Энэтхэг, Амритсар. 2007 оны 11 дүгээр сарын 29. Дээрхийн гэгээн Далай лам Мьянмарт саяхан болсон ардчиллыг дэмжсэн жагсаал, цуглааныг дэмжиж буйгаа илэрхийлэн, уг жагсаалд тэргүүн эгнээнд оролцсон буддын шашны лам нарыг хүч хэрэглэн дарамталж буйг буруушаав. Тэрбээр энэ явдал хятадын эрх баригчид төвөдүүдийг дарангуйлж буйтай адил санагдаж байгааг хэлжээ.
Мьянмарын цэргийн эрх баригчид 9 дүгээр сард ардчиллыг дэмжсэн хэд хэдэн эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тараасан байна. Эрх баригчдын НҮБ-д өгсөн мэдээллээр дор хаяж 15 хүн алтан амиа алдаж, 3000 орчим жагсагчийг баривчилжээ. Лам нар уг хөдөлгөөний тэргүүн эгнээнд байсан байна. Харин дипломатууд болоод сөрөг хүчнийхэн амь үрэгдсэн хүний тоо үүнээс хавьгүй өндөр байсан хэмээн мэдэгдэж байв.
Дээрхийн гэгээн Далай лам, “Хүмүүс лам нарыг зодож байгаа зургийг хараад би бээр тэр даруй төвөдийн нөхцөл байдлыг, бидний өөрсдийн туулж буй зүйлийг санасан. Хэдхэн хоногийн өмнө Төвөдөд манай лам нарыг хятадын хүчнийхэн зодсон байсан” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Энэтхэгийн Амритсар хотод болсон дэлхийн шашны удирдагчдын Элижа шашин хоорондын дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчдэд хандан, “Би жагсаалд оролцогчдыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд тэднийг бүх талаар дэмжиж, машид өрөвдөж байна” хэмээн хэлсэн байна.
Тус уулзалтад хиндү, ислам, христийн, буддизм, сикх, еврейн шашны нэр хүндтэй удирдагчид оролцсон бөгөөд шашныг ашиглан энх тайвныг түгээн дэлгэрүүлэх, мөргөлдөөнийг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулжээ.










