Франц улс, Лераб Лин сүм. 2008 оны 8 дугаар сарын 22. Дээрхийн гэгээн Далай лам Францын Лераб Лин буддын шашны сүмийг албан ёсоор нээлээ. Нээлтийн ёслолд Франц улсын тэргүүн хатагтай Карла Бруни Саркози зочноор оролцов.
Зураг. Төвөдийн шашны тэргүүн Далай лам, Франц улсын тэргүүн хатагтай Карла Бруни Саркози Францын Рокередонд хотын Лераб Лин буддын шашны сүмийн нээлтийн ёслолд оролцож буй нь... 2008 оны 8 дугаар сарын 22. Зургийг Филипп Лаурэнсон.
Эро нутгийн алслагдсан толгод дунд төвөдийн уламжлалт хэв загвараар баригдсан Лераб Лин сүмийн нээлтийн ёслол Дээрхийн гэгээний Франц дахь айлчлал өндөрлөх үеэр болов. Айлчлалынхаа үеэр Дээрхийн гэгээн олимпын наадмыг зохион байгуулж буй Хятадын талаар удаа дараа шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн юм.
Олимпын наадмын үеэр Дээрхийн гэгээн Францад айлчилсан нь ерөнхийлөгч Николя Саркозид улс төрийн хувьд амаргүй нөхцөл үүсгэжээ. Дээрхийн гэгээнтэй уулзахаас татгалзсаныхаа төлөө Саркози ихээхэн шүүмжлэлд өртөөд байв. “Reuters” агентлагийн тайлбарласнаар, түүний гэргий Карла Бруни Саркози ёслолд оролцсон нь энэ маргааныг намжаах далд зорилготой байжээ.
Улаан, алтан шар өнгө хосолсон Лераб Лин өрнөдийн орнууд дахь төвөдийн буддын шашны хамгийн том сүмүүдийн нэг юм. Тус сүмд 7м буюу 23 фут өндөр алтан Бурхан багшийн сэрэг дүрээс гадна олон нандин шүтээн, судар ном залаастай буй. Сүмийн гаднах нуурын голд мөн алтан Бурхан багшийн сэрэг дүрийг залжээ.
Ширүүн бороо орж байсан ч төвөдийн олон өнгийн залбирлын дарцгаар чимэглэсэн тус сүмд буддын сургаал судалдаг хэдэн зуун хүн хүрэлцэн иржээ. Тэд зүлгэн дээр улбар шар шүхэр дэлгэн борооноос хоргодож байв.
Дээрхийн гэгээн Далай лам улаан, улбар шар орхимжтой, уншлага уншин, урт бүрээ үлээж яваа лам нарын цувааг тэргүүлэн сүмийг тойров. Өвдөг хүрсэн бараан хөх даашинз өмссөн Бруни Саркози Дээрхийн гэгээнийг дагалдан явжээ. Сүмийн үүдэнд хүрэхэд Дээрхийн гэгээн түүнийг угтан хүндэтгэсний бэлгэдэл болгон цагаан хадаг өргөн барив.
Бруни Саркози сүүлийн үед шинэ поп цомгоо сурталчлан, олны танил хүмүүсийн амьдралыг нийтэлдэг гялгар сэтгүүлүүдийн нүүрэнд гарч байсан бол буддын шашны энэхүү сүр жавхлант ёслол түүний дасал болсон орчноос тэс өөр байлаа.
ТӨВӨДИЙН АСУУДАЛ
Дээрхийн гэгээн Далай ламын Франц улсад хийсэн 2 долоо хоногийн айлчлалын гол хэсгийг буддын шашны номын айлдвар, лекц эзэлсэн юм. Үүний зэрэгцээ тэрбээр Хятад улсаас Төвөдөд явуулж буй бодлогын талаар санаа зовниж буйгаа хэлж, шүүмжлэлээ ч илэрхийлжээ.
Хятад улс дэлхийн томоохон гүрэн болон гарч ирснээ олон улсад харуулахыг зорьсон 43 тэрбум ам.долларын буюу 23 тэрбум фунт стерлингийн өртөгтэй олимпын наадам зохион байгуулж буй энэ үед Дээрхийн гэгээний дээрх байр суурь улс төрийн хувьд эмзэг сэдэв болж байлаа.
Хятад улс Төвөдийг өөрийн нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг хэмээн үздэг. 3 дугаар сард Төвөдөд болсон эсэргүүцлийн жагсаалыг хятадын хүчнийхэн дарсны дараа төвөдийн асуудал дахин олон улсын анхаарлын төвд оржээ.
Хятадын эрх баригчид Төвөдөд авсан арга хэмжээнийхээ улмаас өргөн шүүмжлэлд өртөж, Дээрхийн гэгээн Далай ламтай яриа хэлэлцээр хийх шахалттай тулгарсан байна. Үүнээс хойш Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээний элч төлөөлөгчидтэй хоёр удаа яриа хэлэлцээр хийсэн ч төдийлөн ахиц гараагүй хэмээн Дээрхийн гэгээн мэдэгджээ. Энэ үйл явдалтай холбогдуулан Саркозигийн баримталсан байр суурь төвөдийг дэмжигчдийн шүүмжлэлийг дагуулж, харилцаатай Бээжинтэй ч хурцатгажээ. Тэрээр Хятад улс Дээрхийн гэгээн Далай ламтай яриа хэлэлцээ хийсэн тохиолдолд л Олимпын наадмын нээлтийн ёслолд оролцоно гэж мэдэгдсэн юм.
Энэ мэдэгдэл Бээжингийн дургүйцлийг төрүүлжээ. Харин Саркози олимпын наадмын нээлтийн ёслолд оролцоно гэдгээ ёслолоос хэдхэн хоногийн өмнө эцэслэн мэдэгдэхэд төвөдийг дэмжигчид мөн сэтгэл дундуур үлдсэн байна.
Үүний дараахан Франц дахь Хятадын элчин сайд Саркози Дээрхийн гэгээн Далай ламтай уулзвал “ноцтой үр дагавар” гарна хэмээн анхааруулжээ. Харин Саркози өөрийн ажлын хөтөлбөрийг Хятад улс тогтоох учиргүй хэмээн эрс хариулсан байна.
Эцэст нь Саркози Дээрхийн гэгээн Далай ламтай уулзахаас татгалзжээ. Үүнд төвөдийг дэмжигчид дахин сэтгэл дундуур болж, түүнийг хятадын дарамтад буулт хийсэн хэмээн шүүмжилсэн байна.
Бруни Саркози Лераб Линд хүрэлцэн ирсэн нь хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татсан ч Франц улсын Засгийн газарт албан ёсны үүрэг хүлээдэггүй тул энэ маргааныг бүрэн намжаахад төдийлөн нөлөөлөхгүй бололтой.
Хянан тохиолдуулсан: Мариам Каруни










