Зураг. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотноо Морокот хар салхины улмаас үүссэн их хэмжээний хөрсний нуралтад өртсөн хүмүүс, алтан амиа алдагсдын дурсгалд зориулсан ёслолын үеэр сүсэгтэн олон суухыг дохин хүсэж буй нь... Зургийг Чиан Ин Ин.
Тайвань, Гаошюн. 2009 оны 9 дүгээр сарын 1. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам өнгөрсөн сард Тайванийг дайрсан хар салхины улмаас алтан амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулан арлын өмнөд хэсэгт залбирал үйлдэх ёслол зохион байгуулжээ. Энэ нь түүний Тайваньд морилон ирснээс хойш олон нийтийн өмнө оролцсон анхны томоохон арга хэмжээ байв.
Дээрхийн гэгээн Далай лам энэхүү айлчлалаа улс төрийн бус зорилготой хэмээн тодорхойлсон ч үүнийг нь Хятад улс буруушаажээ. Бээжин, Тайбэй хотын харилцаа бусад талаар сайжирч байсан ч Хятад улс Тайваньд хийхээр төлөвлөсөн хэд хэдэн төлөөлөгчдийн айлчлалыг хойшлуулсан гэх мэдээлэл ирсэн байна. Хятад улс Дээрхийн гэгээн Далай ламыг Төвөдийн тусгаар тогтнолыг эрмэлздэг, салан тусгаарлагч хэмээн үздэг бөгөөд түүний гадаад улс орнуудад хийдэг албан ёсны айлчлалуудыг байнга шүүмжилдэг юм. Бээжин Тайванийг Төвөдийн нэгэн адил хятадын нутаг дэвсгэр гэж үздэг тул энэхүү айлчлал онцгой, эмзэг асуудал болоод байна.
Мягмар гарагт Дээрхийн гэгээн Далай ламыг харахаар Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн хотын спортын ордонд 20 мянга орчим хүн цугларчээ. Тус улсад ажиллаж буй BBC телевизийн сурвалжлагч Синди Сүйгийн мэдээлснээр, цугласан хүмүүсийн олонх нь Тайванийн өнцөг булан бүрээс ирсэн төвөд буддистууд байсан ч хар салхинд нэрвэгдсэн хүмүүс ч мөн оролцжээ.
Зураг. Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн гэгээн Далай лам болоод сүсэгтэн олон Тайванийн өмнөд хэсгийн Гаошюн мужид Морокот хар салхины улмаас алтан амиа алдсан хүмүүсийн төлөө залбирах ёслолд оролцож байна. Зургийг Чиан Ин Ин.
Өдгөө 74 насыг буй Далай лам Морокот хар салхины үеэр ойр дотнын хүмүүсээ алдсан иргэдийн уй гашууг хуваалцаж буйгаа илэрхийлжээ. Тус хар салхи 8 дугаар сарын 7-нд Тайванийг дайран өнгөрч, нийт 600 сураггүй болж, алтан амиа алджээ.
Оролцогчид Дээрхийн гэгээн Далай ламтай хамт залбирч, ном уншжээ. Тэрбээр нэгэн мөчид хошигнон, “Би төвөд хэлээр, та бүхэн мандарин хэлээр уншина. Энэ бүгд нийлээд эмх замбараагүй чимээ шиг л сонсогдох байх” хэмээжээ.
BBC телевизийн мэдээлснээр, Гаошюны спортын ордонд цугласан хүмүүсийн хэн нь ч улс төрийн талаар бодож байсангүй. Тэд ердөө л Дээрхийн гэгээн Далай ламын хүргэхийг хүссэн сургаал захиасыг сонсохоор чин сэтгэлээсээ догдлон хүлээж байлаа. Гэсэн ч уг айлчлал Бээжин, Тайбэй хотын харилцаанд тодорхой хэмжээний зөрчил үүсгэж байгаа нь эргэлзээгүй. Хятадын Тайванийн асуудал эрхэлсэн газраас гаргасан мэдэгдэлд Дээрхийн гэгээн Далай ламын айлчлал “Эх газрын Хятад, Тайванийн харилцаанд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй” гэжээ. Тайванийн эрх баригч Гоминьдан намын (KMT) хэвлэлийн төлөөлөгч Чэнь Шү Жун сэтгүүлчдэд хэлэхдээ, “Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан Тайбэйд хийх айлчлалаа аль хэдийн цуцалсан бөгөөд Хятадын төлөөлөгчид Бямба гарагт болох Сонсголын бэрхшээлтэй иргэдийн олимпын наадмын нээлтэд оролцохгүй” хэмээн мэдэгдсэн байна. Хатагтай Чэнь “Associated Press” агентлагт өгсөн ярилцлагадаа эдгээр арга хэмжээг Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалтай шууд холбоотойгоор авсан гэдгийг баталж чадахгүй ч “Ийм боломжийг үгүйсгэхгүй” гэжээ.
Дээрхийн гэгээн Далай ламын айлчлалыг эс тооцвол Тайванийн Гоминьдан нам сүүлийн хэдэн сар Хятадтай харилцаагаа бэхжүүлж иржээ. Хятадын Засгийн газар ерөнхийлөгч Ма Инжөүгийн захиргаатай харилцах нь арлын өмнөх, тусгаар тогтнолыг дэмжигч удирдлагатай харилцахаас хавьгүй хялбар гэж үздэг байна. Гэвч BBC-ийн сурвалжлагчийн мэдээлснээр, сөрөг хүчний нам хар салхинд нэрвэгдсэн хүмүүсийн төлөө залбирал үйлдэхийг хүсэж, Дээрхийн гэгээн Далай ламыг урьсан тул ерөнхийлөгч Ма Инжөүд сонголт бага байсан гэжээ .Түүний Засгийн газрыг хар салхины гамшигт удаан, үр ашиггүй хариу арга хэмжээ авсан хэмээн буруутгаж байсан бөгөөд сурвалжлагчийн үзэж буйгаар, ерөнхийлөгч Ма өөрийн болон намынхаа нэр хүндийг цаашид улам унагах эрсдэл гаргах боломжгүй байв.










