Энэтхэг улс, Химачал Прадеш муж, Дарамсала хот. 2008 оны 11 дүгээр сарын 28. Дээрхийн гэгээн XIV Далай лам 11 дүгээр сарын 27-нд Энэтхэгийн ерөнхий сайд, доктор Манмохан Сингхэд илгээсэн захидалдаа “Мумбай хотод болсон террорист халдлагын улмаас олон хүний амь эрсдэж, олон хүн шархадсанд гүнээ цочирдож, харамсаж буйгаа” илэрхийлжээ.
11 дүгээр сарын 26-ны оройн 21 цагийн орчимд Мумбай хотын томоохон зочид буудлууд болон төмөр замын өртөөнүүдэд террорист халдлага болсон байна. Тус мэдээнд эдгээр халдлага цар хүрээгээрээ Энэтхэгийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй гэж дурджээ. Хилийн чанад дахь Төвөдийн төв захиргааны албан хаагчид цуглаж, амь үрэгдсэн хүмүүсийн төлөө залбиран, гашуудал илэрхийлсэн байна.
Далай ламын ажлын албанаас нийтэлсэн захидлын эхийг дор хүргэж байна.
2008 оны 11 дүгээр сарын 27
Бүгд Найрамдах Энэтхэг улсын ерөнхий сайд
Эрхэмсэг доктор Манмохан Сингх танаа
Ерөнхий сайдын ажлын алба
Шинэ Дели
Эрхэмсэг ноён танд,
Өнгөрсөн шөнөөс хойш Мумбай хотын хэд хэдэн газарт дараалан болсон халдлагын улмаас олон хүний амь эрсдэж, олон хүн шархадсанд би гүнээ цочирдож, харамсаж байна. Танд гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ танаар уламжлан амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн болон эдгээр жигшүүрт халдлагад өртсөн бүх хүнд эмгэнэлээ хүргэхийг хүсэж байна.
Энэтхэгийн ард түмний бэрхшээлийг даван туулах тэвчээр, хатуужлыг би үргэлж биширч ирсэн. Хүнлэг ёсны эсрэг ийм үйлдэл тэдний зоригийг мохоож чадахгүй гэдэгт огт эргэлзэхгүй байна. Та бүхэн терроризм, хүчирхийллийн аюултай тэмцэж буй энэ үед Энэтхэгийн ард түмэн, ялангуяа Мумбай хотын иргэдийн зовлонг хуваалцаж, тэдэнтэй сэтгэл санаагаар хамт байгаагаа дахин илэрхийлье.
Та бүхний төлөө залбиръя.
Хүндэтгэсэн
ДАЛАЙ ЛАМ










