Япон, Нийхама. 2010 оны 11 дүгээр сарын 9. “Дэлхийн II дайны дараа маш олон томоохон хот сүйрсэн ч та бүхэн үнсэн нурмаас шинэ дэлхийг бүтээж чаджээ. Яг л Германы адилаар орчин үеийн хэв шинжид шилжсэн ч уламжлалт ёс заншлаа хамгаалан хадгалж, хэвээр үлдээжээ” хэмээн Дээрхийн гэгээн Далай лам айлчлалынхаа 3 дахь өдөр тэнгисээс холгүйхэн орших Шикокү арлын Нийхамагийн танхимд цугласан 300 орчим уугуул иргэдтэй энэхүү магтаал, сайшаалын бэлгэт үгсээр мэндчиллээ.
Хэдийгээр өглөө салхитай жихүүн байсан ч Дээрхийн гэгээн Нийхама руу нисдэг тэргээр морилсон ба хэвлэлийн бага хуралд залрав. Түүнчлэн тэрбээр японы алдарт тархи судлаач, эрдэмтэн Кэничиро Могитой оюун ухаан болоод тархины талаар яриа өрнүүлсэн юм.

Дээрхийн гэгээн яриагаа бид аливаа зүйлийг мэдрэх, аливаа зүйлийг оюун ухаанаараа хүлээн авах үесийн ялгааг тодотгон, “Сэтгэл оюуны ханамж нь бие махбодын өвдөлтийг хүртэл дарах чадалтай байдаг. Түүнчлэн оюуны дотоод туршлага нь бие махбодын мэдрэмжээс илүү чухал юм” хэмээн эхлүүлэв. Дээрхийн гэгээн профессор Могид мэдрэл судлаачид энгийн үеийн уур хилэн болон зүүдэлж байх үеийн уур хилэнг харьцуулж чаддаг эсэх, ухамсар тархинд нөлөөлж чадах эсэх болон эсрэгээр тархи ухамсарт нөлөөлж чадах эсэх зэрэг олон асуултыг дараалан тавьж байлаа.
“Ихэвчлэн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан ярилцлага өрнүүлэх үед хүмүүс “Бурхны шашин хийгээд шинжлэх ухааны яриа” нэр томьёог ашигладаг болжээ. Гэвч миний хувьд энэ нь буруу хэмээн үздэг. Бурхны шашин бол шашин. Бид шинжлэх ухаантай тийм ч холбоотой биш. Гэхдээ Бурхны шашин хүний сайн олон зан чанар болох сайхан сэтгэл, энэрэл нигүүлслийг хөгжүүлэхийг голлон заадаг. Тиймээс бидэнд тархины систем болоод сэтгэл хөдлөлийн тухай маш олон гүн гүнзгий тайлбар мэдээлэл хэрэгтэй. Иймд бурхны шашныг гурван хэсэгт хувааж үзэж болно. Бурхны шашин, бурхны шашны шинжлэх ухаан, бурхны шашны сэтгэл судлал. Цаашид яриа хэлэлцээрүүдийг “Байгалийн шинжлэх ухаан болоод бурхны шашны шинжлэх ухаан хоорондын яриа” гэхчлэн нэрлэвэл илүү зохилтой” хэмээсэн юм.

Дээрхийн гэгээн бурхны шашны бясалгагчид ихэвчлэн тайван байх хийгээд энэрэл нигүүлслийн тухай айлдаж эхэлмэгц нүднээс нь нулимс хайлан урсаж байсан тухай тархи шинжлүүлэх үест олж илрүүлсэн талаар айлдлаа. “Ихэнх хүмүүс ухамсар нь тархины нейронуудаас ирдэг. Хэрэв нейронууд зогсвол ухамсар ч мөн адил зогсох ёстой гэж итгэдэг. Харин зарим эрдэмтэд ухамсар тархинд нөлөөлж болно. Энэ нь өөр амьдралын тухай биш юм. Гэвч өөр нэгэн түвшинд, хамгийн нарийн ухамсар тархинд нөлөөлж болзошгүй юм хэмээн үзэж байна. Ийм маш олон жишээ байдаг. Зарим мэргэн лам нар таалал барсны дараа 1, 2, бүр 3 долоо хонгийн дараа ч лагшин буюу бие махбод нь муудалгүй хэвээр байх ба ухамсар байж болох шинж тэмдгүүд илэрдэг” хэмээн Дээрхийн гэгээн айлдлаа.
