АНУ, Виржиниа муж, Уильямсбург хот. Сиракузаас богино хугацааны нислэг үйлдсэний дараа Дээрхийн гэгээнийг Уильямсбург хотод хүрэлцэн ирэхэд Шашин судлалын профессор Кевин Воуз, Ерөнхийлөгчийн ажлын албаны Жереми Мартин нар нисэх онгоцны буудалд угтан авав. Үүний дараа нь Уильямсбург хотын захирагч Клайд Холман түүнийг зочид буудалд нь бараалхан мэндчилэв. Тэрбээр амарч, өдрийн зоог барьсны дараа Мускарелле музейд морилсон бөгөөд тэнд тус коллежийн ректор Жефф Траммелл түүнийг их сургуулийн зочдын төлөөлөлд танилцуулав. Дээрхийн гэгээн хариуд нь,

“Миний бие, АНУ-ын хоёр дахь ууган коллежид богино хугацаагаар ч атугай зочлон ирсэндээ маш их баяртай байна. Өнгөрсөн он жилүүдэд олон хүн эндхийн хамт олон, нийгмийн төлөө хувь нэмрээ оруулахаар хичээн зүтгэжээ.” хэмээв.
Тэрбээр хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочдод хандан хаана ч очсон өөрийн үндсэн гурван үүрэг амлалтаа биелүүлэхийг эрмэлздэг тухайгаа өгүүлэв.
Хүний суурь үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал буюу бид бүгд хүн төрөлхтний нэгээхэн хэсэг, нэгэн адил аз жаргалыг хүсэмжилдэг тул бусдыг асарч халамжлах сэтгэлтэй байх ёстой гэх санаа юм.
Шашин хоорондын эв нэгдэл, зохицлыг дэмжих явдал бөгөөд бүх шашны уламжлалууд хайр, энэрэл нигүүлсэл, хүлээцтэй байдлын нэгэн адил мэдээллийг түгээхийг эрмэлздэг хэмээв. Шашны уламжлалууд өөрсдөө зөрчил мөргөлдөөний шалтгаан болбол төвөд ардын зүйр үгэнд эм нь хор болж хувирсантай адил хэмээн хэлдэг. Иймэрхүү зөрчил нь мунхгийн үр дагавар бөгөөд харин эв эе нь харилцан хүндэтгэл дээр суурилах учиртай.
Төвөдтэй холбоотой боловч өнгөрсөн оноос эхлэн улс төрийн бүх хариуцлагаа сонгогдсон удирдлагад бүрэн шилжүүлсэн тухайгаа Дээрхийн гэгээн тайлбарлав.
“Уильям ба Мэри”-ийн коллежийн 8000 гаруй оюутны өмнө хүн төрөлхтний энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаарх яриагаа Дээрхийн гэгээн ийн эхлүүлэв.
“Эрхэм ахан дүүс ээ, би үгээ дандаа ингэж эхэлдэг. Учир нь бид хэргэм цол, зэрэг дэвд хэт их ач холбогдол өгөх хандлагатай байдаг ч угтаа бид бүгд үндсэндээ ижил билээ. Эдүгээ бид бүгдэд нөлөөлж буй асуудлууд ч бас бий. Хүрээлэн буй орчны цаг уурын өөрчлөлтийн аюул болон хүн бүрд тулгарч буй эдийн засгийн бэрхшээлүүдийг хараарай”.
Зарим хүмүүс түүх давтагддаг гэдэг ч Дээрхийн гэгээн үүнтэй санал нийлдэггүй аж. Түүний үзэж буйгаар бидний гаргадаг нэг алдаа бол шинэ асуудлыг хуучин арга барилаар шийдвэрлэх гэж оролдох явдал юм. Тухайлбал, Иракт дарангуйлагчийг зайлуулж, ардчиллыг тогтоох эрмэлзэл нь зөв сэдэл байсан хэдий ч хүч хэрэглэсэн явдал нь хоцрогдсон шийдэл болж, араасаа улам олон асуудлыг дагуулсан билээ. Дээрхийн гэгээн нөхцөл байдлыг зөв үнэлж, бодит хандлага баримтлах нь чухал болохыг онцлон сануулав.

Хүн гэдэг талаасаа бид бүгд адил тэгш болох бодит үнэний тухайд тэрээр эмч нарын жишээг татав. Эмч нар өвчтөнүүдээс шашин шүтлэг, арьс өнгөний угсаа гарал, боловсролын түвшнийг нь асуудаггүй, харин тэднийг ердөө л эмчилгээ шаардлагатай хүмүүс гэж үздэг билээ. Тэрээр бид ийм хандлагыг өөр олон нөхцөл байдалд ч мөн дэлгэрүүлэх хэрэгтэй гэдгийг зөвлөв.
Дээрхийн гэгээн хүн төрөлхтний энэрэнгүй сэтгэлийн тухай айлдахдаа зөвхөн хүмүүс төдийгүй бусад хөхтөн амьтад ч мөн үр төлөө асарч халамжлах сэтгэл гаргадаг талаар онцгойлон өгүүлэв. Энэ бол эгэл жирийн, биологийн шинжтэй бөгөөд тодорхой хэмжээнд явцуу энэрэн нигүүлсэхүй юм. Нөгөө талаар, бид хүмүүн биед заяасан оюун ухаанаа ашигласнаар хайр болон энэрэнгүй сэтгэлийг хязгааргүй дэлгэрүүлж, бүр дайсандаа ч нигүүлсэнгүй хандах сэтгэлийг үүсгэж чадна. Алсын хараатайгаар нөхцөл байдалд дүгнэлт хийж, урт хугацааны сайн сайхнаа хангах энэхүү чадвар нь зөвхөн хүнд л байдаг ховор чанар билээ. Гэвч хэрэв бид уур хилэндээ автах аваас оюун ухаанаа зөв зохистой ашиглаж чадахгүй. Иймээс бид сэтгэлээ сургах учиртай.
“Зарим хүмүүс энэрэн нигүүлсэх сэтгэлийг шашинтай холбож үздэгээсээ болоод үл ойшоон хайхрахгүй өнгөрөөдөг шиг надад санагддаг. Мэдээж хэрэг, шашныг дагах эсэх нь хүн бүрийн сонголтын эрх чөлөө боловч энэрэн нигүүлсэх сэтгэлийг орхигдуулах нь алдаа юм, учир нь энэ бол бидний өөрсдийн сайн сайхны эх булаг билээ.

