АНУ, Массачусетс муж, Кембриж хот. 2009 оны 5 дугаар сарын 2. Дээрхийн гэгээн Далай лам Харвардын Анагаах ухааны сургууль, Кембрижийн Эрүүл мэндийн холбооноос зохион байгуулсан бага хурлын хэд хэдэн хэлэлцүүлэгт оролцлоо.
Өглөөний хуралдаан “Энэрэнгүй сэтгэлд хүрэх замууд” сэдвээр өрнөсөн бөгөөд Дээрхийн гэгээнтэй хамт Висконсины Их Сургуулийн сэтгэл судлалын профессор, доктор Ричард Дэвидсон, Харвардын Анагаах ухааны сургуулийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн доктор Кристофер К.Гермер, сэтгэл судлалын туслах профессор, доктор Жудит В.Жордан, Бригам ба Эмэгтэйчүүдийн эмнэлгийн ахлах сэтгэцийн эмч, доктор Жорж Э.Вайлант тэргүүт судлаачид оролцжээ.
Хэлэлцүүлэгт оролцогчдоос асуулт асуухад Дээрхийн гэгээн энэрэнгүй сэтгэл нь хүний сэтгэл санаа, хандлагад хэрхэн нөлөөлдөг талаар ярьж, бурхны шашны уламжлалд хуримтлагдсан туршлагаас хуваалцав.
Өглөөний хоёр дахь хуралдаанд сэтгэл зүйн гэмтэл, цочрол амссан хүмүүстэй ажиллаж байсан туршлагатай 4 хүн туршлагаасаа хуваалцан, зарим асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.
Үдээс хойших хуралдаанд Дээрхийн гэгээн мэргэн ухааны тухай хэлэлцүүлэгт оролцов.
Хурлын дараа Дээрхийн гэгээн хэсэг хүмүүстэй уулзсан бөгөөд тэдний ихэнх нь хятад оюутнууд байлаа. Уулзалтын эхэнд тэрбээр төвөдийн ард түмнийг хятадын олон нийттэй харилцаа холбоо тогтоож, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийг уриалж ирсэн санаачилгынхаа түүхийг танилцуулав. Мөн Төвөд дэх нөхцөл байдал болоод хятадын удирдлагатай явуулж буй яриа хэлэлцээний үйл явц ямар шатанд байгааг тайлбарлажээ. Тэрбээр “Хэрэв Төвөдөд нөхцөл байдал сайн байгаа, эсвэл төвөдийн асуудлыг цөөн хэдэн хүн үүсгэж байгаа юм бол Хятадын Засгийн газар жуулчид, сэтгүүлчдийг ямар ч саад тотгоргүйгээр Төвөдөд зорчихыг зөвшөөрөхгүй байх шалтгаан юу сан билээ?” хэмээн асуусан юм. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийг Төвөдөд очиж, нөхцөл байдлыг өөрсдийн нүдээр үзэхийг уриалсан гэдгээ дурджээ. “Хэрэв бидний байр суурь буруу болох нь нотлогдвол бид уучлал хүснэ” хэмээн хэлсэн байна.
Дээрхийн гэгээн өнөөдөр Хятад улс их гүрэн болохыг эрмэлзэж байгааг дурдаад, Хятадыг ийм улс болоосой хэмээн өөрөө залбирдаг гэдгээ ч хэлсэн юм. “Их гүрэн болохыг хүсэж буй улс оронд хүн амын тоо, цэргийн хүчин чадал, эдийн засгийн чадавх шаардлагатай бөгөөд Хятад улс эдгээрийг бүгдийг нь эзэмшиж байна. Гэвч үүнээс гадна бас нэг чухал нөхцөл бол ёс суртахууны эрх мэдэл бөгөөд Хятад улсад энэ нь дутагдаж байна. БНХАУ-ын дарга Ху Жиньтаогийн дэвшүүлсэн “Эв найрамдалт нийгэм” байгуулах, ийм нийгмийг бий болгоход харилцан итгэлцэл зайлшгүй чухал. Харин Хятадын өнөөгийн бодлого нь эв найрамдалтай нийгэм байгуулах зорилгодоо хүрэхэд саад болж, эсрэг үр дүнд хүргэж байна” хэмээн айлдлаа.
Үүний дараа тэрбээр уулзалтад оролцогчдын хэд хэдэн асуултад хариулсан бөгөөд тэдгээрийн олонх нь төвөдийн ард түмэнд жинхэнэ өөртөө засах эрх олгох тухай санамж бичигтэй холбоотой байв.










