Дээрхийн гэгээний өнөөдрийн хөтөлбөр өглөөний 8:45-д Элэг Бүтэн Хүүхэд Олон Улсын Байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнуудтай хаалттай уулзалт хийснээр эхэллээ. Дараа нь тэрбээр CNN-ийн Ларри Кингтэй ганцаарчилсан ярилцлага хийх Беверли Хиллс дэх хувийн байшин руу явсан байна. Ярилцлагын өмнө Дээрхийн гэгээн Элэг Бүтэн Хүүхэд байгууллагын ивээн тэтгэгчидтэй албан бусаар товчхон ярилцаж, асуултад хариулав. Тэнд Шер, Крис Рок нарын арван зургаа орчим хүн байлаа.
Тэд манлайллын ёс зүйгээс авахуулаад хүүхдийн асаргаа, дотоод амар амгаланг төлөвшүүлэх зэрэг сэдвүүдээр Дээрхийн гэгээний санал бодлыг асуув. Тэдгээрт хариулахдаа Дээрхийн гэгээн зөвхөн мөнгө төдийгүй эрх чөлөө, чөлөөт мэдээлэл зэрэг үнэт зүйлс маш чухал гэдгийг онцлоод, "Хүний бүтээлч чанарыг зөв ашиглахын тулд хяналт шалгалт, хязгаарлалтаас ангид чөлөөт мэдээлэл хэрэгтэй" хэмээлээ.
10 цагт Дээрхийн гэгээний Ларри Кингтэй хийх дөчин таван минутын ярилцлага эхлэв. Ларри Кинг эхлээд Дээрхийн гэгээний Ерөнхийлөгч Обаматай хийсэн уулзалтын талаар асууж, Обамагаас юу хүссэнийг нь тодрууллаа. Дээрхийн гэгээн хүн төрөлхтний үнэт зүйлс болон шашин хоорондын эв зохицлыг дэмжих, Төвөдийн асуудал гэсэн гурван үндсэн амлалтаа дурдсан хэмээгээд, Ерөнхийлөгч Обамагаас Хятадын засгийн газрыг Төвөдүүдтэй яриа хэлэлцээ хийж, харилцаа тогтоохыг уриалж өгөхийг мөн дүрвэгчдийн суурингууд болон Төвөдөд амьдарч буй төвөдүүдэд сургалтын тэтгэлэг зэрэг тусламж үзүүлэхийг хүссэн гэж хариулсан байна.
Ларри Кинг Дээрхийн гэгээнээс Америк улс Хятадтай сайн харилцаатай байхын зэрэгцээ Төвөдийн тусгаар тогтнолыг дэмжих боломжтой эсэхийг асуув. Дээрхийн гэгээн төвөдүүд тусгаар тогтнол биш харин бодитой өөртөө засах эрхийг эрэлхийлж байгаа учраас Хятадтай сайн харилцаатай байх, Төвөдийг дэмжих хоёрт харшлах зүйл байхгүй гэж хариуллаа. Тэрбээр бидний санааг зовоож байгаа зүйл бол Төвөд дэх зургаан сая төвөд хүний үндсэн эрх юм хэмээгээд цааш нь, "Төвөд хүн бүхэн орчин үеийн Төвөдийг хүсч байгаа" бөгөөд Хятадын нэг хэсэг хэвээр үлдсэнээр түүнд хүрч чадна гэв. Тэрбээр өөрийн арга барилыг Дундад Замын Бодлого гэж нэрлээд, "Бидний энэ бодлого Хятадын ашиг сонирхолд хамгийн сайн нийцнэ" гэж онцоллоо.
