Энэтхэг улс, Жамму, Кашмир муж, Ладак, Лех хот. Дээрхийн гэгээн Далай лам 1970-аад оны дунд үеэс хойш дөрөв дэх удаагаа "Ламдон Модел" сургуулиар зочиллоо. Сургуулийн захирал Эшдондов түүнийг халуун дотноор угтан авч, сургуулийн шинэ хоёр барилгыг танилцуулсан бөгөөд АНУ-ын иргэн Билл Кайт аавынхаа гэгээн дурсгалд зориулан санхүүжүүлсэн шүдний эмнэлэг, нөгөө нь хими, физик, биологийн лабораторитой байгалийн ухааны гурван давхар хичээлийн байр байв. Хичээлийн шинэ байрыг "Далай лам” сангийн буцалтгүй тусламжаар босгосон юм.
Дээрхийн гэгээн 2009 онд тус сургуульд зочлох үеэрээ сурагчдад шинжлэх ухааны мэдлэгийг бодитоор туршиж, дадлагажих боломж олгох үүднээс лабораторитой байгуулахыг сургуулийн удирдлагуудад зөвлөж байжээ. Тэрбээр энэхүү бүтээн байгуулалтад санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ амлаж байсан бөгөөд өнөөдөр энэ бүтээн байгуулалтыг хараад, сэтгэл машид хөдөлж байв.

Дээрхийн гэгээн сурагчид болоод ажилтнуудад хандан боловсролд цогц байдлаар хандах шаардлагатайг хэлэв. Орчин үеийн боловсрол нь оюун ухаан, тархийг хөгжүүлэхэд маш үр дүнтэй байгаа ч энэ нь сайн сайхан сэтгэлийг төлөвшүүлэхэд тусалдаг уламжлалт үнэт зүйлсийг орхигдуулах шалтгаан болох ёсгүйг сануулан, уламжлалт логик мэтгэлцээн болон учир шалтгааныг шинжлэн судлах аргыг зөвхөн шашин гүн ухааны салбарт бус, байгалийн шинжлэх ухаан болоод бусад орчин үеийн хичээлүүдэд ч ашиглаж буйг сайшаав. Багшаас сурсан мэдлэг болоод номноос уншсан зүйлээ логик үндэслэлтэйгээр, дахин дахин нухацтай шинжлэн судлахын чухлыг тайлбарлалаа. Ингэж судалснаар мэдлэг зөвхөн тогтоосон төдий биш, харин илүү гүнзгийрч, таны ойлголтыг баттай бэхжүүлдэг болохыг онцлов. “Мэдээж бурхны шашинтнуудын хувьд ч боловсрол нэн чухал. Бурхан багшийн сургаалыг зөвөөр бясалгаж, хэрэгжүүлэх арга зам нь бодит байдлыг шинжлэн судлах явдал юм. Бид хүний оюун ухааныг дээд зэргээр ашиглах ёстой бөгөөд энэ хүрээнд юмс үзэгдлийн гадаад ертөнцийг шинжлэн судалдаг шинжлэх ухааны арга барил бидэнд ихээхэн тустай. Гэсэн хэдий ч Бурхны шашны арга барил нь гадаад багаж хэрэгсэлд найдахаас илүүтэйгээр, хүний оюун санааг ашиглан төвлөрөл болон шинжлэн бясалгах аргаар бодит байдлыг таньж мэдэхэд оршдог юм” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн өрнөдийн орчин үеийн эрдэмтэдтэй 30 гаруй жил өрнүүлж буй хэлэлцүүлэг, ярианыхаа талаар дурдав. Эдгээр уулзалтын үр дүнд олон эрдэмтэд хүний сэтгэл болон сэтгэл хөдлөлийн ажиллагааг сонирхон судлах болсон юм. Энэхүү сэтгэл зүйн нарийн тайлбарууд нь Нагаржунай тэргүүтэй Энэтхэгийн Наландагийн уламжлалт их мастеруудын бүтээлүүдэд маш тодорхой, дэлгэрэнгүй өгүүлэгдсэн байдгийг онцоллоо.
Айлдварынхаа төгсгөлд XXI зуунд үлдсэн 80 орчим жилийн хугацаанд Ламдон Модел сургуулийн сурагчид Ладак муж, Энэтхэг улс төдийгүй дэлхий дахины амар амгалан, аз жаргалын төлөө бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн юм.

Дээрхийн гэгээн Ламдон сургуулиас гараад Лех хотын "Идга" мужийн мусульман шашинт иргэдийн нийгэмлэгт зочлов. Хүүхдүүд түүнийг инээмсэглэл дүүрэн алга ташилтаар угтан авч, орон нутгийн мулла (шашны зүтгэлтэн) гэгээнийг хүлээн авлаа.
Дээрхийн гэгээн бүх шашинд заадаг хүн төрөлхтний язгуур үнэт зүйлс буюу шашнаас ангид ёс зүйн талаарх өөрийн бодлоо хуваалцав. Тэрбээр мусульман болоод бурхны шашинтнууд хоорондын энх тайван, эв нэгдлийг бэхжүүлэхийн тулд өөрсдийн ижил төстэй талуудаа хэлэлцэхээр тогтмол уулзаж байх хэрэгтэйг санууллаа. Хайр энэрэл, нигүүлсэл, тэвчээр, сахилга бат болоод сэтгэл ханамжтай байх нь дэлхийн бүх томоохон шашнуудын хуваалцдаг нийтлэг үнэт зүйлс болохыг хэлэв.
Сахилга баттай байх тухайтад “Архинаас татгалзах тал дээр бурхны шашинтнууд мусульман ахан дүүсээсээ суралцах зүйл их бий” хэмээн хошигнож хэлсэн нь цугларсан олныг инээлгэв. Тэрбээр Лех хотод хэдэн мусульман гэр бүл амьдардаг талаар асууж, тус хотод нийт 1000 орчим өрх буюу 12,000 гаруй мусульман иргэн байдгийг мэдэж авлаа. Мусульманчуудын ахлагч нар түүнийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, шашин хоорондын хэлхээ холбоог бэхжүүлэх хүчин чармайлт, ялангуяа Ладак мужийн бурхны болоод исламын шашинтнуудын харилцааг сайжруулж байгаа нь Рамадан хэмээх ариун сарын үеэр тохиож буй нь нэн чухал ач холбогдолтойг онцлов.
Дээрхийн гэгээн Далай лам 7 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд Занскарын Падумд морилох бөгөөд тэнд "Бодьсадвын гучин долоон ном" болон "Оюун судлахуйн найман бадаг" сургаалыг айлдах юм.










