Амаравати, (www.tibet.net) - 1 дүгээр сарын 15-ны өдөр Дүйнхорын айлдварын сүүлийн өдөр байв. Айлдварын дараа Дээрхийн гэгээн саяхан ирсэн төвөдүүдэд хандан үг хэлжээ. Тэрбээр “Энэ хүртэл аялан ирэхэд саад бэрхшээлтэй байсан ч Төвөдөөс Амараватид айлдвар сонсохоор ирсэн та бүхэнд талархъя” хэмээв.
Мөн тэрбээр “Дэлхий даяар суурьшин буй төвөд дүрвэгсэд эх нутагтаа эгэн ирж, ахан дүүстэйгээ нэгдэнэ гэдэгт найдаж байна. Бид Хятадын хамт нэгдэхэд эсэргүүцэх зүйлгүй” хэмээн айлдав. “Дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгаа ийм үед Төвөд, Хятад хоёр нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах өдөр ирэх болно хэмээн залбиръя” хэмээлээ. Ийнхүү Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн олноос төвөдүүдэд хандан хэлсэн яриа нь дуусгавар болоход мянган төвөд нулимс дусгажээ.
Дээрхийн гэгээн буддизмыг гүн гүнзгий ойлгож сурах нь нэн чухал бөгөөд орчин үеийн боловсролыг мөн адил чухалчилдаг байна. Дээрхийн гэгээн, “Бид энхийн замаар тэмцэх тул буу, хутга үл хэрэглэнэ. Харин Хятад улсын үндсэн хуульд чухалдаг орчин үеийн боловсрол л төвөдүүдэд өөрсдийн эрхийн төлөө тэмцэх боломж олгох болно” хэмээн айлджээ.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй бөгөөд Төвөдийн асуудлыг “Төв үзлийн хандлага”-ын дагуу болоод БНХАУ-ын Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Дээрхийн гэгээн Төвөдөөс ирсэн 9000 орчим төвөд хүнд аюулгүй буцахыг ерөөгөөд, цаашид илүү сайхан нөхцөлд, тэр тусмаа Төвөдөд дахин уулзахыг хүсэж буйгаа илэрхийлэв.
Өчигдөр өглөө Дээрхийн гэгээн Далай лам сүсэгтэн олон хийгээд Төвөдийн Төв Захиргааны хуучин сайд нар, Сэра хийдийн хуучин хамба нарын хамтарсан Бат оршлыг хүлээн авлаа. Дээрхийн Гэгээн аль болох удаан наслахыг хүсэж буйгаа хэлж, үүний төлөө хүн бүр залбирч байх хэрэгтэйг дурджээ. Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Андра Прадеш мужийн засгийн газар арга хэмжээ зохион байгуулж, Дээрхийн гэгээн Далай ламыг хүндэт зочны хувиар урьжээ.
Тус арга хэмжээнд санхүү, аялал жуулчлал, хөгжлийн сайд нар, парламентын гишүүд, мужийн хууль тогтоогчид болон бусад нөлөө бүхий эрхмүүд оролцсон. Аялал жуулчлалын сайд Дээрхийн гэгээнд Амараватид Дүйнхорын ван айлдсанд талархал илэрхийлжээ. Үүний хариуд нь Дээрхийн гэгээн Дүйнхорын ван айлдах үйл ажиллагааг саадгүй явуулахад шаардлагатай бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн мужийн засгийн газарт баярлан талархав.
Үүний дараа өөр нэгэн арга хэмжээний үеэр Дээрхийн эгээн Далай лам Бурхан багшийн хөшөө босгоход зориулж 30 лак рупи хандивлажээ. Өмнө нь сэтгүүлчидтэй уулзах үеэр Дээрхийн гэгээн Далай лам энэ удаагийн Дүйнхорын ван хамгийн сайн зохион байгуулалттай байв хэмээн тун баяртай хэлж, үүнийг боломжтой болгоход хувь нэмрээ оруулсан мужийн засгийн газар, Норбуллинка хүрээлэн, Японы ивээн тэтгэгчдэд талархлаа илэрхийлсэн юм.
Дээрхийн гэгээн Далай лам өнөөдөр Амараватигаас Шинэ Дели рүү мордож, 2006 оны 1 дүгээр сарын 18-нд Дарамсалад хүрэлцэн очно. Энэхүү Дүйнхорын ван тус мужид 30 дахь удаагаа, харин Энэтхэгт 18 дахь удаагаа болсон билээ. Дээрхийн гэгээн Далай лам анхны Дүйнхорын ванг 1954 онд Төвөдийн нийслэл Лхас хотын Норбуллинкад айлдсан юм. Энэ удаагийн Дүйнхорын ванг англи, хятад, япон, телугу хэлээр орчуулсан бөгөөд зохион байгуулагчдын мэдээлснээр ойролцоогоор 90,000 хүн энэхүү ванд суужээ.