Зураг. Дээрхийн гэгээн Далай ламын айлдварыг сонсохоор Хамбургийн цэнгэлдэх хүрээлэнд 45 орчим мянган хүн цуглажээ.
Герман улс, Хамбург хот. 2007 оны 7 дугаар сарын 28. Далай лам энэ Баасан гарагт Хамбург хотод хийсэн 10 хоногийн айлчлалаа өндөрлөхдөө энэрэн нигүүлсэхүйг машид эрхэмлэхийг уриалж, Төвөд дэх Хятадын аюулгүй байдлын албаныхны үйлдлийг шүүмжилжээ.
Далай лам Герман улсын Хамбург хотын цэнгэлдэх хүрээлэнд цугласан олонд хандан “Бид бусдыг аз жаргалтай болгохыг хичээх тусам өөрсдөө илүү жаргалтай болно” хэмээн айлджээ. Хамбург хотноо морилон саатсанаас хойш Төвөдийн оюун санааны удирдагчийн айлдварыг ойролцоогоор 45 мянган хүн сонссон гэж мэдээлж байна.
Нобелийн Энх тайвны шагналт Далай лам Бямба гарагт Герман улсын Фрайбург хот руу нисэж, Ням гарагт Энэтхэг улсын Дарамсала хотыг зорих юм.
Дээрхийн гэгээн Далай лам Төвөд дэх Хятадын үйлдлийг шүүмжилжээ. Үүнээс өмнө Далай лам Германы Dpa агентлагт өгсөн ярилцлагадаа хятадын хүчнийхэн Төвөдөд хүний эрхийг ноцтой зөрчсөөр байгааг хэлж, хилийн бүсэд хятадын харуулуудтай холбоотой зөрчил маргаан удаа дараа гарч буйг дурджээ. “Оргохыг оролдсон олон хүнийг бууджээ. Хятадын зүгээс төвөдийн соёлд сөргөөр нөлөөлж, түүнийг алдагдуулж байна” хэмээсэн юм.
Дээрхийн гэгээний нэр хүнд барууны орнуудад өндөр байгаа нь Хятадын Засгийн газарт дарамт болж байгаа эсэхийг асуухад тэрбээр “Миний гол сэдэл бол Төвөдийн асуудал биш. Миний санаа тавьж буй зүйл бол хүмүүнлэг үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх явдал юм. Хятад хүмүүс төвөдийн буддизмыг улам ихээр сонирхох болжээ. Энэ нь тэдний Төвөдийн талаарх хандлагыг илүү эерэг болгож байна” хэмээжээ.
Хятад улс 1950 оноос хойш Төвөдийг хяналтдаа байлгаж ирсэн.
Далай лам айлдварууддаа аж үйлдвэржсэн орнуудыг хөгжиж буй дэлхийн өмнө илүү их хариуцлага хүлээхийг уриалжээ. Тэрээр мөн эрхтэн хандивлахыг дэмжиж байр сууриа илэрхийлсэн байна. Буддын шашны гэлэнмаа нарын олон улсын бага хурлын үеэр тэрээр төвөдийн буддизмд гэлэнмаа болоод лам нарт тэгш эрх олгохыг уриалсан юм.










