АНУ, Массачусетс муж, Кембриж хот. 2009 оны 4 дүгээр сарын 30. Өөрийгөө “эгэл нэгэн буддын лам” хэмээн тодорхойлдог Дээрхийн гэгээн Далай ламын хүргэсэн илгээлт энгийн атлаа гүн утгатай, энэрэл нигүүлсэл бүхнээс эрхэм хэмээсэн санаатай байв.
Дээрхийн гэгээн Далай лам Харвардын Их Сургуулийн Дурсгалын сүмд цугласан олонд айлдвар айлджээ. Тэрбээр эелдэг, эгэл даруу байдлаараа амьдралын хамгийн чухал зүйлсийн талаар сонсогчдод зөвлөсөн бөгөөд илтгэлээ “Зүрх сэтгэлийг боловсролоор төлөвшүүлэх нь” хэмээн нэрийдсэн аж. Уг арга хэмжээг Харвардын Их Сургуулийн Боловсролын сургууль (HGSE), Шашин судлалын сургууль (HDS) хамтран зохион байгуулжээ.
Төвөдийн ард түмний оюун санааны удирдагч, Далай ламын XIV дүр Данзанжамц бээр 1959 онд хятадын эрх баригчид төвөдийн бослогыг дарсны дараа эх орноосоо дүрвэн амьдрах болсон юм. Тэрбээр төвөдийн ард түмэн өөртөө засах эрх олохын төлөөх хүчин чармайлт, энх тайван, хүлцэн тэвчих үзлийг дэмжсэн үйлсийнхээ төлөө 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.
Харвардын Боловсролын сургуулийн декан, бага насны хүүхдийн хөгжлийн профессор Кэтлин Маккартни, Харвардын Шашин судлалын сургуулийн декан, шашин судлалын профессор Уильям А.Грэм нар түүнийг танилцуулсны дараа өдгөө 73 насыг зооглон буй Далай лам гутлаа тайлж, завилан, илтгэлээ эхлэхийн өмнө ийнхүү тухлан суулаа.
Дээрхийн гэгээн Далай лам шашин болоод боловсролын талаарх үзэл бодлоо хуваалцан, энэрэл нигүүлслийг төлөвшүүлэхэд энэ хоёрын аль аль нь чухал үүрэгтэйг онцолсон байна. “Өөр өөр шашин, уламжлалтай хүмүүсийн харилцан ойлголцол, хүндэтгэлийг нэмэгдүүлэхийн тулд шашнуудыг харьцуулан судлах нь нэн чухал юм. Мөн хайр, энэрэл нигүүлсэл, хүлцэн тэвчих үзэл тэргүүт үнэт зүйл шашин бүрийн үндэс суурь болдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй. Бүх шашны уламжлал эдгээр үнэт зүйлийг чухалчилдаг. Зарим хүн хэт даврагч бүлэглэлүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалан исламын шашныг бусад шашнаас илүү хэт түрэмгий гэж үздэг. Гэвч исламын шашны үндэс сууринд хайр энэрлээр дүүрэн Бурхан оршдог юм. “Аллахыг магтан алдаршуулах” гэдэг нь хязгааргүй хайр, энэрэл нигүүлслийг илэрхийлдэг билээ.
Боловсрол нь хүний оюун санааг гэгээрүүлэхэд машид чухал үүрэгтэй. Гэхдээ оюун ухаан, боловсрол арвин атлаа энэрэлгүй сэтгэлтэй хүн өрсөлдөөн, уур хилэн, атаа жөтөөний нөлөөнд автаж болзошгүй юм. Энэрэл нигүүлслийг зүрх сэтгэлд төлөвшүүлж, бусдад хайр, сайхан сэтгэлээр хандаж сургах нь жинхэнэ дотоод амар амгаланд хүргэнэ. Хүмүүсийг нийгмийн сайн гишүүн болгон төлөвшүүлэх боловсрол олгох нь нэн чухал билээ” хэмээн айлджээ.
Харвардын Боловсролын сургуулийн декан Кэтлин Маккартни хувь хүн болоод нийгэм, соёлын түвшинд энх тайвныг хэрхэн эрэлхийлэх талаар асуухад Дээрхийн гэгээн “Хүчирхийлэл үл хэрэглэх нь цорын ганц зөв зам юм. Би хүмүүст үргэлжид бүх төрлийн хүчирхийллээс зайлсхийх ёстой хэмээн хэлдэг” хэмээн хариулжээ.










