Зураг. Дээрхийн гэгээн Далай лам тусгай арга хэмжээний үеэр байгаль орчны асуудлаар олон нийтэд хандан үг хэлж буй нь... Зургийг Жоржина Крэнстон (Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар).
Их Британи улс, Ноттингем хот. 2008 оны 5 дугаар сарын 25. Их Британи улсын телевизийн хөтлөгч Жонатан Димблби Төвөдийн байгаль орчны талаар асуухад Дээрхийн гэгээн XIV Далай лам Төвөдийн байгаль орчинд нүүрлээд буй ноцтой аюулыг хойш тавьж болохгүй бөгөөд нэн даруй анхаарах шаардлагатайг онцлов.
“Төвөдөд нэн даруй анхаарах шаардлагатай асуудлын нэг нь экологийн нөхцөл байдал юм. Энэтхэг, Хятад болон Азийн бусад нутаг руу урсдаг олон томоохон гол Төвөдөөс эх авдаг. Тиймээс төвөдийн байгаль орчны бодит нөхцөл байдлыг газар дээр нь судлахаар тэнд очихыг барууны төдийгүй хятадын байгаль орчны мэргэжилтнүүдэд уриалж байна” хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
Төвөдийн шашин, төрийн тэргүүн Дээрхийн гэгээн тэр өдрийн үдээс хойш залуучуудад байгаль орчны асуудлын талаар мэдлэг, ойлголт өгөх зорилготой “Эх дэлхийдээ санаа тавих нь” тусгай арга хэмжээний хүрээнд олон нийтэд хандан үг хэлэв. Уулзалтыг Жонатан Димблби хөтлөв. Тэрээр нээлтийн үгэндээ сэтгүүлчээр ажилласан сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн олон удирдагчтай уулзсан ч Дээрхийн гэгээн шиг мэргэн ухаантай атлаа даруу хүнтэй учирч байгаагүйгээ өгүүлэв.
Дээрхийн гэгээн товч үгэндээ өнөөгийн хүүхдүүд бол дэлхийн ирээдүй хэмээн онцлоод, эх дэлхийнхээ байгаль орчинд анхаарал тавих, энх тайван, энэрэнгүй сэтгэлд суурилсан дэлхий ертөнцийг цогцлоохын ач холбогдлыг боловсролоор дамжуулан хүүхэд, залууст ойлгуулах хэрэгтэйг тэмдэглэв.
Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор Ноттингем Арена танхимыг дүүргэсэн сүсэгтэн олон. Зургийг Жоржина Крэнстон (Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар).
Арга хэмжээнд оролцсон 4 сургуулиас сонгогдсон 3 хүүхэд Дээрхийн гэгээн, Димблбийн хамт тайзан дээр гарч, асуулт асуух боломж олджээ. Нэг хүүхдийн асуултад хариулахдаа Дээрхийн гэгээн байгаль орчны талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг юуны өмнө боловсролоор дамжуулан дээшлүүлэх боломжтойг онцлоод, “Мэдлэг, ойлголт дутмаг, алсын хараагүй хандах нь ямар ч тусгүй” хэмээн айлдав.
Тэр өдрийн өглөө болон өмнөх өдөр Дээрхийн гэгээн “сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн зохицуулах вэ? Хэрхэн ёс зүйтэй амьдрах вэ?” хүртэлх олон сэдвээр өглөө, үдээс хойш олон нийтэд цуврал яриа хийжээ. Мөнгө, материаллаг хөгжил дангаараа аз жаргалтай амьдралыг баталгаажуулж чадахгүйг Дээрхийн гэгээн тэмдэглээд, бүх нийтлэг үүрэг хариуцлагаа ухамсарлан, илүү энэрэнгүй сэтгэлээр амьдрахын чухлыг онцлов.
Дээрхийн гэгээн тэр өдөр мөн Ноттингемшир мужид үйл ажиллагаа явуулдаг шашин, шүтлэгийн олон урсгалыг төлөөлсөн 40 удирдагч, төлөөлөгчтэй уулзав. Ноттингемийн Шашин хоорондын зөвлөлийн хүсэлтийн дагуу Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газраар уламжлан зохион байгуулсан уг уулзалтын төгсгөлд шашны удирдагчид Дээрхийн гэгээний шашин хоорондын эв найрамдлыг бэхжүүлэхийн төлөөх үйл хэрэг өөрсдөд нь гүнээ урам зориг өгдгийг илэрхийлэв. Уулзалтад оролцсон шашны удирдагчдын нэг нь Төвөд болоод төвөдийн ард түмэнд тулгарч буй хүнд бэрх нөхцөл байдлын талаар асуув.
Зруаг. Дээрхийн гэгээнийг хошигнон ярихад төвөд лам нар инээлдэж буй нь... Зургийг Жоржина Крэнстон (Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар).
Өмнөх өдөр Их Британийн их сургуулиудад Төвөд, Хятадтай холбоотой чиглэлээр хичээл заадаг, судалгаа хийдэг хятад оюутнууд, эрдэмтэн судлаачид болон бусад хүмүүс Дээрхийн гэгээнд бараалхав. Тэд Дээрхийн гэгээнд сонирхсон асуултаа чөлөөтэй тавих боломжтой байлаа. Хятадын зарим албан тушаалтан өөрийг нь элдвээр нэрлэдэг нь огтхон ч зовоодоггүй хэмээн Дээрхийн гэгээн айлдав.
Харин ямар ч буруугүй хятад хүмүүс, тэдний дунд буддын шашинтай олон хүн Хятадын албан ёсны суртал ухуулгын нөлөөнд автаж, өөрийг нь Хятадын эсрэг үзэлтэй хэмээн ташаа ойлгож буй нь сэтгэл өвтгөж, харамсал төрүүлдэг хэмээн Дээрхийн гэгээн айлдав. Үнэн хэрэгтээ өөрийг нь Хятадын эсрэг үзэлтэй гэх нь огт үндэслэлгүй болохыг мөн онцлов.
Ийм үндэслэлгүй гүтгэлгийн улмаас Дээрхийн гэгээн олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн хэвлэл мэдээллийнхнийг Төвөдөд очиж, тэндхийн бодит нөхцөл байдлыг нягтлан шалгахыг уриалсаар иржээ. Түүнчлэн Дарамсалад очиж, “манай хавтаст хэрэг, баримт бичгийг нээн үзэж, миний хэлсэн үгсийг хүртэл судлаад” эдгээр гүтгэлгийг нотлох ямар нэгэн баримт, ул мөр байгаа эсэхийг чөлөөтэй шалгаж болохыг онцолсон байна.
Дээрхийн гэгээний халуун дулаан, элгэмсэг харилцааны ачаар уулзалт найрсаг уур амьсгалд өрнөж, хятад оюутан, судлаачид Төвөдийн Нобелийн энх тайвны шагналтантай уулзах боломж олдсонд талархаж буйгаа илэрхийлэв.
Оксфордыг зорихынхоо өмнө Дээрхийн гэгээн маргаашаас буюу 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн “Шүтэн барилдлагын магтаал” номоор гурван өдрийн айлдвар айлдана. Мөн тус өдөр Ноттингемшир мужийн зөвлөлөөс Дээрхийн гэгээний айлчлалыг хүндэтгэн Каунти Холлд зохион байгуулах хүндэтгэлийн хүлээн авалтад оролцоно.
Мэдээг Лондон дахь Төвөдийн төлөөлөгчийн газар бэлтгэв.










