Нигери улс, Лагос хот. 2008 оны 11 дүгээр сарын 26. Төвөдөөс дүрвэн гарсан шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам 11 дүгээр сарын 26-ны өдөр Нигери улсад айлчлалаа эхлүүлэхээр морилон иржээ. Түүнийг Лагос хотын Муртала Мухаммед нисэх буудалд хүрэлцэн ирэхэд Энэтхэгийн нэгэн дипломат ажилтан болон түүнийг урьсан “Осигве Аньям-Осигве” сангийн төлөөлөгчид угтан авсан байна.
Тус сангийн удирдах зөвлөлийн гишүүн Чарльз Аньям-Осигве “Дээрхийн гэгээн өнөөдрөөс Баасан гараг хүртэл энд байна. Пүрэв гарагт Аньям-Осигвегийн нэрэмжит лекцийн арга хэмжээнд үндсэн илтгэл тавина. Энэ нь түүний айлчлалын үндсэн зорилго билээ” гэжээ. Тэрбээр цааш нь “Манай санд хийж буй энэ айлчлал бүхэлдээ хувийн шинжтэй. Гол зорилго нь шашны асуудлаар ярилцах юм” хэмээн тайлбарлав.
Хятадын эрх баригчид гадаадын төр, засгийн албан тушаалтнууд Далай ламтай уулзахад олонтоо эрс эсэргүүцэл илэрхийлдэг тул тус сан энэ айлчлал нь хувийн шинжтэй болохыг онцолж байгаа ажээ.
Нобелийн Энх тайвны шагналт Далай ламыг жил бүр зохион байгуулдаг лекцийн арга хэмжээнийхээ нэгэнд урьж, үг хэлүүлэх хүсэлтийг тус сан хэдэн жилийн өмнө тавьсан тухай Дээрхийн гэгээний Африк дахь төлөөлөгч Соном Данзан Франс Пресс агентлагт ярьжээ. Айлчлалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, Дээрхийн гэгээн Баасан гаргийн өглөө сэтгүүлчдэд, дараа нь шашны удирдагчдад хандан үг хэлээд буцах төлөвтэй байна.
“Осигве Аньям-Осигве” сангийн жил бүрийн лекцийн арга хэмжээнд өмнө нь Израилын ерөнхийлөгч Шимон Перес, АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Ал Гор, Германы Канцлер асан Хельмут Коль нар зочин илтгэгчээр оролцож байжээ.










