
Франц улс, Парис хот. 2008 оны 8 дугаар сарын 12. Дээрхийн гэгээн Далай лам Парис хотын захад орших буддын шашны хүрээлэнд морилж, адис хайрласнаар Францад хийх 12 хоногийн айлчлалаа эхлүүлэв. Далай лам олимпын наадмын үеэр Францад байх ажээ.
Дээрхийн гэгээн ерөнхийлөгч Николя Саркозитай уулзах төлөвлөгөө хэрэгжихгүй болсон ч Францын парламентын гишүүдтэй уулзах аж.
Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээн Далай ламыг төвөдөд үймээн самуун өдөөсөн хэмээн буруутгаж, ерөнхийлөгч Саркози Дээрхийн гэгээнтэй уулзвал “ноцтой үр дагавар” гарна хэмээн анхааруулжээ.
“Франс Пресс” агентлагийн мэдээлснээр, Дээрхийн гэгээний айлчлалын багийнхан Төвөд, Хятадын талын яриа хэлэлцээрт сөргөөр нөлөөлөхөөс зайлсхийхийн тулд Саркозитай уулзах төлөвлөгөөг хойш тавьсан гэжээ.
Францын ерөнхийлөгч олимпын наадмын нээлтийн ёслолд оролцохоос татгалзаж магадгүй хэмээн мэдэгдэж байв. Мөн Олимпын бамбар Парис хотоор аялах үеэр төвөдийг дэмжсэн цуврал жагсаал өрнөсөн нь Франц, Хятадын харилцаанд сэв суулгажээ. Тэрээр одоо хоёр орны харилцааг сэргээхийг зорьж байна.
Хятадын эрх баригчид Дээрхийн гэгээн Далай ламыг төвөдөд үймээн самуун өдөөсөн хэмээн буруутгасаар байгаа юм. Харин 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн Дээрхийн гэгээн өнгөрсөн долоо хоногт олимпын наадам эхлэхийн өмнө хятадын ард түмэнд сайн сайхныг хүсэн мэндчилгээ илгээжээ.
Дээрхийн гэгээн олимпын наадмыг дэмжиж буйгаа дахин илэрхийлэв. Парисын өмнөд хэсгийн Венё ле Саблон дахь Ига Чөзин сүмээс морилон гарахдаа тэрбээр, “Олимпын наадмыг Хятад улсад зохион байгуулж байгааг би бүрэн дэмжиж байна. БНХАУ уг наадмыг зохион байгуулах нь зүй ёсны хэрэг” хэмээн айлджээ.
Дараа нь Дээрхийн гэгээн Парисын Эври хотод баригдаж буй Вьетнамын буддын шашны томоохон сүмд ном айлдав. Тэрбээр энэ үеэр Төвөдийн талаар огт дурдаагүй юм.
1959 онд Хятадын цэргийн эсрэг бослого өрнөх үеэр Энэтхэгт дүрвэн гарсан Дээрхийн гэгээн Далай лам эх орон Төвөдөд тусгаар тогтнол бус, зөвхөн тодорхой хэмжээний өөртөө засах эрх хүсэж байгаагаа мэдэгдэж ирсэн. Харин Хятад улс түүнийг Төвөдийг тусгаар тогтнуулахыг зорьдог хэмээн буруутгадаг билээ.