Үдээс хойш Дээрхийн гэгээн хэд хэдэн хаалттай уулзалтын дараа Юниверсал Ситийн Гибсон амфитеатрт "Энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх нь. Эмзэг бүлгийн хүүхдүүдийн хэрэгцээ" сэдвээр олон нийтэд илтгэл тавихаар зочид буудлаас хөдлөв. Элэг Бүтэн Хүүхэд байгууллагаас зохион байгуулсан уг илтгэл нь энэрэнгүй сэтгэл, дотоод амар амгаланг төлөвшүүлэхэд чиглэгджээ. Шерил Кроу гурван дуу дуулсны дараа Дээрхийн гэгээн тайзан дээр гарч ирэв. Дээрхийн гэгээн XX зуун хүн төрөлхтний түүхэнд маш чухал зуун байлаа хэмээн яриагаа эхэллээ. XX зуунд хүмүүс гайхалтай технологи бүтээж, хүний нийгэм зарим талаараа маш өндөр хөгжсөн хэдий ч нөгөө талаасаа энэ зуунд 200 гаруй сая хүн амь үрэгдсэн. Эрт дээр үед дайснаа устгах нь ялалт гэсэн үг байлаа. Одоо харин өөр болсон. Дайснаа устгах нь өөрийгөө устгахтай ижил. Тиймээс зэвсэг хураах нь маш чухал гэж Дээрхийн гэгээн мэдэгдээд, зэвсэг хураахыг гадаад, дотоод гэсэн хоёр төрөлд хувааж, "Дотоод сэтгэлдээ зэвсэг хураахгүйгээр өөрчлөлт тогтвортой үргэлжлэхгүй. Тиймд энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүл" хэмээлээ.
Дээрхийн гэгээн оюуны хөгжлийг ёс суртахууны хөгжилтэй зэрэгцүүлэн авч явахын тулд энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэхэд боловсрол чухал үүрэгтэй болохыг цохон тэмдэглэж, хүүхдүүдэд бага наснаас нь энэрэн нигүүлслийн үнэ цэнийг заахыг уриалав. Түүний хэлснээр төвөд эцэг эхчүүд хүүхдүүддээ шавж алж болохгүй хэмээн зааж сургаснаар хүүхдүүд амьдралын бүх төрөл хэлбэрийг хүндэтгэн үздэг болж өсдөг байна. Хэрэв хүүхдүүд шавжны амьдралыг тоохгүй бол цаашид бүх амьдралын үнэ цэнийг үл тоомсорлоход хүрч болзошгүй юм.
Тэрбээр мөн энэрэнгүй сэтгэл нь цусны даралт, түгшүүр, стрессийг бууруулж, бөх унтаж, хоолоо сайн боловсруулахад тустай болохыг дурдав. "Жинхэнэ эдгээх хүч бол энэрэн нигүүлсэхүй" гэж Дээрхийн гэгээн хэллээ.
Асуулт хариултын үеэр Дээрхийн гэгээнээс эцэг эхчүүд амьдралын боломжтой хүүхдүүдэд хичнээн азтай болохыг нь хэрхэн ойлгуулах хэрэгтэйг асуув. Дээрхийн гэгээн энэрэн нигүүлсэхүйн үнэ цэнийг орчин үеийн боловсролын системд хэрхэн нэвтрүүлэх вэ гэсэн асуудал байгаа бөгөөд цэцэрлэгээс эхлээд их дээд сургуулийн хүүхдүүдэд эдгээр үнэт зүйлсийг шашны бус аргаар заах шаардлага тулгамдаж байгааг санууллаа.
Дээрхийн гэгээнээс мөн Төвөд рүү буцаж очихоор төлөвлөж байгаа эсэхийг асуусанд тэрбээр "харих хүсэл хэзээд байдаг" гээд, гэвч түүнийг гүтгэж, дайсан гэж нэрлэдэг Хятадын удирдлага Дээрхийн гэгээнийг яагаад нутагтаа нэвтрүүлснээ иргэддээ тайлбарлахад тун хэцүү байх болов уу хэмээв. Тиймээс Дээрхийн гэгээн Хятадын засгийн газартай харилцаагаа сайжруулахыг хичээж байгаа хэмээгээд, Төвөдийн асуудал бол ганц Далай ламын асуудал биш, харин Төвөдийн ард түмний асуудал гэдгийг дахин давтлаа.
Илтгэл өдөр 2 цагт эхэлж, 4 цагийн үед өндөрлөсөн бөгөөд 6000 орчим хүн оролцсон байна. Маргааш Дээрхийн гэгээн Флоридад очиж, хоёр удаа олон нийтийн өмнө илтгэл тавина.
Англи хэлнээс орчуулсан Б.Одгэрэл