Асрал энэрлийг зөвхөн шашны зан үйл, сүсэг бишрэл гэж бүү бодоорой. Энэ бол бидний өөрсдийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх бодит арга зам юм” хэмээн айлдав.
Түүнд хандан тавьсан асуултуудын дунд Бурхан багшийн намтар түүх XXI зуунд хэр хамааралтай болох тухай нэгэн асуулт байв. Тэрээр Бурхан багш шавь нартаа хандан өөрийнх нь хэлсэн үгийг ердөө сохор сүжиг бишрэлээр хүлээн авахгүй, харин шинжлэн судлах, магадлах, нягталж шинжлэхийг сургаж байсан сургаалыг эш татлаа. Ийм төрлийн эрүүл эргэлзээ, нягтлах ханллага нь өнөөгийн цаг үед ч асар их тустай болохыг тэрээр өгүүллээ.
Олон нийтэд зориулсан айлдварынхаа дараа Дээрхийн гэгээн тус их сургуулийн оюутнууд, түүний дотор Хятадаас ирсэн оюутнуудтай уулзлаа. Тэрээр цуст мөргөлдөөний үе хэмээн тодорхойлдог XX зуун нэгэнт өнгөрсөн ч XXI зууныг асуудал бэрхшээлгүй өнгөрнө гэж бодож болохгүй хэмээн тэдэнд хэлэв. Харин гол зангилаа нь тэдгээр асуудалд өөрөөр хандах явдал юм. Бусадтай үүссэн асуудлыг шийдвэрлэх цорын ганц бодит арга зам бол яриа хэлэлцээ билээ.
Нэгэн хятад оюутан 2008 онд Төвөд даяар өрнөсөн эсэргүүцлийн жагсаал нь төвөдүүд Хань үндэстэн рүү довтлох нэгэн шалтаг төдий байсан бус уу хэмээн асуухад Дээрхийн гэгээн өнгөрсөн 60 жилийн түүхээс тоймлон хуваалцав. Тэрээр 1959 оны бослогоос өмнө ч олон төвөдүүд дур зоргоороо авирласан хятадын албан тушаалтнуудын бодлогод гомдоллож байсныг эргэн дурслаа. Харилцан итгэлцэл хэрхэн алдагдсан, улмаар 1955, 1956 онд бослого хөдөлгөөн эхлэхэд түүнийг улаан цайм хүчээр дарж хариу барьсан тухай тэрээр өгүүлэв. Ард олны бухимдлыг огтхон ч сонсоогүй. Бэрхшээл тулгарвал шууд өөртэй нь холбогдож байхыг Мао Зэдун зөвлөж байсан тул Дээрхийн Гэгээнтэн түүнд гурав, дөрвөн удаа захидал бичсэн боловч ямар ч хариу аваагүй билээ.
“Хоёр жилийн өмнө нэгэн хятад найз минь надтай уулзахаар ирсэн бөгөөд ирэхээсээ өмнө тэнд юу болж байгааг надад мэдээлэх зорилгоор Төвөд рүү тусгайлан очсон юм. Тэрээр Лхас хотын Жохан сүмийн өмнө төвөдүүд мөргөл үйлдэж байхад яг хажууд нь цэргүүд өчүүхэн ч хүндэтгэлгүй, дуу чимээ ихтэй бэлтгэл сургуулилалт хийж байсныг анзаарчээ. Найз маань “Төвөдөд салан тусгаарлагчид гэж байдаг бол тэр нь энэ мэт авирлаж буй хятадууд өөрсдөө юм байна” гэж хэлсэн билээ”.
Уулзалт өндөрлөх үед Дээрхийн гэгээн оюутнуудад хандан ийнхүү зөвлөв.
“Хань үндэстэн ахан дүүс минь ээ, Хятадын Засгийн газраас олон ташаа ойлголтыг тараасан тул тэдэнд бүү итгээрэй. Бид хань үндэстнийг хүндэтгэдэг. Та бүхний арвин баялаг, эртний соёлыг бид хүндэтгэдэг. Гэвч бид зэрлэг бүдүүлэг хүмүүс биш. Бидэнд ч бас соёл, түүх бий. Бидэнд өөрсдийн бичиг болон ярианы хэл бий. Бид харилцан хүлээн зөвшөөрөгдөхүйц шийдлийг эрэлхийлж байна. Бид Хятадын Үндсэн хуулиар баталгаажсан өөртөө засах эрхийг л эрэлхийлж буй юм. Нөхцөл байдлыг илүү цогц байдлаар судалж, илүү өргөн цар хүрээтэйгээр хараарай. Та бүхэн энэхүү чөлөөт оронд байгаа завшаанаа ашиглан хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонсож, бидний амьдран буй дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэж аваарай. Баярлалаа” хэмээн айлдсан юм.










