээн “Би ерөнхийлөгч Бушид хайртай” хэмээн хэлжээ. Тэрбээр Бушийн бодлоготой санал зөрөлдөж байсан ч түүний найрсаг, дулаан зан чанарыг үнэлдгээ илэрхийлсэн юм.
Дээрхийн гэгээн Далай лам Харвардын Их Сургуулийн талаар халуун дотно сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр тус сургуульд анх 1979 онд айлчилж байсан бөгөөд маргааш Дурсгалын сүмд айлдвар айлдан, Харвардын хашаанд мод тарих ёслолд оролцохоор төлөвлөсөн байв. Тэрбээр АНУ-ын ирээдүйн удирдагчид Харвардад суралцдаг хэмээн үздэг тул тус сургуультай харилцаагаа олон жилийн турш хөгжүүлсээр ирсэн билээ.
Бостон хотод хийж буй энэ удаагийн айлчлал нь Дээрхийн гэгээн Далай ламын 6 дахь айлчлал юм. Тэрбээр айлчлалын хүрээнд Массачусетсийн технологийн дээд сургуульд өөрийн нэрэмжит шинэ ёс зүйн төвийн нээлтэд оролцох аж. Мөн Харвардын Анагаах ухааны сургуулиас зохион байгуулж буй хэлэлцүүлэгт оролцож, бясалгал болоод сэтгэл заслын харилцан хамаарлын талаар хэлэлцэх ажээ. Үүнээс гадна Фоксборо хотын “Жиллетт” цэнгэлдэх хүрээлэнд бурхны шашны анхан шатны танилцуулга хичээл багтсан олон нийтийн томоохон хоёр арга хэмжээ зохион байгуулах бөгөөд эдгээр арга хэмжээнд нийт 13,000 орчим хүн оролцох төлөвтэй байна.
Дээрхийн гэгээн Кембриж хотод байх хугацаандаа өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй төвөд-америк иргэдтэй хаалттай уулзалт хийхээр төлөвлөжээ. Тус бүс нутагт амьдардаг, Төвөдийн нийгэмлэгийн 600 гаруй гишүүн Фоксборо хотод цуглах төлөвтэй байгаа аж. Бостон хотын Төвөдийн холбооны хэвлэлийн төлөөлөгч Дондовбумаа, “Бостонд амьдардаг бүх төвөд хүн тэнд очно гэдэгт би итгэж байна. Төвөдүүдийн хувьд Дээрхийн гэгээнтэй уулзах нь асар том үйл явдал юм. Төвөдөд амьдардаг төвөдүүд түүнийг харахын тулд амь насаа ч эрсдэлд оруулдаг. Тиймээс эрх чөлөөт улсад амьдарч буй бид мэдээж очих ёстой. Дээрхийн гэгээнтэй уулзаж, ойр байна гэдэг асар их хүндэтгэл билээ” хэмээн ярьжээ.
Төвөдөд илүү өргөн хүрээний өөртөө засах эрх олж авахын төлөө 50 жилийн турш хичээсэн ч амжилтад хүрээгүй байхад төвөдийн үйл хэргийн төлөө итгэл найдвар тээх шалтгаан буй эсэхийг Дээрхийн гэгээн Далай ламаас асуужээ. Тэрбээр бодитоор авч үзвэл өөдрөгөөр харах үндэслэл бага байгааг хүлээн зөвшөөрсөн юм. “Гэвч хувьсгалын дараах хятадын түүхийг товч тайлбарлаж, тус улс өмнө нь олон удаа бодлого, чиглэлээ үндсээр нь өөрчилж байсан тул дахин өөрчлөгдөх боломжтой” хэмээжээ. Түүний үзэж буйгаар Хятад улс социализмаас үндсэндээ татгалзсан бөгөөд өнөөгийн тогтолцоог “капиталист, автократ коммунист” улс хэмээн тодорхойлсон байна. Мөн хятадын ард түмэн Хятадын Засгийн газраас илүүтэйгээр төвөдийн үйл хэргийг ойлгон, дэмжих хандлагатай буйг дурдсан юм. Үүний нотолгоо болгон өнгөрсөн 1 жилийн хугацаанд хятадын зохиогчдын бичсэн, төвөдийн асуудалд нааштай хандсан нийтлэлүүдийг дурджээ.










