Хавай, Хонолулу. Дээрхийн гэгээн Далай лам Хавайн Оаху аралд морилон саатсан мөчөөс эхлэн өөрийн нэрийн хуудас болсон хөгжилтэй төрх, нигүүлсэнгүй сэтгэлээр угтан авч буй хүмүүсийг баясгав. Түүнд зориулсан албан ёсны угтан авах ёслол нь ердийн нэг ёсорхол биш, харин инээд хөөр, халуун дулаан уур амьсгалаар дүүрэн баяр болов. Хавайчуудын уламжлалт ёсоор Дээрхийн гэгээнд цэцгэн эрхи зүүж өгөхөд тэрээр өөрийн өвөрмөц хошигнолоороо олныг баясгаж, хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй машид дотноор ярилцаж байлаа. Тэрбээр “Амар амгалан гэдэг нь дан ганц зөвхөн дотоод сэтгэлийн асуудал бус, бие биедээ инээмсэглэл бэлэглэхээс эхэлдэг билээ” хэмээн айлдлаа.

Далай ламыг "eBay" цахим хуудсыг үндэслэгч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Пьер Омидьяр дагалдсан бөгөөд угтах ёслолд хамт оролцсон юм. Омидьярын сан энэхүү айлчлалыг санхүүжүүлж байгаа билээ.
Төвөдийн оюун санааны удирдагчийг танхимд анх орж ирэхэд хүмүүс бишрэн сүрдэж, нэгэн хором нам гүм болов. Камехамеха сургуулийн "Glee Club", "Hula" бүжгийн чуулгынхан Далай ламын анхаарлыг ихэд татжээ. Дээрхийн гэгээн сурагчид руу алхан очиж, гар барин мэндчилээд, найрал дууны клубийн гишүүн Жона Хооканогийн зүүсэн байсан цэцгэн эрхийг үнэрлэн мэдрэв. Хоокано үүнд ихэд гайхаж сандарчээ.
"Дээрхийн гэгээн миний цэцгэн эрхийг барин үнэрлэхэд би сандарсандаа ердөө “Плюмерия” гэж л хэлж чадсан. Плюмерия цэцэг байсан юм. Өөр юу хэлэхээ ч мэдээгүй" гэж хуучилжээ.
Далай лам ёслолын эхний хэсгийг түр завсарлуулж, цахирмаа, майле навчин эрхийг зүүлээ. Тэрээр цахирмаа цэцгэн эрхийг хүзүүндээ зүүх зуураа "Нэг!" хэмээн чангаар хэлж, танхимд цугларсан олныг нирхийтэл инээлгэж орхилоо.

Тэрбээр сурагчдыг ч мөн инээмсэглэхийг хүсэв. "Хүн болгон надад шүдээ гаргаж харуулахаар шийдсэн бололтой" гэж хэлэхэд танхим дахин инээдээр дүүрлээ. "Зарим шүд тийм ч сайн биш харагдаж байна шүү" гэхэд хүмүүс бүр ч чангаар нирхийтэл инээлдэв.
Далай лам хамгийн сүүлд Хавайд 2007 онд зочилж байжээ. Тэрбээр хэлэхдээ "Би Хавайд хэд хэдэн удаа ирж байсан ч танай ёс заншил надад машид дотно танил санагддаг" хэмээв. Далай лам хэдэн минут үг хэлснийхээ дараа найрал дууны клубийн сурагчидтай дурсгалын зураг татуулж, улмаар Камехамеха сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Корбетт Каламатай хавайчуудын уламжлалт "ха" буюу "амьсгал солилцох" ёслолыг үйлдлээ. “Бие биедээ амьсгалаа хуваалцаж, өөрийн орон зайдаа хэн нэгнийг нэвтрүүлнэ гэдэг бол машид гүн утгатай хэрэг юм” хэмээн Калама тайлбарлалаа. Үүний дараа Далай лам "ха" буюу амьсгал солилцох ёслолыг түргэхэн гүйцэтгээд, гарч одлоо.

Уг богинохон уулзалтын үеэр инээд баясал бэлэглэж байсан ч Далай лам Төвөдийн тусгаар тогтнол болоод БНХАУ-аас автономит эрх олж авах маргаантай асуудлын улмаас маргаан дагуулсан зүтгэлтэн хэвээр байгаа тул түүний айлчлалын аюулгүй байдлыг машид чанд сахиж байна. Хэвлэл мэдээллийнхэнд Баасан гаргийн угтан авах ёслолын байршлыг ч мэдээлэхгүй байхыг сануулжээ.
Далай лам Гонолулу хотод хоёр удаа олон нийтэд зориулсан айлдвар айлдахаар төлөвлөөд байгаа бөгөөд эхнийх нь Бямба гаргийн 13:30 цагт сурагчдад, Ням гаргийн 13:45 цагт нийт иргэдэд зориулах аж. Хоёр арга хэмжээг хоёуланг нь "Хавайн олон нийтийн сан" ивээн тэтгэж байгаа бөгөөд "Стэн Шерифф" төвд зохион байгуулах юм. Хавайн Их Сургуулиас энэ амралтын өдрүүдэд спортын болон бусад арга хэмжээнүүд давхцаж байгаа тул замын хөдөлгөөн болон авто зогсоолын ачаалал их байхыг урьдчилан анхааруулав.
Далай ламыг явсны дараа ч сурагчид бишрэн гайхширсан хэвээр байв. "Энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн богино хугацааны, хамгийн гайхалтай үйл явдал байлаа. Би одоо ч итгэж чадахгүй байна. Тэр миний цэцгэн эрхийг үнэрлэсэн шүү дээ" хэмээн нэгэн сурагч дуу алдаж байлаа.