Эрдэмтэн мэргэд хуран чуулж, өөрсдийн эрдэм шинжилгээ, туршилтын тайлангаа англи хэл дээр танилцуулан хуваалцаж байгаа нь орчны уур амьсгал машид баяртай буй илтэд байлаа. Дээрхийн гэгээн үргэлжлүүлэн, профессор Могид хандан, “Хэрэв бид тархиа дадлагажуулах шаардлагагүйгээр тархины уур, шунал үүсгэдэг хэсгийг мэс заслын аргаар авч болдог хагалгаа хөгжиж чадвал бид асуудлыг шийдэж чадна” хэмээв. Профессор Моги лоботоми мэс заслын аргыг дурдсан бөгөөд энэ төрлийн хагалгаа магадгүй боломжтой юм. Гэвч бид одоогоор энэхүү сөрөг сэтгэл хөдлөлүүд тархины яаг аль хэсэгт оршиж буйг тогтоож чадаагүй байна.
Танхимд цугласан үзэгчид дундаас босон Дээрхийн гэгээнээс асуулт асуулаа. “Таны шинжлэх ухааны талаарх судалгаа шинжилгээ бурхны шашныг үзэх үзэлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?”
Дээрхийн гэгээн Лхас хотод байхдаа ч шөнийн тэнгэрийг дуран ашиглан мэлмийгээр тольдон суудаг байснаа дурслаа. Нар жаргахад түүний гэрлийн туяа саранд тусдаг ба сар ямар ч гэрэлгүй гэдгийг өөрийн мэлмийгээр тольдон болгоож, дараа нь 1960 онд одон орон судлалын тухай уншиж байхдаа мөн мэдэж авсан. Түүнчлэн энэ дэлхийд Мэрү уул байдаг гэдэгт итгэхээ больсон тухайгаа ч хуваалцав.
“Гэхдээ үүнд асуудал байхгүй. Учир нь Бурхан багш энэ дэлхийд газрын зураг зурах гэж морилоогүй шүү дээ. Түүний хамгийн гол чухал анхаарч байсан зүйл нь зовлонг арилгах. Энэ үзэл дараагийн мянган жилд ч хэвээр байх болно. Дараагийн их тэсрэлтийн дараа ч энэхүү үнэн үзэл хэвээр байх болно. Магадгүй арван мянга, зуу мянган жилийн дараа зарим сэтгэл хөдлөл болоод тархины бүтэц өөрчлөгдөж болох. Гэвч өнөөдрийн сэтгэл хөдлөлүүд Бурхан багшийн үест байсан сэтгэл хөдлөлүүдтэй адил хэвээр байна. Зарим Америк гаралтай бурхны шашинтай сүсэгтнүүд намайг шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан яриа өрнүүлж эхлэх үед шинжлэх ухаан бол шашныг устгагч болгоомжтой байх хэрэгтэй хэмээн анхааруулж байв. Тэгээд олон удаа бодсоны эцэст бурхны шашин ерөнхий, Наланда уламжлалын гол арга барил өөрөө шууд итгэх бус шинжлэн илрүүлэх зарчимд тулгуурласан байдаг. Учир нь зовлогийн туйлын мөн чанар нь мунхаг буюу буруу үзэл юм. Буруу үзлийг байхгүй болгохын тулд түүний эсрэг зөв үзлийг бий болгох, зөв үзлийг бий болгохын тулд туйлын үнэнг мэдэх, туйлын үнэнг ойлгохын тулд судлан шинжлэх, түүнчлэн бид бүр Бурхан багшийн сургаал номлолыг ч хүртэл судлан шинжлэх хэрэгтэй байдаг. Бурхны шашны уламжлалын гол үндэс дагуу мөн их мэргэн судлаач Нагаржунай адил, зарим салбар нь өөр байж болох ч уламжлалын үндэс дагуу, маш хатуу байх хэрэгтэй. Эдгээр эртний судар номууд нь бүгдэд таарах болно. Бусад амьтны төрлүүдээс хүнд л онцгой оюун ухаан тархи бэлэглэжээ. Бид энэхүү багаж хэрэгслийг сүйтгэхэд бус бүтээхэд ашиглах хэрэгтэй. Боловсрол гэдэг бол бидний мэлмийг нээх арга, дэлхий ертөнцийг бүхэлд нь харах арга зам билээ” хэмээн англиар тод цэвэр, итгэл дүүрэн айлдаж байлаа.










