Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала. 2010 оны 2 дугаар сарын 14 (tibet.net) - Дээрхийн гэгээн Далай лам өнөө өглөө Дарамсала дахь Буддын шашны гол хийдэд Лосар буюу төвөд тооллын “2137 оны төмөр бар жил” эхэлж буйг тэмдэглэх шашны ёслолыг удирдан явууллаа.
Дараа нь Дээрхийн гэгээн Далай лам ёслолд оролцохоор цугласан олон мянган төвөдүүдэд зориулан товч айлдвар айлдав.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам өглөө эртийн залбиралыг удирдаж байна. Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала. 2010 оны 2 сарын 14. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО.
Дээрхийн гэгээн Төвөдийн дотоодод болон гадна амьдарч буй төвөдүүд болон төвөдүүдтэй ижил шашин, соёл бүхий Хималайн бүс нутгийн хүмүүст мэндчилгээ дэвшүүлээд, төвөдүүдийн шударга ёсны үйл хэргийг сонирхож, дэмжиж байгаа олон улсын хамтын нийгэмлэгт сайн сайхныг хүсэн ерөөж, талархал илэрхийлэв.
"Олон жилийн турш асар их бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч Төвөдийн дотоодод амьдарч байгаа төвөд хүмүүс шантаршгүй зориг, чин сэтгэлээр нөхцөл байдлыг сөрөн тэмцэж байна" хэмээн Дээрхийн гэгээн Далай лам айлдлаа.
Дээрхийн гэгээн "Төвөдийн олон хэсгээр нутаглаж буй хүмүүс энэ жилийг төвөдийн ард түмний зовлон зүдгүүрийг дурсан санах жил болгон тэмдэглэж байна" хэмээгээд, "тэд Лосарын үеэр найр наадам хийхээс татгалзаж байгаа" гэж нэмж хэлэв. Төвөд дэх ахан дүүсийнхээ сэтгэл санааны байдал ийм байгааг харгалзан үзэж, шашны зан үйлд оролцон залбирал, мөргөл үйлдэж, баяр наадмын үйл ажиллагаанаас татгалзахыг Дээрхийн гэгээн төвөдүүдэд зөвлөлөө.
Зураг. Дээрхийн гэгээн Далай лам ёслолд оролцсоныхоо дараа мянга мянган төвөд иргэдэд хандан айлдвар айлдаж байна. Энэтхэг, Дарамсала. 2010 оны 2 сарын 14. Зургийг Тэнзин Чойжор/ДЛО.
Дээрхийн гэгээн эрх чөлөөт ертөнцөд амьдарч буй төвөдүүдэд Төвөдийн эгзэгтэй нөхцөл байдлыг мартахгүй байхыг сануулаад, "Хилийн чанадад буй төвөд хүмүүс Төвөдөд буй ах дүүсийнхээ адил чин сэтгэл, зориг хатуужлаа хадгалах хэрэгтэй" хэмээн нэмж хэлэв.
Боловсролын талаар ярихдаа Дээрхийн гэгээн Төвөд, Монгол болон Хималайн бүс нутгийн ард иргэдийг сурч боловсроход илүү их хүчин чармайлт гаргаж, төвөдийн буддын шашныг төгс сайн судлахыг уриалаад, төвөдийн шашны бус боловсролын өвөрмөц уламжлал, ялангуяа шашны гүн ухааны судалгааг онцоллоо.
Ёслол өглөөний 7:00 цагт шашныг хамгаалагч сахиуснуудын дээд Балдан Лхам бурханд залбирч, шинийн балин буюу цэдор өргөснөөр эхлэв. Намжил дацангийн хамба Дээрхийн гэгээн Далай ламд өлзийт тахил даншүг мандал өргөлөө. Төвөдийн Төв Захиргааны албан тушаалтнууд, тэр дундаа хууль зүйн ерөнхий комиссар, шүүхийн комиссарууд, Төвөдийн парламентын дарга, гишүүд, Калон Трипа профессор Самдон ринбүүчи болон Кашагийн гишүүд ёслолд оролцжээ.
Үүний дараа гол шүтээний танхимд хурсан хурлын үеэр Намжил дацангийн хамба, хууль зүйн ерөнхий комиссар, Төвөдийн парламентын дарга, Калон Трипа нар Дээрхийн гэгээн Далай ламд өлзийт тахил өргөв. Хэсэг лам нарын дунд номын мэтгэлцээн явагдлаа.