Амаравати, 2006 он 1-р сарын 17, (www.tibet.net) - 1-р сарын 15ны өдөр Дүйнхорын айлдварын сүүлийн өдөр байв. Айлдварын дараа Дээрхийн гэгээн саяхан ирсэн төвөдүүдэд хандан үг хэлжээ. Дээрхийн гэгээн Далай лам төвөдүүдэд аялан ирэхэд саад бэрхшээлтэй байсан ч гэлээ Төвөдөөс Амараватид айлдвар сонсохоор ирсэнд нь талархаж байгаагаа илэрхийлэв.
Мөн тэрээр дэлхий даяар сууршиж буй төвөд дүрвэгсэд нар эх нутагтаа ирж ахан дүүстэйгээ нэгдэнэ гэдэгт найдаж байна хэмээжээ. Дээрхийн гэгээн хэлэхдээ, ‘Бид Хятадын хамт нэгдэхэд эсэргүүцэхгүй’ гэв. Тэрээр дэлхий маш хурдацтай өөрчлөгдөж байгаа ийм үед Төвөд болон Хятад хоёр нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах өдөр ирэх болно хэмээн залбирч байна гэлээ. Ийнхүү Дээрхийн гэгээн Далай лам цугласан олноос Төвөдүүдэд хандан хэлсэн яриа нь дуусгавар болох явцад мянган төвөд нулимс дусгажээ.
Дээрхийн гэгээн Буддизмыг гүн гүнзгий ойлгож сурах нь нэн чухал бөгөөд орчин үеийн боловсролыг мөн адил чухалчилсан байна. Дээрхийн гэгээн, “Бид нарын тэмцэл энхийн замаар явагдаж байгаа тул буу, хутга хэрэглэх шаардлага байхгүй. Харин Хятад улсын үндсэн хуульд чухалдаг орчин үеийн боловсрол л төвөдүүдэд өөрсдийн эрхийн төлөө тэмцэх боломж олгох болно” гэжээ.
Дээрхийн Гэгээн Далай лам Төвөдийн тусгаар тогтнолыг эрэлхийлээгүй бөгөөд Төвөдийн асуудлыг “Төв үзлийн хандлага”-ын дагуу мөн БНХАУ-ын Үндсэн хуулийн хүрээнд шийдвэрлэхийн төлөө ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Дээрхийн Гэгээн Төвөдөөс ирсэн ойролцоогоор 9,000 орчим төвөд хүмүүст аюулгүй буцахыг ерөөж, цаашид илүү сайхан нөхцөлд Төвөдөд дахин уулзахыг хүсэж буйгаа илэрхийлэв.
Өчигдөр өглөө Дээрхийн Гэгээн Далай лам олон нийт, Төвөдийн Төв Захиргааны хуучин сайд нар, Сэра хийдийн хуучин хамба нарын хамтарсан Бат оршил өргөлийг хүлээн авлаа. Дээрхийн Гэгээн аль болох удаан наслахыг хүсэж буйгаа хэлж, үүний төлөө хүн бүр залбирч байх хэрэгтэйг хэлжээ. Бат оршил өргөх ёслолын төгсгөлд Андра Прадеш мужийн засгийн газар Дээрхийн Гэгээн Далай ламыг хүндэт зочны хувиар урьсан арга хэмжээ зохион байгуулжээ.
Арга хэмжээнд санхүү, аялал жуулчлал, хөгжлийн сайд нар, парламентын гишүүд, мужийн хууль тогтоогчид болон бусад нөлөө бүхий хүмүүс оролцов. Аялал жуулчлалын сайд Дээрхийн Гэгээнд Амараватид Дүйнхорын ван айлдсанд талархал илэрхийлжээ. Үүний хариуд нь Дээрхийн Гэгээн Дүйнхорын ван айлдах үйл ажиллагааг саадгүй явуулахад шаардлагатай бүх нөхцөлийг бүрдүүлж өгсөн мужийн засгийн газарт баярлан талархав.
Дараа нь өөр нэгэн арга хэмжээнд Дээрхийн Гэгээн Далай лам Бурхан багшийн хөшөө босгоход зориулж 30 лак рупи хандивлажээ. Өмнө нь сэтгүүлчидтэй уулзах үеэр Дээрхийн Гэгээн Далай лам энэ удаагийн Дүйнхорын ван хамгийн сайн зохион байгуулалттай нь байсан гэж баяртайгаар хэлж, үүнийг боломжтой болгоход хувь нэмэрээ оруулсан мужийн засгийн газар, Норбуллинка хүрээлэн, Японы ивээн тэтгэгчдэд талархалаа илэрхийлсэн юм.
Дээрхийн Гэгээн Далай лам өнөөдөр Амараватигаас Шинэ Дели рүү мордож, 2006 оны 1 дүгээр сарын 18-нд Дарамсалад хүрэлцэн очно. Энэхүү Дүйнхорын ван 30 дахь удаагийнх, харин Энэтхэгт 18 дахь удаагийн айлдвар боллоо. Дээрхийн Гэгээн Далай лам анхны Дүйнхорын ванг 1954 онд Төвөдийн нийслэл Лхас дахь Норбуллинкад айлдсан юм. Энэ удаагийн Дүйнхорын ван англи, хятад, япон, телугу хэл рүү орчуулагдсан бөгөөд зохион байгуулагчдын мэдээлснээр ойролцоогоор 90,000 хүн энэхүү ванд суужээ.
Англи хэлнээс орчуулсан Н.Долгар