АНУ, Жоржиа муж, Атланта хот. 2007 оны 10 дугаар сарын 19. Дээрхийн гэгээн Далай лам Бакхэд дүүргийн “Ritz-Carlton” зочид буудалд морилон саатсанаар их сургуультай шинээр тогтоосон харилцааг тэмдэглэх арга хэмжээ эхэллээ.
Төвөдийн улс төр, оюун санааны удирдагч Дээрхийн гэгээн Далай лам халуун дотноор инээмсэглэн машинаасаа буугаад, их сургуулийн захирал Жеймс В.Вагнер руу эргэн харж, “Тэгэхээр одоо би танай профессор болж байгаа юм уу?” хэмээн хошигнон асуув.
Вагнер инээд алдан, сургуулийн Захиргааны эрхлэгч бөгөөд Эрдэм шинжилгээ, сургалтын асуудал хариуцсан захирал Эрл Льюисийг танилцуулахдаа “Тийм ээ. Харин энэ хүн бол таны дарга” хэмээн хөгжилтэйгөөр хариулжээ.
Даваа гарагт их сургуулийн захирлын нэрэмжит хүндэт профессороор албан ёсоор томилогдож буй 1992 оны Нобелийн Энх тайвны шагналт Дээрхийн гэгээн Далай ламыг угтан авахаар Вагнер, Льюис, Удирдах зөвлөлийн дарга Бен Жонсон нар хүрэлцэн ирсэн байв.
Дээрхийн гэгээн өөрийг нь харахаар хүлээж байсан сүсэгтнүүдтэй мэндчилснийхээ дараа Эмори Их Сургуулийн багш нарын зүгээс буддын шашны лам нарт зориулан тусгайлан боловсруулсан шинжлэх ухааны сургалтын хөтөлбөртэй танилцжээ.
Дээрхийн гэгээн “Сэтгэл машид хөдөллөө. Энэ ажилд оролцож буй хүмүүсийн хүчин чармайлтын үр дүнд бодитой төлөвлөгөө бий болсон гэж бодож байна. Үнэхээр гайхалтай” хэмээсэн юм.
Эмори Их Сургуулийн удирдлагууд, шинжлэх ухааны салбарын багш нар, сэтгүүлчид болоод лам нар уг уулзалтад оролцжээ.










