АНУ, Теннесси муж, Мемфис хот. 2009 оны 9 дүгээр сарын 23. Дээрхийн гэгээн Далай лам Мартин Лютер Кингийн насан өөд болсон зочид буудалд очсон нь машид гуниг төрүүлсэн ч урам зориг өгсөн айлчлал байлаа хэмээн хэлжээ. Төвөдийн шашны тэргүүн Мемфис хотод Иргэний эрхийн үндэсний музейгээс олгодог Олон улсын эрх чөлөөний шагналыг болгоохоор ирсэн байна. Тус музей нь Кингийн амь үрэгдсэн Лоррейн зочид буудлын түүхэн газрыг өөртөө багтаадаг ажээ.
Дээрхийн гэгээн Далай лам 1968 онд Кингийн амь үрэгдсэн тагтан дээр хүндэтгэл болгон өлгөсөн цэцгийн хэлхээн дээр цагаан хадаг нөмөргөн тавьжээ. Тэрбээр Кинг буудуулах үед хамт байсан гэгээнтэн Самуэл Кайлстай хамт музейг үзэн сонирхож байв. Кайлс Дээрхийн гэгээн Далай ламд Кинг амиа алдсан тэр өдрийн талаар сэтгэл хөдлөлөө илэрхийлэх үгсийг 40 жилийн турш хайсаар, олж чадаагүйгээ хэлжээ. “Мөрөөдөгчийг хөнөөж болно. Харин мөрөөдлийг хөнөөж чадахгүй” хэмээн Кайлс хэлсэн байна.
Зураг. МӨРӨӨДӨЛ ХЭЗЭЭ Ч МӨХДӨГГҮЙ: Дээрхийн гэгээн Далай лам 1968 онд Мартин Лютер Кинг агсны амь үрэгдсэн Лоррейн зочид буудлын тагтан дээр зогсож байна.
Тэрбээр иргэний эрхийн төлөөх хөдөлгөөнийг төвөдүүдийн Хятадаас илүү өргөн хүрээнд өөртөө засах эрх олж авахын төлөөх тэмцэлтэй зүйрлэжээ.
“Энэхүү түүхэн үйл явдал нь шударга ёсны төлөө, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтын эсрэг хийж буй тэмцэл олон бэрхшээл, саад тотгортой тулгарсан ч ялалтад хүрч болдгийг өнөөдөр бидэнд итгэл үнэмшилтэйгээр харуулж байна. Би бээр Кингийг хүчирхийлэл үл хэрэглэх зарчмыг үнэнчээр хэрэгжүүлсэн эрх чөлөөний төлөө тэмцэгчийн жишээ болгон байнга дурддаг юм. Мөн Төвөдийн ирээдүйд машид итгэлтэй байна. Тоталитар дэглэм бодит амьдралд нийцэхгүй бөгөөд машид хуучирсан тогтолцоо. Хятад улс үндсэн хууль, нэг намын тогтолцоогоо хэвээр хадгалж байгаа ч 30, 40 жилийн өмнөхтэй харьцуулахад аль хэдийн өөрчлөгджээ. Дэлхийн энх тайвныг тогтоох эхний алхам бол хүн бүрийн энэрэнгүй сэтгэл билээ. Гадаад ертөнцийг өөрчлөхөд хэцүү. Түүний оронд өөрийгөө өөрчил. Нэг хүн, нэг гэр бүл, арван гэр бүл, зуун гэр бүл өөрчлөгдвөл аливаа зүйл өөрчлөгдөж чадна” хэмээн Дээрхийн гэгээн айлджээ.
Дээрхийн гэгээн Хуксаас шагналаа болгоосныхоо дараа мөрөндөө дахин нэг цагаан хадаг барьж, эв найрамдлын бэлгэдэл болохыг үзэгчдэд тайлбарлажээ. Хүндэтгэлийн хадаг барих уламжлал Энэтхэгээс гаралтай боловч материалыг нь Хятадад үйлдвэрлэдэг аж. Шагналын хамт олгодог 50 мянган ам.долларын мөнгөн урамшууллыг Дээрхийн гэгээн Далай лам Иргэний эрхийн үнлэсний музейд хандивласан тухай тус музейн хэвлэлийн мэдээнд дурджээ. Тэрбээр мөнгөн урамшууллаа музейд хандивласан эрх чөлөөний 3 дахь шагналтан болсон байна. Түүнээс өмнө АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон 2003 онд, дэд ерөнхийлөгч асан Аль Гор 2008 онд шагналын мөнгөө музейд хандивлаж байжээ.
Дээрхийн гэгээн Далай лам олон нийтийн форумд оролцож, 1500 орчим хүнд айлдвар айлдлаа.
Музейн Үндэсний эрх чөлөөний шагналыг иргэний эрхийн төлөө тэмцэгч, амиа алдсан Медгар Эверсийн гэргий Майрли Эверс Уильямс хүртэх ажээ. Харин Өв уламжлалын эрх чөлөөний шагналыг Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч асан Жулиус Ирвинг хүртэнэ. 10 дугаар сарын 27-ны шагналыг гардуулах аж.










